-Ирэх оны төсвийн алдагдал инфляцид нөлөөлөх нь гарцаагүй юу?
-Гарцаагүй. Монголбанк мөнгөний бодлогодоо түлхүү анхаараад төсвөөс шалтгаалах хүчин зүйлд санаа тавихгүй байна. Юун түрүүнд төсвийн зардлыг хянах байдлаар ажиллах ёстой байсан юм. Ирэх оны төсвийн хэмжээг харж байхад урьд оны төсвөөс хэмжээний хувьд хамаагүй давсан. Тиймээс тэр хэмжээгээрээ хүндрэл дагуулж болзошгүй байна. Яагаад гэвэл урьд нь гаргаж байсан алдаагаа давтаж байна шүү дээ. Төсвөө ийм байдлаар батлах юм бол инфляци өсөх нь гарцаагүй гэдгийг бидний зүгээс саяхныг хүртэл анхааруулж байсан. Инфляци өснө гэдэг чинь иргэдийн худалдан авах чадвар буурна гэсэн үг. Иргэд ядуу байвал авлига, хүнд суртал гаардаг. Тиймээс инфляцийн өсөлтийг дагаад авилгатай тэмцэхэд хүндрэл учрах эрсдэл байна.
-ОУВС төсвийн алдагдлыг ДНБ-ий таван хувиас хэтрүүлэхгүй байх шаардлага тавьдаг. Одоо нэгэнт хоёр дахин хэтэрсэн учраас танай сан манай улсад олгох зээл, тусламжийн бодлогодоо өөрчлөлт оруулах уу?
-Ийм эрсдэлтэй төсөв баталснаас болж бизнес эрхлэгчид Засгийн газар зөв бодлого явуулж байгаа эсэхэд эргэлзэж, бизнесийн орчны тогтвортой байдал алдагдахад хүрнэ. Ингэснээр гадны хөрөнгө оруулалт багасах өндөр магадлалтай. Донор байгууллагуудын итгэлийг эвдэж байгаа хэрэг л дээ. ОУВС-ийн хувьд Монгол Улсад олгох зээл тусламжийн бодлогодоо ямар нэгэн өөрчлөлт оруулах талаар одоохондоо шийдвэр гаргаагүй байна. Байдлыг харна. Гэхдээ макро эдийн засгийг хөгжүүлж, цаашид тогтвортой байлгах эсэх нь донор байгууллагуудаас бус, Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогоос шууд хамаарна.
Ч.ДАШДЭЛЭГ
"Улс төрийн тойм" сонин