Г.Өсөхбаяр: А.Сүхбаттайгаа дахин барилдах боломж олдвол надад сайхан л санагдана

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Г.Өсөхбаяр: А.Сүхбаттайгаа дахин барилдах боломж олдвол надад сайхан л санагдана

Монгол Улсын далай аварга Г.Өсөхбаяр ард түмэндээ сар шинийн мэнд уламжилж, “Ардын эрх” сонинд дэлгэрэнгүй ярилцлага өглөө.

-Юуны өмнө сар шинийн босгон дээр таныг “Ардын эрх”, news.mn сайтын уншигчидтай уулзуулах хүсэлтийг маань хүлээж авсанд баярлалаа?

-Баярлалаа. Энэ ярилцлагыг унших мянга, мянган уншигчдадаа сар шинийн мэнд хүргэе.

-Ямар ч байсан та сар шинийн барилдаанд зодоглох нь тодорхой юм байна. Д.Сумъяабазар аварга энэ жил бэртлийн улмаас барилдахгүй бололтой. Та мэдсэн үү?

-Үгүй.

-Өнгөрсөн жилийн цагаан сараар та барилдаагүй. Энэ жил Д.Сумъяабазар аварга барилдахгүй нь. Уг нь бол энэ цаг үеийг эзэлсэн хоёр аварга маань хоёулаа барилдаан бүрт гардаг бол сайхан?

-Бэртэл гэмтэл, бусад ажил төрөл гээд заалны барилдаан бүрт барилдаж амжихгүй байгаа нь үнэн л дээ. Барилдахгүй байх янз бүрийн л шалтгаан байна. Хувийн ажил, амьдралаас шалтгаалж байна. Сайн барилдахын тулд байнгын бэлтгэл, сургуулилттай байх хэрэгтэй. Аварга хүн гээд барилдахад бэлэн бус бол заавал билэг тэмдэг болж очих шаардлага байгаа эсэхийг бодолцож байна. Залуу, эрч хүчтэй үеийнх шиг байнгын бэлтгэлтэй байх үе жаахан багасах тийшээ хандаж байгаа гээд тайлбарлавал иймэрхүү асуудал байх л юм. Олон жил спортын төлөө явсан хүн одоо бага ч гэсэн ар гэртээ анхаарал хандуулж, энгийн тайван амьдармаар санагдах үе хааяа байдаг.

-Гэхдээ та үндэсний бөхийн хамгийн хүчтэй өрсөлдөгч хэвээрээ байгаа шүү дээ. Залуу үе гарч ирж л байна. Тэдний барилдаан ид сонирхол татаж байгаа ч үзэгчдэд Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар хоёр ороод ирэх болов уу гэсэн хүлээлт үргэлж байдаг?

-Тэр хүлээлтийг мэдэрдэг. Гэхдээ түрүүний ярьсан маань би цаашид барилдахаа цөөлнө гэсэн үг биш л дээ. Хэсэг жаахан завсарлага авлаа. Ирэх хавраас заалны барилдаанд тогтмол барилдана гэж бодож байгаа. Барилдалгүй яахав.

-Та барилдах ёстой. Яагаад гэвэл өнөөдрийн хувьд бол та тогтмол барилдаж байгаа бөхчүүдийн хамгийн өндөр цолтой нь. Дараагийн аварга хэзээ төрж, тэдэнд та нарын үеийн бөхчүүд байр сууриа тавьж өгөхийг хэлэхэд эрт байна шүү дээ?

-Тийм гэж үү.

-Магадгүй таныг цаашид илүү сайн барилдаж болох тухай хүмүүс ярьдаг юм билээ. Танд хэн нэг нь тэгж хэлж байсан уу?

-Үгүй байх аа. Яагаад тэгнэ гэж?

-Чацтай, тань шиг ийм бие бялдартай бөхчүүд тогтмол амжилтаа удаан хадгалж барилддаг гэдэг юм билээ. Жишээ нь, таны өвөө байна?

-Тийм тохиолдол байдаг. Өвөөгөөр жишээ авч болно л доо. Гэхдээ тэр хүн хүний л онцлог байх. Заавал чацтай хүн хожим залуугийнх шигээ сайн барилддаг гэж би бас бодохгүй л байна. Тамирчин хүн өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй болох хүртлээ л тамирчныхаа үүргийг биелүүлдэг. Тэгэхээр бөхийнхөө хувьд тэр үүргээ биелүүлэх боломжийн хугацаа надад байгаа гэж бодож байгаа шүү.

-Сүүлийн хэдэн жилийн наадамд та санасандаа хүртэл барилдаж чадаагүй байх. Өнгөрсөн жил долоогийн даваанд Г.Соронзонболдод өвдөг шороодож, заан төрүүлсэн. Тэгэхэд та унасандаа эргэлзсэн үү. Тэгж харагдсан?

-Эргэлзэх зүйл байгаагүй ээ. Зүүн золгоод би өөрөө яарч мэх хийгээд унасан. Яахав дээ, унах давах үе зөндөө л байдаг. Наадам бол наадам, барилдаан бол барилдаан шүү дээ. Г.Өсөхбаяр гэхээр л унаж, хазайдаггүй, хүнд дийлддэггүй байх ёстой биш биз дээ.

-Та цагаан сарын барилдаанд гурав түрүүлсэн?

-Тэгсэн.

-Энэ жил яах бол?

-Сайхан барилдана л гэж бодож байна даа. Бэлтгэлээ хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлсэн. БХЯ-ны харьяа “Бага баян” гэж энэ амралтын газарт Архангайн бөхчүүдтэйгээ ирээд хэд хонож байна. Энд манай аймгийн арав гаруй бөх байна. Энэ хэдтэйгээ хамт боломжийн хэмжээнд бэлтгэлээ базааж байна гэж бодож суугаа. /Биднийг ярилцлага хийхээр очиход тэрбээр “Бага баян” амралтад улсын харцага Б.Батбаяр, Т.Мөнгөнцоож, М.Батжаргал, улсын начин М.Цанлиг, цэргийн арслан Ч.Санжаадамба, аймгийн арслан Ч.Ганзориг нарын Архангай аймгийн бөхчүүдтэй хамт сар шинийн барилдааны бэлтгэлдээ гарсан байв/.

-Танай аймгийнхан цагаан сарын өмнө жил бүр ингэж бэлтгэлд гардаг уу?

-Ер нь гарна. Нэлээд хэдэн жил нутаг усныхаа бөхчүүдтэй гал болж, бэлтгэл хийж байна. Наадам, цагаан сарын өмнө. Манайхан “Бөх билэгт” гэж дэвжээ байгуулсан. Уг нь хэдэн жилийн өмнө байгуулсан юм. Хоёр жилийн өмнөөс илүү анхаарал тавьж байгаа. Сая Архангай аймгийн Батцэнгэл сумын нэрэмжит барилдаан болсон. Тэгэхэд дандаа Архангайн 128 бөх барилдаад цаана нь олон залуучууд барилдаж чадалгүй үлдсэн. Тэгэхээр үндэсний бөхийн залгамж халаа, үндэсний бөхөд хүч, сэтгэлээ өгөх залуус олон байна аа даа. Гол нь тэднийг дэмжих хэрэгтэй. Дэмжиж, нутаг уснаасаа сайн бөх гаргахад Архангайн ч юм уу, Говь-Алтай, Хөвсгөлийнх ч байна уу, нутгийн бөхчүүдийг нэгтгэсэн дэвжээ чухал үүрэгтэй. Гол нь үндэсний бөхийн хөгжилд оруулж байгаа хувь нэмэр л дээ. Бөхчүүд дор бүрнээ л зөв зохион байгуулалттай, нэгдсэн зорилготой байгаасай гэж боддог.

-Нутгийн чинь тэр олон залуусын дунд таны гарын шавь бий юу?

-Гарын шавь ч юу байхав дээ. Дандаа нутгийн бөхчүүд, дүү нар байгаа.

-А.Сүхбат аварга гэхэд л аль хэдэн жилийн өмнөөс өөрийн гэсэн шавь нараар хүрээлүүлж эхэлсэн. Та харин гарын шавьтай болъё гэж боддоггүй гэж үү?

-Үнэнийг хэлэхэд гарын шавь гэж онцолж хэлээд байх хүн байхгүй л дээ. Тэгж яриад ч байдаггүй юм. Нутгийнхаа дүү нарыг дэмжиж, нутгийн ахын хувьд, аваргын үүднээс тэднийг бэлтгэж, мэддэг чаддаг зүйлээ харамгүй хэлээд л явж байна. Гарын шавь гэж онцлох дургүй талдаа. Бүгдэд нь л тусалдаг. Зөвхөн бөх барилдах талаасаа биш хүн зөв сайхан бодолтой байх ёстой гэдэг ч юм уу нийгэмд, амьдралд хөл тавьж байгаа залуучуудад өөрсдөд нь хэрэг болж мэдэх санаа оноо байвал хэлж, яриад л явдаг. Сүүлийн арваад жил иймэрхүү байдалтайгаар залуу бөхчүүдтэй ажиллаж байна.

-Таны анхны цол цэргийн заан байсан билүү?

-Тийм. 1993 онд И.Доржсамбуу бид хоёр үзүүр, түрүүнд үлдээд би үзүүрлэж, цэргийн заан болсон. Дараа жил нь дахиад хоёулаа үлдэж, И.Доржсамбуу маань үзүүрлэж, би түрүүлэн цэргийн арслан болж байлаа.

-Тэр үеэс хойш 16 жил өнгөрсөн байна. Цолтой бөх болж, ард түмний энэ агуу соёл, үндэсний спортын ертөнцөд амьдарсан цаг хугацаа, энэ хүрээнд гаргасан амжилтынхаа аль үед нь та илүү хайртай вэ?

-Зургаан залуу зааны үе гэж ард түмэн маань ярьдаг даа. Үе тэнгийнхээ тэр сайхан бөхчүүдтэй нэгэн цаг үед, нэгэн дэвжээнд үнэн хүчийг үзэж явсан үедээ би илүү хайртай. А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг, Б.Ганбат гэсэн зургаан заанд Монголын ард түмэн хайртай байсан. Одоо гурав нь аварга, хоёр нь гарьд цолтой боллоо. Бид бие биенээ ирлэж барилддаг байсан тэр цаг хугацаа бүгдийнх нь оргил үе байсан байх. Нэг үед олон сайн бөх төрөх сайн талтай. Нэг нь л түрүүлж цол ахидаг, нэгнийхээ амжилтад нэгэн зэрэг хүрч чадахгүй байх зэрэг хүчин зүйл тухайн үедээ бөхчүүдэд жаахан харамсалтай санагддаг ч жинхэнэ утгаараа үндэсний бөхийг үзүүштэй, утга учиртай болгож байсан. Ард түмэн тийм л барилдаан үзэхийг хүсдэг. Тэр үеийг одоо ярихад сайхан санагдаж байна.

-Тэдний барилдааныг та үгүйлдэг үү?

-Үгүйлдэг…Талбайд гараад өрсөлдөгч болдогч гэсэн бид бүгдээрээ л бие биенийхээ амжилтыг бий болгосон хүмүүс. А.Сүхбатгүй, Д.Сумъяабазаргүйгээр, тэр үеийн бусад бөхчүүдгүйгээр би өөрийгөө ирлэж, тийм хэмжээний өрсөлдөгч байж чадах байсан эсэхийг хэлж мэдэхгүй. Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан хоёрын барилдаан, өрсөлдөөн ямар байлаа. Тэр хүмүүсийг хараад эдэн шиг л бөх болох юмсан гэж барилдаж байгаа хүн бүр боддог байсан. Тэд дараа үеийнхээ бөхчүүдэд сайн барилдах дэндүү их урам өгсөн. Биднийг бас л хурцалдаг байсан хүмүүс. Одоо бүгдээрээ барилдаж байгаа бол гэж бодогдох үе гардаг л юм. “Бөхийн өргөө” орох бүрт үгүйлэгддэг.

-Тийм болохоор л та нарыг олон жил барилдаасай гэж үзэгчид хүсдэг. Яг тэр зургаан зааны үеийн барилдааныг нүд салгалгүй хардаг байсан үнэнч үзэгчид одоо ч “Бөхийн өргөө”-г орхих дургүй байгаа. Тэр үеийнхэн бүгдээрээ та нарт хайртай?

-Бөхийн орчин, бөхчүүд шинэчлэгдэж байна. Спортын бичигдээгүй хууль нь өөрөө тийм. Өөрийнхөө үеийн тэр олон шилдэг бөхчүүдтэй өрсөлдөж, өнөөдрийн энэ цолд хүрэх цаг хугацаа амар биш байсан. Хүчтэй өрсөлдөгч олон байлаа. Хүн бүхэн Буур Н.Жамьян аваргын зээ хүү өвөө шигээ аварга болох бөх байна гэсэн итгэл хүлээлгэдэг байсан нь надад сэтгэлийн хувьд их хүч өгдөг байсан байх. Өөрийнхөө нэрийг хичээхээс гадна аварга өвөөгийнхөө алдрыг хамт тээж явах үүрэг хүлээсэн болохоор авсан цол бүртээ эзэн болж, бөхийн жудагтай явах нь миний хувьд том ачаа байсан. Тэр ачааг чадлынхаа хэрээр үүрэхийг хичээж явна даа. Улсын наадамдаа түрүүллээ, далай аварга цол хүртлээ. Монгол бөхийн төлөө хөдөлмөрлөсөн миний олон жилийн амьдралд, Г.Өсөхбаяр гэж бөхийн ертөнцөд амжилт ч байсан, алдаа ч байсан байх. Давах, унах үе ч байсан. Гэхдээ сайн бөхийн амжилтыг сайн бөхчүүд бүрдүүлдэг. Аль ч үед, ямар ч спортод нэг хүний амжилтын ард хувь нэмрээ оруулсан хүн хэдэн арваараа зогсч л байдаг. Тийм болохоор би өөртэйгээ барилдсан бүх бөхчүүдийг хүндэтгэж явах ёстой гэж боддог юм. Надад унасан ч бай, давсан ч тэр хүн намайг барилдаан бүрийн дараа бөх болгодог. Би бөх хүн, тамирчин хүн шүү гэх мэдрэмж, бахархал, ялалт, бөх хүний төлөвшил тэндээс л эхэлдэг байх. Хамгийн хүчтэй өрсөлдөгч хамгийн сайн туслагч байдаг гэдэг. Магадгүй, тэр үнэн байх.

-Таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ?

-Бүгд. Ялангуяа миний ярих дуртай зургаан заан маань.

-Би таныг А.Сүхбат аваргыг хэлэх байх гэж бодсон?

-А.Сүхбат байлгүй яахав. Бусад нь ч мөн. А.Сүхбат бид хоёр олон жил сайхан барилдсан. Залуу бөх байхаасаа эхлээд хоёул аварга цолонд хүртлээ нэгэн үеийн төлөөлөл болж, үндэсний бөхөд хүч үзлээ. Би энэ хүнээр бахархдаг.

-Та түүнийг зодог тайлахад яаж хүлээж авсан бэ. Олон хүн тэр наадмаас нулимстай харьсан?

-Хүнд туссан. Олон жил нэгнийгээ хурцалж, бага залуугаасаа барилдаж, өрсөлдөж явсан нэг маань гэнэтийн шийдвэр гаргаж зодог тайлахад бусдын адил эмзэглэсэн. Магадгүй бусдаас хүнд туссан ч байж болох. Түүний гаргасан шийдвэрт би дүгнэлт хийх боломжгүй шүү дээ. Аварга эрүүл мэндийн байдлаас шалтгаалж зодог тайллаа гэдгээ хэлсэн. Хүн амьдралаа, эрүүл мэндээ бодож тийм шийдвэр гаргасан бол бид хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

-А.Сүхбат аварга долоогийн давааны дараа өөрийнхөө бичсэн захидлыг Төв цэнгэлдэх хүрээлэнд байсан хөтлөгч нарт өгч уншуулсан. Тэгж бид аваргыг зодог тайлах болсныг мэдсэн. Харин та энэ шийдвэрийн талаар хэзээ мэдсэн бэ?

-Аварга надад хэлж байсан.

-Өмнө нь үү?

-Барилдааны үеэр хэлсэн. Стадионд зарлуулахынхаа өмнө. “Найз нь цаашид барилдахаа больж байгаа. Миний найз олон жил сайхан барилдаж, ард түмнээ баярлуулж яваарай” гэж хэлээд явсан. Би тухайн үед арай ч тийм юм болно гэж бодоогүй л дээ.

-Та хоёр яах аргагүй үндэсний бөхийг үзүүштэй, амттай болгосон нэгэн үеийн өрсөлдөгчид. Үзэгчид, Г.Өсөхбаяр, А.Сүхбат гэж хоёр хуваагдаад “Бөхийн өргөө”-г нураах шахдаг байлаа. Та одоо А.Сүхбат аваргатай барилдмаар санагддаг уу?

-Барилдааныг нь үгүйлдэг. Ард түмэн ч санаж байгаа. Өнөөдөр ч гэсэн “Бөхийн өргөө”-нд сууж байхад ард байгаа үзэгчид А.Сүхбат аваргын барилдааныг ярьсан, аваргыг дурссан хэвээрээ л байна. Үнэхээр А.Сүхбаттайгаа дахин барилдах боломж олдвол надад сайхан л санагдана.

-Ярилцлагынхаа төгсгөл хэсэгт чөлөөт бөхийн спорттой холбоотой хэдэн асуулт тавья гэж бодож байна. Чөлөөт бөхийнхнийг тойрсон маргаан, бас яриад байгаа шинэчлэлийн талаар та ямар бодолтой яваа вэ?

-Шинэчлэх цаг нь болсон уу гэвэл болсон. Спорт уг нь энэ муухай хэл ам, маргаанаас жаахан хол байвал дээр л дээ. Олон жил маргалаа.

Одоо тал талаасаа ярилцаж, холбооныхоо ажлыг нэг тийш нь болгох нь зөв байх. Саяхан Удирдах зөвлөл хуралдаад гуравдугаар сарын 13-нд бага хурлаа хийхээр болсон. Их спортын үр дүн олимпийн наадмын амжилтаар хэмжигддэг. Би ч гэсэн энэ олимпийн циклийн нэгээхэн хэсэгт нь ажиллаж үзсэн. Нэг жил, хагас шигшээ багт байсан. Чөлөөт бөхийн холбоо яаж ажилладгийг мэднэ.

-Та шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаа яагаад өгсөн юм бэ?

-Хэл амнаас залхаад гэх үү дээ. Сүүлдээ ажил хийх ямар ч боломжгүй болчихсон байсан. 2005 оны дэлхийн аваргаас манай тамирчид хоёр хүрэл медальтай ирэхэд хэн сайн ажилласан “Монголын чөлөөт бөхийн холбоо”, тэр холбоог тэргүүлдэг дарга нар байсан. 2006 оны дэлхийн аваргаас медальгүй ирэхэд хэн муу ажилласан холбоо биш ердөө дасгалжуулагчид болсон. Хүний ажлыг ингэж л дүгнэдэг. Медаль аваад байвал холбооны нэр гардаг, тэр хүмүүсийг бэлтгэж байгаа дасгалжуулагч нарын үүрэг, оролцоо юу ч байхгүй юм шиг ойлгуулдаг. Харин медальгүй ирвэл хэдэн дасгалжуулагч нартаа хамаг бурууг тохдог. За тэгээд сонин, хэвлэлээр намайг залхтал муу хэлсэн дээ. Би л чөлөөт бөхийг сүйрүүлсэн юм шиг бичдэг байсан.

-Уг нь бол Бээжингийн олимпийн цикл эхэлж байхад чөлөөтийнхөн гайхалтай сайн гараагаа эхэлсэн. Харамсалтай нь, тэр эрч хүч олимп дөхөх тусам нүдэн дээр уруудаж байлаа?

-2005 онд Б.Наранбаатар, Ц.Энхжаргал хоёр дэлхийн аваргаас хүрэл медальтай ирж байсан. Ц.Энхжаргал тэр жил Азийн аваргаас хүрэл, Б.Сайнбаяр бас хүрэл медаль авсан. 2006 онд Ч.Ганзориг 2001 оноос хойш тасраад байсан чөлөөт бөхийн Азийн аваргын алтан медалийг эх орондоо авчирсан. Манай гурван бөх 2006 онд оюутны дэлхийн аварга болсон гээд тамирчид маань гараагаа боломжийн сайн эхэлсэн. Тэр амжилтуудыг хүмүүс дор нь мартчихсан байдаг юм уу, хэргээр мартуулдаг юм уу сайн мэдэхгүй байна. Өөрийгөө өмөөрөх гэж байгаа юм биш шүү. Би чөлөөт бөхийн ерөнхий дасгалжуулагчийн ажилд сэтгэл, цаг зав гаргаж ажилласан. Ерөнхий дасгалжуулагчийн ажил нэг ёсондоо сайн менежерийн л ажил юм билээ. Тамирчдынхаа нэгдсэн бэлтгэлийн хугацааг нэмэгдүүлчих юмсан, аль болох олон орны тамирчидтай бэлтгэл хийлгэвэл зүгээр юм, ар гэр, ахуй хангамж тал дээр нь анхааръя гээд бодож, санаж явсан ажлуудаа эхнээс нь хийж, биелүүлж байсан. Харамсалтай нь, ажлаа үргэлжлүүлж хийхэд дэндүү хүндрэлтэй байсан. Тэгээд л өөрөө шигшээ багийн дасгалжуулагчаас халагдах өргөдлөө өгөөд явсан.

-Та олимп үзсэн үү?

-Үзсэн. Буудлага, жүдод манайхан медаль аваад сайхан л байлаа. Чөлөөтийн барилдаан эхлээд л сэтгэл санаагаар унасан. Б.Наранбаатар Бээжингийн олимпийн цикльд дэлхийн аваргаас хоёрын хоёр медаль авчихсан, үнэхээр Бээжинд бол гайхуулахаар л байсан хүн шүү дээ. Даанч дээгүүр нисээд байгаа хэл ам тамирчдад хүртэл нөлөөлж байна.

-Та Чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлд багтдаг байх аа?

-Удирдах зөвлөлийн гишүүн.

-Таныг эргээд шигшээ багийн дасгалжуулагч болооч гэвэл зөвшөөрөх үү?

-Үгүй байх аа даа.

-Магадгүй, ерөнхий нарийн бичгийн дарга болгоё гэвэл?

-Үгүй ээ. Би энэ спортод элэгтэй, хайртайн хувьд Удирдах зөвлөлийнхөө гишүүний үүргийг биелүүлж, хуралд оролцоно. Тэр үүргийнхээ дагуу холбоогоо шинэчлэгдээсэй, шинэ гарц олж ажиллаасай гэж хүлээж байгаа тамирчин, дасгалжуулагчид, гишүүдтэйгээ хамт санал бодлоо хуваалцах ёстой гэж ойлгож байгаа.

-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

-Та бүхний ажилд амжилт хүсье. Эрт үеэс уламжлагдаж ирсэн нэгэн сайхан баярыг Монголын ард түмэн хотол олноороо тэмдэглэх гэж байна. Энэ баяраар айл бүр идээ цагаа элбэг байж, ард түмэн олноороо сэтгэл төвшин, амгалан сайхан баярлаасай гэж ерөөе. Хүн бүхэн ерөөлийн сайхан үг солилцож, ирэх жилээ өнгөтэй, хийморьтой угтах болтугай.

Б.Бадамгарав /2009.02.23/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж