Төсвийн ирээдүйн жаахан гэгээ нь алт | News.MN

Төсвийн ирээдүйн жаахан гэгээ нь алт

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Төсвийн ирээдүйн жаахан гэгээ нь алт

Ирэх оны нэгдсэн төсвийг батлаад удаагүй байгаа энэ өдрүүдэд хэрээс хэтэрсэн зарлага, алдагдлыг тойрсон шүүмжлэл тасрахгүй байна. Улс төрийн намуудын хариуцлагагүй амлалт төсвийн алдагдлын гол шалтгаан болж, үүнээс үүдэн иргэдийн худалдан авах чадвар 20 хүртэл хувиар доройтох эрсдэл ойрхон байгаа учраас ингэхээс ч аргагүй. Гэхдээ УИХ төсвийг хэт богино хугацаанд хэлтэй амтай баталсан ч орлогын төсөөллүүдэд бага ч гэсэн оновчтой тусгал байгааг үгүйсгэж болохгүй. Тухайлбал, зарим зардлыг ашиглаж эхлээгүй ордоос ахиухан мөнгө олж санхүүжүүлнэ гэсэн мөрөөдлөө сүүлчийн буцаалтаар өөрчилж чадсан. Өөрөөр хэлбэл, “Уул уурхайгаас боломжийн мөнгө орж ирнэ” гэсэн хийсвэр ойлголтоо тодорхой ашигт малтмалын үнэ урт хугацаанд ямар байхыг тооцож, дэлхийн зах зээлийн хандлагад түшиглэсэн хувилбар болгон өөрчилсөн билээ. Ирэх оны төсвийн орлогод зэс, нүүрсний үнэ чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тооцсон. Эдгээр ашигт малтмалын үнийн ирээдүй ирэх жилүүдэд таатай байх төлөвтэй байгаа. Энэ нь төсвөө батлах гэж үйлээ үзсэн гишүүдийг бага ч атугай тайвшруулсан байх.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд “Тухайн жилийн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа эрдэс баялгийг гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлогод хамааруулж тооцно” гэсэн заалт бий. Энэ шаардлагыг зэс, нүүрс хоёр хангаж байгаа юм. Тийм учраас ирэх онд зэс, нүүрснээс 583.8 тэрбум төгрөгийн орлого олно гэж тооцсон. Жилийн дараа орж ирэх орлогыг ийнхүү урьдчилан тооцохдоо Олон улсын валютын сангийн сүүлийн 12 жилийн дундаж, “Bloomberg” агентлагийн 2010-2013 оны зэс, нүүрсний үнийн төсөөллийн дунджаар боддог. Ийм аргачлалаар тооцож байх талаар дээрх хуульд ч тусгасан байгаа. Зэс, нүүрс хоёр ирэх оны төсөвт ийм үүрэг гүйцэтгэнэ. Харин алтны хувьд төсвийн орлогын гурван хувьтай дүйцэх шаардлагыг хангахгүй байгаа ч ханшийн хэлбэлзлийн хувьд хамгийн найдвартайд тооцогдож байна. Сүүлийн хэдэн сарын турш тасралтгүй өсч байсан алтны үнэ өнгөрсөн долоо хоногийн эхээр түр зуурын зогсолт хийсэн. Тухайн үед дэлхийн зах зээл дээр унци алтны үнэ 1400 ам.долларт хүрч байснаа 50 орчим ам.доллараар буурсан юм. Харин энэ долоо хоногоос эхлээд дахин 1400 руу мацаж эхэллээ. Өчигдрийн байдлаар л гэхэд 1369.1 болж, өмнөх өдрийнхөөс 0.12 хувиар нэмэгдсэнийг Bloomberg мэдээлж байна. Олон улсын санхүүгийн шинчээчид ч алтны ирээдүй цаашид гэрэлтэй байна гэдэгт итгэлтэй байгаа аж.

Улсын төсвийн анх өргөн барьсан хувилбараар ирэх онд алтны үнийг 1250 ам.доллар байхаар тооцож байсан юм. Харин УИХ төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ 1350 болгож 100 ам.доллараар нэмэгдүүлсэн. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 38 тэрбумаар нэмэгдэх боломжтой болж байгаа юм. Хэрэв цаг үеийн ийм аз тохиогоогүй бол төсвийн алдагдал 9.9 хувь дээр тогтохгүй аль хэдийнэ хоёр оронтой тоонд хүрэх байсан нь яалт ч үгүй үнэн билээ. УИХ урьд өмнө байгаагүй нүсэр зардалтай төсөв баталж, өдөр бүр шүүмжлэлийн бай болж байгаа ч алтны үнийн өсөлтийг амжиж олж харсан нь бүрхэг төсөвт өчүүхэн ч гэсэн гэрэл гэгээ татуулж байна.   

Шинэтгэлийн хорооны инфляцийн талаарх төсөөлөл биеллээ олох уу

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооныхон эдийн засагт сэргэх ханд­лага ажиглагдаж эхэллээ хэ­мээх таатай мэдээллийг өнгөрсөн до­лоо хоногт дуулгасан. Тус хороо бай­гуулагдаад өдгөө нэг жил хагасын нүүр үзэж байгаа. ҮХШХ-ны нэг үүрэгт ажил нь  Монгол Улсын мак­ро эдийн засгийн төлөв байдал, цааш­дын чиг хандлагыг хэрхэн төсөөлж байгаагаа танилцуулах явдал. Ийн та­нилцуулж байгаагийн гол зо­рил­го нь Засгийн газарт нөхцөл бай­дал ямар байгааг уламжлах, ул­маар цаашид хэрэгжүүлэх арга хэм­жээнд нь нөлөөлөх явдал хэмээн тайлбарладаг юм билээ. Бас энэхүү үүр­гээ сайн биелүүлж байгаа гэж үз­дэгээ ч хэлдэг. Гэсэн ч тэд УИХ, Зас­гийн газрын гишүүд  2011 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэх явцад өөрсдийн зүгээс нөлөөлөх алхмыг хийсэнгүй. Харин ч 2011 оны төсвийн төсөлд дүгнэлт хийсний үндсэн дээр эдийн засагт бодит өсөлт гарна, инфляци нэг оронтой тоонд байна гэж төсөөлснөө хэлж, олон хүний яаран баталсан, алдаатай хэмээн үзэж байгаа хуулийн төслийг сайшаав. УИХ-ын өнгөрсөн долоо хоногт хуульчлан баталсан 2011 оны төсвийн төслийг Монголбанк, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг холбогдох байгууллагууд алдаатай хэмээн шүүмжилж байгаа бөгөөд ирэх онд инфляци өснө гэдгийг хэлж байгаа юм.

Ирэх жилээс эхлэн эдийн засгийн бодит өсөлтүүд амьдрал дээр мэдрэгдэж эхлэх гэнэ. Тодруулбал, ирэх онд аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл нэмэгдсэнээр эдийн засгийн бодит өсөлт 8.2 хувьд хүрэх аж. Улмаар 2012 он гэхэд энэхүү үзүүлэлт эрс өсч 20.8 хувьд хүрнэ гэдгийг ҮХШХ-ныхон анх байгуулагдсан цагаасаа л хэлж байгаа юм. Бас инфляци 2011-2013 онд 8.7-оос 9.7 хувийн хооронд байна гэсэн таатай мэдээллийг дуулгасан. Одоогийн байдлаар манай улсад инфляци 11.3 хувьд хүрээд байна. Тус хорооноос өнгөрсөн жил буюу 2009 онд энэ жилийн эдийн засгийн чиг хандлагыг хэрхэн төсөөлж байгаагаа мэдээлж байсан. Тэр үедээ “Ирэх онд инфляци нэг оронтой тоонд байна” гэж таамаглаж байсан байна. Гэтэл тэдний төсөөлөл биеллээ олсонгүй. Улмаар энэ нь бодит үр дүн гараагүй байхад урьдчилан таамаглаж болдоггүй гэдгийг харууллаа. Мөн  тэр үед “Инфляцийг зохистой түвшинд барих нь чухал. Зах зээл рүү бэлэн мөнгө тараах нь буруу. Банкинд данс нээж өгөх, банкны карт эзэмшүүлэх зэрэг хэлбэрээр өгөх хэрэгтэй. Эс тэгвэл инфляци өснө” хэмээн бэлэн мөнгө тараахын эсрэг байр суурьтай байдгаа хэлж байжээ. Гэтэл ирэх онд Засгийн газраас иргэн бүртээ 21 мянган төгрөгийг бэлнээр тараах шийдвэрийг гаргачихсан. Хэдийгээр уг мөнгөө нийлүүлээд бизнес эрхэлж болохыг хуульчилсан ч Монгол Улсын хүн амын ихэнх нь бэлэн мөнгөө авах магадлал өндөр юм. Тэгэхээр ирэх онд инфляцийн түвшин тэдний төсөөлж байгаагаас эсрэгээр эргэх магадлалтай. Тус хорооны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Г.Батхүрэл “Энэ жилийн хувьд зуд болж махны үнэ нэмэгдсэн нь инфляцийг 11.3 хувьд хүргэлээ. Ирэх онд төсөөлж байгаа тоон үзүүлэлтүүд биелэх магадлал өндөр байгаа. Гэхдээ зарим хүчин зүйлээс болж инфляци нэмэгдэх эрсдэл бий” гэв. Тус хорооныхноос та бүхний өнгөрсөн онд төсөөлж байсан үзүүлэлтүүд энэ онд биеллээ олж байна уу хэмээн асуухад “Он дуусах хараахан болоогүй байна. Тиймээс одоохондоо тодорхой хариулт өгөх боломжгүй.” хэмээлээ.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-12-01 182.160.6.66

ХОТЫН ТӨВД БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД ТАЛД ШИНЭЭР БАРИГДСАН 79 М2 2 ӨРӨӨ БАЙРЫГ СОНИРХСОН ХҮМҮҮСТ ХАС БАНКНЫ 80 ХУВИЙН ЗЭЭЛД ХАМРУУЛЖ ХЯМД ЗАРНА

ХАРИЛЦАХ УТАС 99189208

Avatar

www.terguun.net 2010-12-01 202.131.227.186

aguu s**

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж