төсвийн багцийг танилцуулж байна. Ерөнхийлөгчийн төсвийн багц өмнөх
оныхоос 500 гаруй сая төгрөгөөр нэмэгджээ. Мөн УИХ-ын дарга энэ оныхоос
740 шахам сая төгрөгөөр илүү мөнгө зарцуулдаг мэдэлтэй байх нь. Харин
Монгол Улсын Ерөнхий сайд 2010 оны тодотгосон төсвөөс 1.7 тэрбум
төгрөгөөр бага мөнгийг захиран зарцуулах эрхтэй болжээ.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАДААД АЙЛЧЛАЛД 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын төсвийн багц ирэх онд
гурван тэрбум 860 сая төгрөг байх нь. Үүнээс Ерөнхийлөгч хоёр тэрбум 172
сая төгрөгийг нь захиран зарцуулна. Тухайлбал, ирэх онд Ерөнхийлөгчийн
гадаад айлчлалд зориулж 1.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн гадаадаас
ирэх зочдод 130.5 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Үүнээс
гадна ирэх онд төрийн одон медаль хийлгэх зардалд 236.1 сая төгрөг
зарцуулах аж.
Ерөнхийлөгчийн Тамгын газар ирэх онд 814 сая төгрөг зарцуулах эрхтэй
байна. Энэ жил Ерөнхийлөгчийн Тамгын газрын хөрөнгө оруулалт, их
засварт 182 сая төгрөг зориулсан билээ. Харин ирэх жил энэ тоо гурав
дахин нэмэгдэж 650 орчим сая төгрөг болжээ. Мөн хөрш орнуудтай хамтран
эдийн засгийг хөгжүүлэх гарц олох, бодлогын чанартай судалгаа
шинжилгээ хийх үүрэгтэй Үндэсний хөгжлийн хүрээлэнд ирэх онд 224 сая
төгрөгийн мэдэл өгчээ. Энэ мөнгийг гадаад, дотоодын хамтын ажиллагаа,
эрдэм шинжилгээний ажилд зориулах аж.
НАМУУДАД 760 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
УИХ-ын дарга парламентын хэвийн үйл ажиллагааг хангаж, гишүүдийн бүрэн
эрхийг хэрэгжүүлэхдээ 12 тэрбум 498 сая төгрөг зарцуулах эрхтэй
болжээ. Энэ нь 2010 оны тодотгосон төсвөөс 160 сая төгрөгөөр илүү мөнгө
аж. УИХ-ын даргын төсвийн багцаас хууль тогтооход 11 тэрбум 443 сая
төгрөг зориулах аж. Харин УИХ-д суудалтай улс төрийн намуудад 760 сая
төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Үүнийгээ Төсвийн тухай хуульд “Дэмжлэг”
гэж нэрлэсэн байна. Мөн олон улсын байгууллагуудад гишүүний татвар,
хандив, хураамж болгож 36 сая төгрөг өгөхөөр төлөвлөжээ.
ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД ЗУРГААН ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Монгол Улсын Ерөнхий сайд энэ онд 35 тэрбум төгрөг зарцуулсан билээ.
Харин ирэх онд дээрх тоо буурч 33 тэрбум 389 сая төгрөг болжээ.
Олборлолт, уул уурхайд зориулах зардал Ерөнхий сайдын төсвийн багцад
өмнөх онуудын багцаас нэмэгдэж оржээ. Тодруулбал, Дэлхийн банкнаас
санхүүжүүлдэг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах төсөл
өнгөрсөн аравдугаар сард хэрэгжиж дууссан. Тиймээс Засгийн газрын 190
дүгээр тогтоолоор Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах
зардлыг ирэх оноос эхлэн Ерөнхий сайдын төсвийн багцаас
санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. Үүнд зориулж 246.7 сая төгрөгийг Ерөнхий
сайдын төсвийн багцад шинээр төсөвлөсөн байна. Мөн харьяа байгууллага
болох Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт энэ оныхоос тав
дахин их буюу гурван тэрбум 419 сая төгрөг зарцуулах нь. Учир нь орон
нутагт олон сувгийн телевизийн нэвтрүүлэг дамжуулах хүчин чадалтай
станц байгуулах зардлыг өмнөх онуудад Сангийн сайдын төсвийн багцад
оруулдаг байсан бол ирэх оноос Ерөнхий сайдын багцад шилжүүлсэн тул
гурван тэрбум гаруй төгрөг нэмж тусгасан. Мөн төрийн өмчийг хувьцаагаар
хувьд шилжүүлэх, дэд бүтэц, эрчим хүчний салбарт өөрчлөлт хийхэд 963
сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.
Ерөнхий сайдын төсвийн багцаас төрийн тусгай хамгаалалтад зургаан
тэрбум, үндэсний аюулгүй байдлыг хангахад 9.4 тэрбум, хүйсийн тэгш
байдлыг хангахад 46 сая төгрөг зориулах аж. Харин хөдөлмөр эрхлэлтийг
дэмжихэд ирэх жил Ерөнхий сайд нэг ч төгрөг зориулахгүй юм байна. Мөн
энэ онд Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны хөрөнгө оруулалтад нэг
тэрбум төгрөг зориулсан бол ирэх жил мөнгө төсөвлөсөнгүй. Гэхдээ тус
байгууллага ирэх онд хоёр тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй байх нь энэ
оныхоос тав дахин илүү санхүүгийн мэдэлтэй байхыг харуулж байна.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
"Улс төрийн тойм" сонин