Өнгөрсөн өвлийн хатууг Дорноговьчууд мартаагүй

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн өвлийн хатууг Дорноговьчууд мартаагүй

Дорноговьд өвлийн бэлтгэл хангах ид ажлын үеэр аймгийн ЗДТГ-аас ажлын гурван хэсэг шалгалтаар гарсан юм.

Унаа тэргэнд нь дайгдан тэдэнтэй зам нийлсэн минь сумдад өвлийн бэлтгэл ажил ямар байгааг сэтгүүлчийн нүдээр харах боломж өгөв.
 Дорноговьд сайхан намар болж, өнгөрсөн өвлийн урьд үзээгүй их хүйтнийг марттал цаг тавьсан даа. Гэв ч “Зудын дараа өн болно” гэдэг үг хүмүүсийг тайвшруулдаг ч байж магадгүй юм.

Засах гэхээр эзэнтэй, авах гэхээр зардаггүй балгас

Эхний хөл тавьсан газар бол Зүүнбаян буюу залуус борви тэнийж эр хүн болдог Сайншанд сумын 5-р баг. Баг нэртэй ч сумаас том, аймгаас жижиг, мориор бол “хавчиг соёолон” дээрээ яваа хотын ах, дүүргийн дүү гэмээр бэсрэг суурин.

Хүйтэн дайны үед цэргийн хаалттай хот байсны ул мөр болсон эвдэрхий балгас энд тэнд сэрийлдэнэ. Харин энэ цагийн нүүрэн дээр газрын тос оргилж бургилсаар удаж байна.

Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Доншен Монгол газрын тос” ХХК хайгуул, ашиглалт хийж байгаа ажээ. Одоогоос таван жилийн өмнөөс л дуулддаг байсан яасан дуусдаггүй хайгуул юм бүү мэд.    Нутгийнхны ярих нь хэл ам гаргах аваас ахмадуудыг нь хүлээн авах, ус цас соруулах, уур паар хагарвал дэм өгөх, цэцэрлэг, сургуульд хаа нэг гар сунгах төдийгөөс өөр гялайлгасан нь үгүй гэнэ.

Долоо хоногт 23 цистерн вагон газрын тос урагшаа гаргадаг гэх. Энэ үнэн бол нэг цистерн 60 тн, нэг баррель газрын тос 185,9 литр гэдэг шиг санагдаж байна. Ингээд бодохоор “хайх” явцдаа зардлаа нөхөж байна гэсэн үг.

-Нефтийн 23 вагон яваад л өгдөг, нэг л өглөө буцаад ирчихсэн харагдах, одоо лав зарлагаа нөхсөн байж таарна. Хятадуудын аманд аль хэдийнэ орчихсны нэг жишээ энэ хэмээн нутгийнхан халаглана. Хятадууд нэг цооног өрөмдөх зардлаа өндөр үнэтэй хэлнэ.     Гүний өрөмдлөг үнэтэй нь үнэн. Хэмжээгүй юм шиг их тос газрын гүнд байхгүй нь мэдээж. Тийнхүү зардлаа нөхөж байна гэсээр байгаа нөөцийг нь шавхчихаж байгаа юм биш байгаа хэмээн төмөр зам дээрх цувааг хараад өөрийн эрхгүй бодогдож билээ.

Нэр шигээ баян газар юм, ямартаа л дөч, тавиад онд орос ах нарын үлдээсэн хөрөнгийг мэрсээр зах зээлийн хүнд үеийг давсан гэхэв дээ. Аймаг байтугай улсад байхгүй том соёлын ордонтой, таван давхар барилгуудтай. Гэвч дайнд сүйрсэн хотоос дутуугүй балгас үргэлжилсэн хэвээр.

Гэхдээ Зүүнбаянд гэрэл гэгээтэй зүйл олон байна. Удирдаж буй захирал, менежер, эвсэг хамт олны зүтгэл бүтээлийн үр дүнд сургууль нь хотынхноос дутахгүй тав тухтай, тохилог дулаан уур амьсгалтай болсон байна. Баруун урд талын гурван сумын хүүхэд сурдаг байсан бол энэ жилээс Мандах, Сайхандулааны хүүхдүүд ч ирдэг болжээ. Засаг дарга байсан, удирдах ажлын туршлагатай Отгонбаяр менежер сургуулиа тийнхүү сайхан болгоход ихэд чармайсан нэгэн.    Спорт заал, дотуур байрны хоолны газар, анги танхимуудын цэвэр цэмцгэр төрх Зүүнбаянгийн энэ цагийн нүүр царай болон нүд булаана.

Зүүнбаянгийн дунд сургуулийн менежер Отгонбаяр, Эрдэнэ сумын Засаг дарга Л.Шагдарсүрэн нар үнэхээр хийсэн шиг хийдэг, ажлаа мэддэг хүний зангаргаар шалгуулж, үзүүлэхээ үзүүлж, хэлэх ээ ч хэлээд авав.

Чөлөөт цагаа өнгөрөөх байртай болсондоо ахмадууд урамтай байгаа нь харваас илэрхий. Эвдэрч сүйдсэн хэдий ч засаад авах сэтгэлтэй нэгэнд бол Зүүнбаян орон сууцаар баян газар. Дунд сургуулийн 30 гаруй багш цэргийн ангийн таван давхарт хүний байрнаас хэзээ хөөгдөх бол гэсэн айдастайгаар аж төрөн сууна. Нурсан байрнуудаас засаад сууя гэхээр эзэн гараад ирдэг. Хувьчлаад авчихсан тэр эзэд хүнд өгөхгүй, бас хэзээ ч засаж тордохгүй балгас чигээр нь хав даран харамлах. “Төрийн албан хаагчдын байр орон сууцыг энэхүү балгас болон, цэргийн ангийн байруудаас шийдэх боломж байна шүү” хэмээн Отгонбаяр менежер аймгийн удирлагуудад Төрийн албан хаагчдын байр орон сууцыг “гарц” зааж өгсөн.

Зудыг зүрхэндээ хүртэл мэдэрсэн сум

Төмөр зам дагасан, уул уурхай дэд бүтэц сайтай газрын нэг бол Өргөн сум. “Намын ажил шалгаж яваа юмуу, аймгаас хэн ирэв, яах гэж явна” гэж уулзсан хүн болгон шалгаах нь ажил амьдрал гэхээсээ намчирхаж улс төржихийг урьтал болгосон газар уу гэсэн сэтгэгдэл төрүүлэв. Засаг дарга С.Пүрэвхүү тамгын газрынхантайгаа хүлээж байлаа. Энхжаргал даргатай манай шалгалтынхан малчдаар бууж өвс тэжээл хэрхэн базаасан, аймгийн засаг даргын захирамж тэдэнд хүрсэн эсэхийг үзэж харсан болохоор сумын төв дээр тийнхүү бор хоногтоо л хүрч очив.

Өргөнийхөн бол тэртээх мичин жилийн хот харлуулсан их зудыг цээжээрээ сөрж гарсан их говийн зоригтнуудын үр сад. Сум орноороо эрвийх дэрвийхээрээ хөдөлж атга чимх гэлтгүй өвс, хадлан авч, хүмэл таанын сорс, агь божмог түүж гар тэжээл ч төв хөдөөгүй чамгүй базаасан, хашаа хороогоо засч хөрзөнгөө сийлсэн байна. Өвс тэжээл гардан бэлтгэх боломжгүй нэг нь худалдан авах мөнгийг нь өгсөн, цаг хүндэрсэн үед төвөөс өвс, тэжээл нэг удаа татаад авчих боломжтой болсон гэнэ.

Сумын төв дулааны нэгдсэн шугамд холбогдсон, аймгийн “Чандмань Илч” ТӨУҮГ уурын зуухыг нь хариуцан ажиллаж байна. С.Пүрэвхүү даргын ирсээр хийсэн томоохон ажлын нэг нь сумын төвийн эргэн тойрон ухсан цеолитийн уурхайн нүхийг бүрэн даруулж нөхөн сэргээж, хоггүй болгосон явдал ажээ. Босоо тэнхлэгийн авто замаас 20 гаруй км салаалсан трасс сумын төвд орж ирэхэд бэлэн болсон нь ч томоохон бүтээн байгуулалтын ажил болжээ.

Малчны хүүхэд тухтай сурах бүхий л боломж бүрдсэн 185 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 85 хүүхдийн жишиг дотуур байр төвлөрсөн халаалтад холбогдсоноор улам ч тохилог дулаахан болжээ.

-Цонх хаалгаа бүрэн дулаалсан, сурагчдынхаа чөлөөт цаг, хичээл давтахад онцгой анхаардаг. Мэргэжлийн тогоочтой, хоол хүнс найдвартай, хүрэлцээтэй, цагаан хэрэглэлээс эхлээд бүхий л зүйл чанартай гэж байрын багш нь бардамхан хэлж байлаа.

МОНРОСЦВЕТМЕТ нэгд¬лийн хар­ьяа Өргөний уурхай, МОНПОЛИМЕТ үйлдвэр тус суманд нэлээд туслалцаа үзүүлдэг, тухайлбал салхиных нь дээд талд ногоон бүс байгуулахаар худаг гаргаж, резеровар, хашаа барьж харуул тавьсан, одоо гэрлийн шугам татах л үлдээд байгаа зэрэг сэтгэлд өег амжилт бүтээл арвинтай байлаа.

Сэтгэлд итгэлтэй, агуулахад өвстэй

Эрдэнэ сум өвлийн бэлтгэлээ бусдаасаа илүү сайн хангажээ. Шалгалтынхан ийнхүү дүгнэсэн. Өөдөөс пүн хийн орсон байгууллага болгон тавлаг, дулаан. Томоохон хилийн хороо байрладаг бөгөөд шалгалт ирсэн учраас цэргийн ангийн хашаанд бүрээ дуугарч харуулаас өөр хүн байгаа гэнэ.

Шагаа дарга нутгийн зааг дээр тосч айлын хаваржаагаар оруулж авсан өвс хадланг нь үзүүлж, малчны хотод дөрөө мултлав.

Тус сум дэд бүтцээ ашиглан Бүрдэнэ тур, Эрдэнэ тур аялал жуулчлалын хоёр бааз ажиллуулж ЗДТГ-ын ойролцоо гэр барин албаны хүмүүс болон зочдыг хүлээн авдаг болжээ.

Соёлын төвийн эрхлэгч сумынхаа үзэсгэлэнг санаачлан гаргаж 5000 шахам номтой номын сан, ахмадуудын гимнастикийн клуб ажиллуулж байна. ЗДТГ-ынхан болон 10 гаруй аж ахуйн байгууллагын 30 гаруй хүн ногоо тарьж ургацаа хураан аймгийн төвд болсон “Намрын ногоон өдөр”-үүд үзэсгэлэнд оролцоод ирсэн байна.

 Тус суман дахь томоохон хилийн хороо шалгалтынхныг хүлээн авч дарга хурандаа Лхачинжав доктор отрядынхаа ажил байдлыг танилцуулав. Мөн гэрээт харуул, заставуудаараа орох зөвшөөрөл ч өгөв.

Гэрээтүүд гэгээнтнээс хангалуун гэдэг

Өмнийн говийн домогт хороо энэ суманд байдаг.Тэд хилээ манаж, сумынхан галаа манаж хил, мал хоёроо хамтад нь хамгаалж явна. Залуухан эрдэмтэн захирагч шалгалтаар ирсэн генералаасаа чөлөө авч ажлаа танилцуулав. Бид дөрвөн заставаар оров.

