Хануур хорхойн уламжлалт эмчилгээг иргэд ихэд сонирхож байна

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Хануур хорхойн уламжлалт эмчилгээг иргэд ихэд сонирхож байна

Хан Хэнтий нутагтаа төдийгүй улсад хануур хорхойн цорын ганц эмнэлэг болох “Пиявка” эмнэлгийг их эмч Равжирын Хишгээ 2004 онд үүсгэн байгуулжээ. Өмнө нь тэрбээр аймгийн ардын уламжлалт эмнэлэгт ажиллаж байх үеэсээ эхлэн хануур хорхойн эмчилгээг сонирхон судалж, улмаар ОХУ-д суралцан эмчилгээний цоо шинэ төрлийг ийнхүү оруулж ирсэн юм.

    “Пиявка” хануур хорхойн уламжлалт эмнэлэг уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг орон нутгийн хүн амд төдийгүй сонирхсон гадаадын иргэдэд ч үзүүлж байна. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд тус эмнэлэг даралт ихдэх өвчтэй 210, гүний болон өнгөц хураагуур судасны өвчтэй 45, судасны бүдүүрэлтэй 21, нурууны эмгэг гэмтэл бүхий 32, элэгний архаг үрэвсэлтэй 86, шамбарам өвчтэй 14, артрит ортроз буюу өвдөгний өвчтэй 67 хүнийг эмчилсэн төдийгүй 6261 өвчтөнд зүү эмчилгээ, 4860 хүнд бариа засал, вакуум эмчилгээг хийжээ.

    Хануур хорхойн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр Дорнод мужийн аймгууд төдийгүй Төв, Сэлэнгэ зэрэг төвийн район, говийн аймгууд, Улаанбаатар, Эрдэнэт хотын болон гадаадын иргэд зорин ирсэн байна.

    Монгол Улсын Эрүүл мэндийн, Сангийн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009 оны хамтарсан 407 тоот тушаалын дагуу улсын болоод хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээний хувьсах зардлыг 2 дахин нэмсэн нь ялангуяа хувийн хэвшилд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах урмыг сэргээсэн билээ. Энэхүү хувьсах зардал нь нэг удаагийн эмчилгээний багцаар 36 мянган төгрөг байгаад 80 мянган төгрөг болсон юм. Гэхдээ хувьсах зардал нь 200 мянган төгрөгөөр тооцогддог улсын эмнэлэгтэй харьцуулбал хувийн хэвшлийн эмнэлгийн хувьсах зардал тэнгэр газар шиг ялгаатай хэвээр байна.

    “Пиявка” эмнэлэг нь эмчилгээний гол бүтээгдэхүүн болох хануур хорхойгоо ОХУ-ын Москва хотын Подгород г.Люберц хотод байрладаг ООО Гирудомед байгууллагаас хүлээн авч эмчилгээндээ хэрэглэдэг юм. ОХУ-д хануур хорхойг үржүүлэх, судлах, борлуулах, энэ чиглэлээр сургалт явуулдаг дэлхийн дахинд алдартай ийм хэд хэдэн төв байдаг бөгөөд “Пиявка” эмнэлгийг хануур хорхойгоор хангадаг дээрх байгууллага Орос улсын төв хэсэгт байрладаг, төвийн районоо төдийгүй Европын орнуудыг хануур хорхойгоор хангадаг гол судалгаа шинжилгээний байгууллагад тооцогддог. Өдгөө хануур хорхойн эмчилгээ нь, Орос улсдаа төдийгүй Европын орнууд, тэрчлэн Азийн БНХАУ, Япон зэрэг хэд хэдэн орнуудад өргөн тархжээ. Учир нь, хануур хорхойн эмчилгээний үр дүн нь 100 хувьтай байдаг тул Ази, Европын уламжлалт анагаах ухааны чиглэлээр дагнан ажилладаг эмнэлгийн байгууллагууд өргөн хэрэглэх болсон байна. Өдгөө нэг ширхэг хануур хорхой нь, дэлхийн зах зээлд 2-3 долларын үнэтэй ба цаашид борлуулалтын үнэ нь өсөх хандлагатай байна. Хануур хорхойг эмчилгээнд нэг удаа хэрэглээд устгадаг тул өдгөө тэр бүр улс орнуудын хүсэлт, захиалгыг Орос улс хангаж чадахгүй байгаа юм. Гэхдээ Орос улсдаа энэ салбараар мэргэжсэн профессор Басова хэмээх эрдэмтэн Р.Хишгээ эмчийн багш нь тул энэ чиглэлээр ажиллаж байгаа шавьдаа байнга анхаарал тавьж хануур хорхойгоор хангахад нь тусалж дэмждэг ажээ.

    Монголын анагаах ухаанд эмчилгээний шинэ төрлийг нэмж амьдралд хэрэгжүүлж байгаа “Пиявка” хануур хорхойн эмнэлэгт үйлчлүүлэгчид жилээс жилд нэмэгдэж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Иймд орон нутгийн хүн амд энэ эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, баталгаатай хүргэж бусад эмнэлгийн байгууллагуудтай өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд нарийн мэргэжлийн боловсон хүчнийг нэмж бэлтгэх, оношлогооны орчин үеийн багаж төхөөрөмж бүхий лабораторитой болох нь өнөөдөр юу юунаас илүү чухал асуудал болоод байна.

    Амьдралд эмчилгээний шинэ төрлийг нэвтрүүлж дорнын уламжлалт эмчилгээг Европын анагаах ухааны эмчилгээтэй хавсран хүн арддаа үр дүнтэй хүргэж үйлчилдэг уламжлалт анагаах ухааны цөөн эмнэлгүүдээ төрийн бодлогоор дэмжиж, бага хүүтэй, урт хугацаатай банкны зээл, бусад төсөл хөтөлбөрүүд, буцалтгүй тусламжид хамруулах явдал өдгөө үгүйлэгдэж байна.

    Хэнтий аймгийн хануур хорхойн “Пиявка” уламжлалт эмнэлэг нь, судасны өвчин, судасны бүдүүрэл, элэгний архаг үрэвсэл, даралт ихдэх өвчин, зүрхний шигдээс, уушигны архаг өвчин, уушигны багтраа, нурууны гэмтэл, эмгэг хөөрөх, шамбарам, нүүрний гурвалсан мэдрэлийн үрэвсэл зэрэг өвчнийг эмчилж байна. Хануур хорхой нь, цус шингэлэх, цэвэрлэх, цусны даралтыг хэвийн болгох, судасны хатуурлаас урьдчилан сэргийлэх, биеийн дархлааг сайжруулах, өвчин намжаах, үрэвслийг дарах нөлөө үзүүлдэг.

    Хэнтий аймгийн хануур хорхойн “Пиявка” уламжлалт эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний үнэ тариф нь, нэг курс эмчилгээ нь 45000 төгрөг, хэвтэж эмчлүүлэгсдийн ор хоногийн төлбөр нь, хөдөлмөрийн насны иргэн 8500 төгрөг, тэтгэврийн, групптэй иргэн 7500 төгрөг, хүүхэд болоод давтан эмчлүүлэгсэд нь 6000 төгрөгийн төлбөр төлдөг юм.

И.Байгалмаа

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж