
Улмаар Төрийн банк гэгчийг 150 орчим тэрбум төгрөгийн активтай, 60 гаруй тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэйгээр байгуулсан байдаг. Тухайн үед банкных нь үйл ажиллагааны талаар “Зоос” банкны удирдлагуудаас тодруулахад “Манай банк чанаргүй зээлээ л олоод авчихвал дампуураад байх юм байхгүй” гэдэг тайлбарыг өгч байсан. Гэвч Монголбанк энэ үед “Анод”-ыг хатгасан шигээ хатуу чанад загнахаас зайлсхийж, “Зоос”-ын зогсолтгүй эргэлдэх хүчийг Төрийн банк руу шилжүүлсэн юм. Ийн өгөөмөр аашлах болсон шалтгаан нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны удирдлагуудын тулган шаардалтаас үүдэлтэй гэдэг нь нууц биш. Монголын арилжааны банкны салбарт хөрөнгө оруулалт хийж, улмаар стратегийн ач холбогдол бүхий томоохон орд газрын бүтээн байгуулалтад хөнгөлттэй зээл олгоно гэдэг таатай амлалтыг өгсөн тус банкныхны хувьд “Зоос”-ыг Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахтай зэрэгцэн өөрсдийн хувь эзэмшилтэй болсон. Иймд “Зоос”-ыг “Анод”-ын адил нөхцөл байдал руу түлхвэл зөвхөн Европын сэргээн босголт хөгжлийн банк ч бус тус банкаар манай руу орж ирэх мөнгөний нийлүүлэлт саармагжих аюултай гэдэг дүгнэлтийг Монголбанкны удирдлага болон Засгийн газрын гишүүд хийснээр асуудлыг Төрийн банкийг байгуулах хувилбараар сонгосон. Энэ бол хөрөнгө оруулагчид ямар их хүчтэй байдгийн баталгаа. Гэтэл өнөөдөр тухайн үед хамтдаа удирдлагын суудалд сууж байсан Монгол талын захирлууд гэм буруугаа шалгуулж суугаа болохоос бус тэр үед хамтдаа удирдаж байсан дээрх банкны төлөөлөл Төрийн банкны том ивээлд сэтгэл амар суугаа нь нууц биш.
Улмаар Засгийн газрын төсвөөс бонд гаргуулж, улсын төсвийг алдагдалд хүргэх нэг хөшүүргийг ч тэд хийж чадсан. Мэдээж арилжааны банкны салбарын эдийн засгийн чадавхийг дээшлүүлж, мөнгөний урсгалыг зөв голдиролд нь оруулахад дээрх Төрийн банкны хувилбар илүү оновчтой байсан байж болох. Гагцхүү энэ бүхний цаана өнөөдөр Төрийн банк үнэхээр найдвартай ажиллаж чадаж байгаа нь бас л эргэлзээтэй болоод байгаа. Арай хийж тогтоон барьсан банкаа өнөөдөр дахин хувьчлах тухай яриа гарах болсон. Үнэндээ дахиад хувьчилсан ч, дахиад хямарсан ч энэ дунд алдагдал хүлээхгүй цорын ганц субьект нь Европын сэргээн босголт хөгжлийн банк байх нь тодорхой байгаа. Энэ бол “Зоос”-ын эргэлдэх хөдөлгөөн тасарсан ч, зогсоож дийлэхгүй эрх ашиг тэр бүхний цаана бий гэдгийн баталгаа. Монголын Засгийн газрын өмнөө дэлгэж тавьчихаад, аль болох хурдан эхлүүлэх сонирхолтой байгаа бүтээн байгуулалтад тус банкны дэм хэрэгтэйгээс хэрэгтэй учраас тэр.
Ингэж нэг хохирол, нэг хожлоор үргэлжилсэн “Зоос ажиллагаа”-ны дүнд өдгөө ч асуудал үүссээр л. Өөрийн үндсэн хөрөнгийнхөө 20-иос дээш хувийг хэтрүүлэн зээл олгон болохгүй гэсэн арилжааны банкны дүрмийг тэд зөрчсөн. Мөн “Монгол газар” компанитай хамтарч ажилласан туршлага нь тэднийг дампууралд хүргэсэн нь өдгөө сонирхолтой шинэ сэдэв биш болтлоо ужгирч буй. Улмаар тус компанийн үйл ажиллагааг эрчимжүүлж, өгсөн зээлээ эргүүлж авахын тулд бусад арилжааны банкууддаа зуулчлалын үүрэг гүйцэтгэсэн нь тэдний алдангийг нэмэгдүүлсэн бодит жишээ бий. Нэг ёсны “Монгол газар”-т санхүүжилт олгохын тулд бусад банкуудаа уриалж, өөрсдөө толгой банкны үүрэг гүйцэтгэн зээл олгох гарцыг нээснээрээ “Зоос” алдагдлыг нь төлөх үүрэг хүлээсэн байдаг. Энэ бол “Зоос”-ыг Төрийн банк болгох зайлшгүй нэг шалтгаан ч байсан байж болох. Бүгд л “Монгол газар” гэгч том зээлдэгчид тухайн үед итгэсэн ч гол хариуцагч нь болох “Зоос”-ыг хамтдаа түлхэхээс өөр гарц байгаагүй тэр л нөхцөл байдлын гаргалгаа.
Магадгүй энэ бүхнийг тухайн үеийн хамгийн сайн асуудлыг шийдсэн хувилбар гэж хэлэх хүн хангалттай олон гарч болох. Ерөнхийдөө бол “Зоос”-ыг Төрийн банк болгосон хувилбарыг дэмжигчид Монголын төрөөр хангалттай олон байгаа. Өөр хувилбар байгаагүй гээд л…
Тэгвэл өнөөдрийн нөхцөлд зээлдэгчид нь бус хөрөнгө оруулагчид нь, хувь эзэмшигчид нь хохирогчийн ширээнээ суухад бэлэн болчихсон гэх мэдээлэл ч хэвлэлээр гарах болж. “Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийгаас тодорхой асуудлаар гадуур байцаалт авч, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаярыг хорьсон. Өдгөө тэрбээр батлан даалтаар гарсан байгаа. Мөн Сангийн яамны Төрийн сангийн газрын даргаас ч эл асуудалтай холбоотойгоор байцаалт авч эхэлсэн.
Гэтэл “Зоос”-оос авсан зээлээ найдваргүй зээл рүү түлхсэн 40 орчим томоохон зээлдэгчид нь бизнесээ хэвийн үргэлжлүүлж буй. Гайхалтай гэмээр тэдний бизнесийн ухааныг буруушаах, бас баривчилж хорих эрх Монголын хууль, шүүхийнхэнд байхгүй. Учир нь банкны салбарт зээлдэгч нь бус зээлдүүлэгч нь үүрэг хариуцлагаа хүлээх ёстой гэсэн заалт байдаг. Энэ нь нэг талаасаа ч зөв ч нөгөө талаасаа зээлсэн шигээ эргэн төлж чадаагүй зээлдэгчтэй ч бас ярьсан шиг ярьдаг байх зарчим энэ салбарт дутагдаад байх шиг. Ц.Мянганбаяр, С.В.Паушок…тэргүүтэй том зээлэгдэгчийн сонирхол ч дээр дурдсан “Зоос”-ыг Төрийн банк болгож хувиргасан нэг хүчин зүйлд түлхээс өгсөн ч байж болох юм. Тэдний ард бизнес эрхлэгчдээс санхүүжилт нэхдэг улстөрчид бий гэдэг утгаар нь харвал шүү дээ. Ийн арван насандаа нэрээ өмчлөлтэй нь өөрчилсөн “Зоос” банкны түүх цаашид ил бус харин далдаар үргэлжлэх нь тодорхой. Гэхдээ “Зоос ажиллагаа” эцсийн бүлэгт хэзээ ч эзэн холбогдогч нь тодрохгүй нууцлалын зэрэгтэй, нуугддаггүй юм гэхэд гэм буруутан нь олдохгүй онцгой нэгэн дампуурлын жишээ болон үлдэх биз ээ.
Г.ОТГОНЖАРГАЛ

"Улс төрийн тойм" сонин