0138-р салбар дээр очиход улаан тугтай “гэрээт” “Монгол улсын хил тайван“ гэж ёслоод үнэмлэх шалган оруулав.

Хилчдийн байр шил толь шиг цэмцийн, харуулаас буусан цэргүүд амарч байлаа. Ирсэн бидэнд хил сонин, харсан тэдэнд бид сонин байгаа бололтой. Заставын дарга Эрдэнэцогт ажлаа танилцуулж, “цэрэг”-ийн зоогт урин цайлав.     Ажил үүрэг гүйцэтгэхэд аль ч застав дээр дутуу юм алга. “Гэрээтүүд гэгээнтнээс хангалуун гэдэг” үг үнэн бололтой. Хоол бэлэн, хангалт сайн мэргэжлийн тогоочтой, телевизийн 21 суваг үзэж байна.

1944 оны өвлийн мичин жилийн зуднаар шуурганд уруудсан 120 мянган адууг хил давуулалгүй тогтоон алдраа дуурсган “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнагдаж, 1947 онд баруун хязгаарт эх орны төлөө алтан амиа зориулж Монгол Улсын баатар болсон С.Лхагвадорж энэ салбараас төрсөн тул 0250-р застав түүний нэрэмжит ажээ. Баатарын нэрэмжит заставын орлогчоор Б.Баяржаргал гэдэг бүсгүй ажилладаг. Эрчүүд л зогсож байх ёстой эх орны дархан хилийг бүсгүй хүн манаж байгаа нь үнэхээр содон сонин байлаа.

Тэр бүсгүй ХЦДС төгссөн бөгөөд тус хорооны заставын захирагч хоёр дахь эмэгтэй ажээ.Түрүүнд нь мөн ХЦДС төгссөн Н.Түвшинжаргал гэдэг бүсгүй 0157 салбарын даргаар ажиллаж байжээ.

Хилийн сумангийн оройн тоо эхэллээ. “Монгол Улсын баатар С.Лхагвадорж” гэхэд нэгэн хилчин “Монгол Улсын баатар, Булган аймгийн Тэшиг сумын харьяат Самданжамцын Лхагвадорж эх орныхоо тусгаар тогтнолын төлөө алтан амиа алдсан“ гэж цовоо дуугаар хэлэхэд хамрын самсаа шархираад явчихав.

Арвай генерал ч энэ хорооноос төрсөн түүхтэй

Сахлаг өвстэй хилийн замаар борын ооно танаа гялалзуулан зугтах шиг цагаан цайвар УАЗ- 469 хурдална. Эрдэнэ сумын засаг дарга, Монгол Улсын хошой аварга малчин Лувсансэнгэ агсны долоон хүүгийн нэг Л.Шагдарсүрэн биднийг газарчилж яваа нь тэр.

Замын хүн дайраад өнгөрөх Замын-Үүдийн сониноос

Өмнөд хилийн бум бужигнасан энэ сумыг Замын -Үүд гэх. Эх орны хилээр орж гарах, ирсэн очсон бүхнийг хүлээж аван үдэж мордуулдаг их хөлийн газар. 
    “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” аймгийн Засаг даргын О2 тоот албан даалгаврыг халуун намраар хүлээж авснаас хойш эрвийх дэрвийхээрээ хөдөлж их зүйл амжуулжээ.

Энэ сумынхны сэтгэл зовоож байгаа зүйл бол хүн эмнэлэг. Учир нь хуучин төмөр замын эмнэлэг, сүүлд нь байгуулагдсан сумын эмнэлэг хоёрын “жас” нь тусдаа мөртлөө нэг даргатай, хоёр тамгатай ажээ. Дулаанаа тавиагүй, шинээр баригдаж байгаа эмнэлгийн ажил ундуй сундуй хүйт даасан байдалтай байлаа.

Халдвартын 20 ортой эмнэлгийн барилгын гүйцэтгэгч нь материалгүй хэмээн сууж байсан. Гэтэл гадна нь цемент хураалттай, ядаж хүйт орохоос өмнө гаднахаа битүүлээд авчихаар байтал талбайн инженер нь ажлаа зогсоочихсон гэнэ.

Г.Пүрэвсүрэн захиралтай 120 хүүхдийн цэцэрлэг дулаанаа авчихсан бяцхан жаалууд улаа бутран тайван унтаж байна. Олон жил ажилласан ахмад багш, чадварлаг зохион байгуулагч эрхлэгч эмэгтэй нэгэн сонин зүйл ярьсан.Бохиндоо түгжирсэн гаансны толгой шиг дулааны шугамын тасархай үзүүлэн:

-Манай Замын-Үүдийн усаар халдаг дулааны шугам ийм зузаан өнгөртэй болчихдог юм байна. Халаалт муу гээд хамаг бурууг нь уурын зуухандаа өгдөг байсан. Ганц манай цэцэрлэгийнх биш бүх шугам иймэрхүү болсон байж мэднэ хэмээн хашир хүний хувиар хэлж байлаа. Эднийхэн бие даан олон зүйл хийж төсөв гэхээсээ өөрсдөө санаачилж, сэтгэлээсээ бүтээсэн нь “өөдлөх айл үүднээсээ” гэдэгчлэн хаана ч илт харагдана. Гаднахаа ч тун өвөрмөц тохижуулсан байна.

Замын-Үүдийнхний сэтгэлийг зовоодог нь нөгөө л элс, хог хоёр. Замын улс даан ч замбараагүй хог тарьдаг аж. Элсээ ч дийлэхээ байж. Өнөөдөр хашаа босгоход маргааш нь дээгүүр нь алхаад гарчихаар хунгарлачихдаг ч иргэд, цагдаагийн, төрийн албаны, гаалийн, онцгой байдлын газрын орон сууцны барилгууд босч бүтээн байгуулалт өрнөж байна. Залуус хороолол байгуулж хөөрхөн хэдэн сууц барьжээ. Жишиг гэр хороолол байгуулж эхэлснээ ч Засаг дарга Н.Баянмөнх танилцуулав. Тэрбээр орон нутагт төсвөө бүрдүүлж бие даан сумаа хөгжүүлэх тухай санааг олонтой давтаж байлаа. Тус сум өөрийгөө санхүүжүүлээд аймаг улсдаа тэгшитгэлээр олон тэрбум төгрөг өгдөг юм билээ. Мөн энэ жил сумандаа таван сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хийж улсын төсөвт найман тэрбум төгрөг өгсөн гэнэ.

Замын-Үүд хөгжих төрхөө олжээ

Энэ тухай Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ч.Баатар гуай :
-Анх ирэхэд манай суманд босоо удирдлагатай гээд хоёр тийшээ хараад суучихсан хэдэн байгууллага байсан, гурвалсан гэрээ байгуулснаар сонсдог, хэлдэг нэг удирдлагатай болоод байна. Чөлөөт бүс гэж хашсанаас өөр дээр нь барьсан юмгүй 900 га газар байсан, одоо төв оффисоо барьж ажил цэгцэрч байна. Мөн ойрын үед Эрээн хотод бизнес, эдийн засгийн форум зохион байгуулна, гол гол асуудлаа нэлээд өндөр хэмжээнд ярилцах санаатай байна гэж байсан. Сумын засаг дарга Н.Баянмөнх:
-Нэгдэх үйл явц явагдаж байхад салах тухай ярих хэрэггүй л болов уу. Төвөөс төдийлөн дорвитой хөрөнгө оруулалт хийж чадахгүйгээс хойш төсвөө бүрдүүлж байгаа манай суманд дотацаар өгдгийг нь багасгачихвал болох нь тэр. Замын-Үүд дүүрэг хотын статустай байхад аймагтаа ч хэрэгтэй гэж сумынхаа статусын асуудлаар саналаа хэлж байсан.

Халтар хомоолын ид шид буюу өвөгчүүлээр дутсан Улаанбадрах

 Малчид их залуужжээ. Энэ нь сайн ч “өвөл үзээгүй унага боохойн аманд” гэдэг шиг аль ч талаараа амьдралын туршлага дутмаг харагдаж байна. Улаанбадрах сумын Сангийн далай багийн малчин Б.Цэеэгийн хаваржаа тохилог, төвийнхнөөс дутахгүй сууцны байшинтай. Говийнхон голдуу дөрвөлжин саравчтай хороо барьдаг бол Цэеэ гуайнх огт өөр өвөрмөц, арван ханатай, гэр хэлбэртэй пүнзтэй юм. Тэрбээр:

– Би баруун аймгийн хүн. Энэ сайхан газарт ирээд 40 гаруй жил болж бараг л нутгийн хүн болоод байна. Баруун аймгийнхан ийм хороо барьдаг юм. Пүнзэнд таван зуу гаруй бог багтана. Хүйтрээд ирэхээр хөлдүүлсээр сайн чигжээд өгнө. Мал бэлчиж болохгүй шуурга цастай үед хонио хашин тэжээл тавиад өгчихнө. Дугуй болохоор мал дарагддаггүй сайн талтай. Ямар ч байсан долоо хоногтоо ажрахгүй дулаан байж чадна.Цаг дулаараад ирэхээр төллөх малаа оруулна. Олон хоновол хэвтэр нь чийгтээд хонь шарлаад өнгөө алдчихдаг юм гэлээ.

Хөдөө аж ахуйн хашир мэргэжилтэн, тэр малчны ярьсан нэг сонин зүйл бол адууны халтар хомоол.     Халтар хомоол ногтрууны баас хоёрын ид шидийг ер анзаараагүй явж. Тэгтэл хаврын нэг өдөр хонь нь нэг тийш бөөгнөрөн бүр уралдан шогшоод байхаар нь гайхаад очтол адууны халтар хомоол, бас хорголжин тэжээл шиг зүйл байх юм гэнэ. Мэддэг хүнээс асуутал:

– Ногтрууны баас л байна. Дугарч нисдэг шувуу чинь үр буурцаг иддэг юм гэснээр хонь, ямаа “яргуй“ шиг дурладаг нэгэн сайн тэжээлийг мэдэж авчээ. Түүнээс хойш адууны хомоолыг хэдэн тэргээр нь базааж авдаг болж. Хавар тавьж өгөхөд бүгдийг нь биш харин намрын халтар хомоолыг нь ялгаж идээд байхыг Цэеэ гуай ажиглажээ. Учрыг олох санаатай номоо сөхөж үзтэл:

-Хавар зуны хомоол бол хурц, мал чацга алдуулдаг, бас бүрэн боловсруулсан байдаг учраас мал идэх дургүй байдаг бол намрын адуу таргалан бас хивдэггүй учраас хомоол нь тэжээллэг хоргүй байдгийг мэдэж авчээ.
Б.Цэеэ гуай Дорнодын техникумын зоогийн анги төгссөн бөгөөд анх Дорноговь аймагт казахуудын орчуулагчаар ирж байсан гэнэ. Хэдэн жилийн өмнө гавьяаныхаа амралтад суужээ. Нутгийнхаа түмнийг үгээ олохгүй магтаж байна билээ. Харин тус сумын Аргалант багийн ахмад малчин Б.Банди гуай ч бас түүн шиг сумын төвийн албан хаагч байсан хүн. Одоо “зөвлөх” малчин, хүүхдүүдийнхээ ерөнхий командлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ. Банди гуай:

– Залуучууд хөдөөд дурлаж байгаа нь сайн хэрэг. Гэвч малаа мотоциклээр хариулж, машинаар нүүж, тэмээ хомнохгүй, ховоо татахгүй болжээ. Буруу эдэлснээс муу зантай мал их боллоо. Өвс ус сайтай газар сонгон бууж чадахгүй нэг газар удаж талхалж байгаагаас гадна бэлчээрээ хуваарилж идүүлэхгүй байна.

Телевиз радиотой болсон нь сайн, гэсэн ч хотонд нь чоно орж байхад “киногоо дуусгачихаад гаръя” гэх шахуу болжээ. Нойр ихтэй, залхуу байна. Малаа хоньчлон хариулж өвсний сор усны сайхныг дагахгүй байна. Бас олон муу малтай байснаас цөөн сайн малтай байхын ашиг тусыг ухаарахгүй байна.

Хашир малчид цагийн өнгийг сонжиж байгаад цөөн хуц ухна тавьдаг. Одоо муу мал нийлүүлэгт оруулж цаг хүндрэхээр хоёр амины гарз хийж байна. Говьд ус ховордсон үед олон мал ховоодож услах хэцүү. Мото помпоор услах нь цаг, нар хэмнэдэг ч малчдыг залхуу болгож байна. Уналга ачилгад тэмээгээ сургахгүй болохоор уламжлалт тэмээн соёлыг мартаж, хомнож ч чадахаа байлаа. Ер нь манай улсын бүх сум адилхан залуу малчидтай болж байгаа. Туршлагатай, ахмадууд, алдартай малчдыг зөвлөх малчнаар ажиллуулж заавар зөвлөгөө өгүүлж байх хэрэгтэй юм. Төрд ийм бодлого байвал сайнсан.     Туршлагагүй залуучуудад тухай бүр зааж зурж байхгүй бол болохгүй гэж билээ.
Энэ бол нэг сумын хоёр багийн ахмадын сургаал. Ер нь туршлага гэдэг бол байгаль хийгээд тулгамдсан бэрхшээлийг их бага гэлгүй өөрийн хүчээр сөрж гарах малч ухаан шүү дээ.

Сулинхээрийн хилийн заставт болсон хүн амины хэргийн тухай нутгийн ахмад ярихдаа:

-Дандаа залуучууд, яах ч юм билээ. Тэнд нэг ахмад хүн байсансан бол хүүхдүүдээ ингэ тэг гэж сургаж, учирлан зааж зураад өгсөн бол тийм хэрэг гарахгүй, нялх хүүхэд өнчрөхгүй л байсан даа гэж харамсаж байхыг сонссон.
Ажилд туршлага байдаг бол амьдралд ч бас туршлага хэрэгтэй билээ. Бас залууст сэтгэл зүйн хичээл зааж ахмадуудаа хоймортоо налайтал суулгаад арга ухаанаас нь сонсож суух шиг жаргал хаана байхав.     Алдахад зэмлэж, хазайхад түшиж, хааяа ч гэсэн хатуу үгээр зэмлэж, болж өгвөл чөдрийн амт үзүүлдэг буурал өвгөд минь хөдөөд ховордоо юу даа.

Баг бригадынхаа залууст алтан сургаалиа харамгүй хайрлаж яваа говь нутгийн ахмад малчин, Б.Цэеэ, Б.Банди гуай нартаа урт удаан насалж үг сургаалаа хайрлаж явахын ерөөл дэвшүүлье.

Хилийн дөрвөн сумаар явсан ажил нэг иймэрхүү. Өнгөрсөн жилийн хавар өвлийн хүйтнийг малчид мартаагүй учраас бүгд оготно аятай атга чимх ч болтугай өвс тэжээл базаагаад авч.

… Шар талын дундуур зун шиг ногоон пургон айлаас айл дамжин сумаас сум руу довтолгоно. Тэд аймгаас яваа шалгалтынхан.

Б.Төмөрпүрэв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж