Л.Энхтайван: Грек, Ирланд ч манайх шиг төсвөө хэт тэлээгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Л.Энхтайван: Грек, Ирланд ч манайх шиг төсвөө хэт тэлээгүй

Санхүү, эдийн засгийн бодлого судалгааны төвийн тэргүүн, эдийн засгийн ухааны доктор, профессор Лувсандагвын Энхтайваныг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.
-Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсөв батлагдлаа. Анхны төсвийг Засгийн газарт  буцаагаад дахин оруулж ирснээр ойрын жилүүдэд байгаагүй их алдагдалтайгаар баталсан. Эдийн засагчийн хувьд болон  салбарын яаманд нь төсвийн төсөл боловсруулж байсан хүний хувьд таны байр суурийг сонсмоор байна?

-2011 оны улсын төсөв өнгөрсөн баасан гарагт хуулийн хугацаандаа батлагдлаа. Олон хүний, ялангуяа Сангийн яамны хамт олны хөдөлмөр шингэсэн уг төсөв улс орны хөгжилд их үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой. Гэхдээ уг төсвийн ололттой талыг дурьдалгүй онцлог, анхаарууштай зарим зүйлийг хөндөж ярья.

Би сүүлийн 20 жилийн төсөв баталсан үйл явцыг ажиглаж судлан төсөв боловсруулах ажиллагаанд нь оролцож байлаа. Төсвийн агуулгыг ярихын өмнө хэрхэн хэлэлцэгдэн батлагдсан тухайгаас  эхэлье. Төсөв бол Засгийн газар, эрх барьж байгаа намуудын хувьд хамгийн чухал баримт бичиг юм. Энэ хуулийг хэрхэн баталснаар тухайн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, заримдаа хувь заяа нь ч шийдэгдэх нь бий. Тухайн улсын парламент нь төсвийг буцаасан, шүүмжилснээрээ Засгийн газраа огцруулсан жишээ  байдаг.

-Яагаад Засгийн газрыг огцруулах шалтгаан болдог гэж?

-Төсөв нь  тухайн засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтоо хэрэгжүүлэх эдийн засгийн гол арга хэрэгсэл болдог. Сонгуулийн өмнөх жил 2011 оны төсвийн хувьд Засгийн газар ямар зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө УИХ-аар хуульчлан батлуулж дэмжлэг авах гээд байгаа юм шүү дээ. Хэрвээ парламент нь уг төсвийг буцаавал  Засгийн газрынхаа үйл ажиллагааг дэмжихгүй, итгэл үзүүлэхгүй байна гэж ойлгогддог. Тиймээс ч огцрох асуудал үүсдэг. Ийм учраас уг баримт бичигт аль ч орны парламент, засгийн газар онцгой ач холбогдол өгдөг. Энэ чинь нэг яамны  биш нийт Засгийн газрын хамгийн чухал асуудал тул ихэнхдээ Засгийн газраас УИХ-д төсвөө өргөн барихад Ерөнхий сайд заавал өөрөө байлцдаг жишигтэй. Манайд энэ удаа  Сангийн сайд төсвөө өгч байгаа харагдсан. Нөгөөтэйгүүр УИХ нэгэнт төсвийг хүлээгээд авчихсан байж хэлэлцүүлгийн явцад төсвийг“буцаана, эргүүлэн татна” гэсэн асуудал байх ёсгүй юм. Өөрөөр хэлбэл Засгийн газар муу төсөв хийснээ хүлээн зөвшөөрч байна, УИХ Засгийн газартаа итгэл үзүүлэхгүй байна гэсэнтэй адил ойлгогдохоор байна. Энэ бол миний мэдэхийн  анх удаа болж байгаа тохиолдол. Төсвийг хэлэлцүүлэхэд хоёрдугаар хэлэлцүүлэг маш чухал. Энд зарчмын асуудлаар санал хурааж шийддэг.Гуравдугаар хэлэлцүүлэг үүнтэй уялдаад шийдсэн саналын дагуу тооцоог  дахин нягталж тооцон оруулж ирдэг учир доод тал нь хэдэн өдрийн  ажил болдог. Дөрөв дэх хэлэлцүүлгээр алх тогшиж баталдаг ч тэр алхны тогших болгонд тухайн заалт хууль болж байгаа учраас тоонууд дээр маш хянуур ажиллах хэрэгтэй. Энэ бүгдэд хугацаа шаарддаг. Гэтэл 2,3,4-р хэлэлцүүлгийг ганц өдөрт, ингэхдээ гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг ердөө цаг хүрэхгүй хугацаанд хийж баталсан нь санаанд багтахгүй байна. УИХ-ын гишүүд ч идэвхгүй оролцсон сэтгэгдэл төрлөө. Төсвийн сүүлчийн хэлэлцүүлэгт гишүүдийн оролцоо тавь гаруйхан хувьтай  байлаа. Төсвийн байнгын хороон дээр хэлэлцүүлэг хийхэд 21 гишүүнээс 12 нь л оролцсон байх жишээтэй. Ийм чухал асуудлыг хэлэлцэхэд 80, 90-ээс дээш хувьтай л оролцох учиртай баймаар юм.

-Төсвийн алдагдал тэлж, ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэх болсон нь мэргэжлийн хүмүүсийг түгшээж байна. Энэ талаар ямар үнэлэлт, дүгнэлт өгөх вэ?

-Анхны төсөлд ихээхэн хэмжээний орлогын эх үүсвэр тодорхойгүй  байсныг дахин оруулж ирэхэд огцом өөрчлөлт хийсэн байна билээ. Төсвийн орлого, зарлага, алдагдал, тэдгээрийн дотоодын нийт бүтээгдэхүүн ДНБ- д эзлэх хувь тогтвортой, тодорхой хандлагатай байснаар төсвийн бодлого нь ойлгомжтой, макро эдийн засгийн тогтвортой орчныг бий болгодог. Улс орны макро эдийн засаг эрс хэлбэлзэлтэй, тогтворгүй  байвал эрсдэл төдий чинээ их . Ялангуяа гол шалгуур үзүүлэлт болдог төсвийн алдагдлын хэмжээ огцом өсчээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ, мөн төсвийн урсгал зардал нэмэгдээд ийм өндөр алдагдалтай гарчихсан хэрэг. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсвийн алдагдал ДНБ-ий 4-5 хувь хүртэл тогтмол багасч, заримдаа эерэг  тэмдэгтэй хүртэл гарч байсан. Өнгөрсөн хавар л гэхэд төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-аар батлахдаа алдагдлыг ДНБ-ий таван хувиас хэтрүүлэхгүй байхаар  заасан. Гэтэл энэ удаа төсвийн алдагдал 780 тэрбум төгрөг болж  хоёр дахин ихэссэн байгаа юм. Тэгвэл ихээхэн ажил болж УИХ-аар хэлэлцэн баталсан өмнөх тооцоонууд  ямар хэрэгтэй юм бэ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна.  Мэдээж үүнд сонгуулийн амлалт, хямрал гэхчлэн тайлбар олж хэлж болох боловч ямар алдаа гаргав гэдэгт нухацтай дүгнэлт хийн сайн баримт бичиг гаргах, гаргасан баримт бичгээ тууштай хэрэгжүүлүүштэй.

-Мөн нийт төсвийнхөө 32 хувийг халамжийн чиглэлээр зарцуулахаар тусгажээ. Энэ нь эдийн засгийн халалт үүсгэж, өндөр инфляцитай, хямралын цаг үед дахин очиход хүргэж мэдэхээр байна. Та энэ талаар ямар таамаглалтай байна?

-Судлаачид аливаа нэг тоон үзүүлэлтийг ганц оноор хязгаарлалгүй хэдэн жилээр хөгжлийн динамикийг анхаарч,  цаашдын чиг хандлага нь ямар байх вэ гэдэг талаас нь судлан дүгнэлт хийдэг.  Эрүүл саруул санхүүтэй оронд орлого, зарлагын харьцаа ойрхон, тэнцвэртэй, орлогоороо зарлагаа нөхөөд өргүй байхад анхаардаг. Оюутолгой, Тавантолгой зэрэг  ашигт малтмалын бүтээгдэхүүний сургаар өр тавин зарлагаа хэт ихэсгэвэл эрүүл бус санхүүгийн орчин бий болох аюултай. Макро харьцааны хувьд төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь хэмжээ бол төрийн оролцооны хэмжүүр болдог. Гэтэл манайд төрийн оролцооны хувь хэмжээ огт буурахгүй, харин ч 2011 оны хувьд 51 хувьд хүрч өсөх хандлагатай байна. Богино хугацаанд бэлэн мөнгө хэлбэрээр эдийн засагт ихээхэн мөнгө орж ирвэл инфляци ихсэх аюултай . Энэ нэмэгдсэн мөнгөний урсгал хаашаа чиглэхийг маш нарийн судалж уян хатан бодлого явуулан тохирсон арга хэмжээг авч зөөлрүүлэх нь чухал. Ер нь эдийн засаг, санхүүгийн чиглэлийн судалгаа, шинжилгээний ажлыг идэвхжүүлэх, тогтвортой бүтцийг бий болгох нь зүйтэй санагдана.

-Хөрөнгө оруулалтын хэмжээ өсч байгаа нь сайн хэрэг. Харин манай эдийн засагт энэхүү мөнгөний, валютын урсгалыг шингээх чадвар бий юү?

-Төсөв санхүү огцом ихээр өссөнөөр  макро эдийн засагт хэт тэлэлт, хөөс бий болгох аюултай.Манай төсвийн зарлага 2005 онд 764 тэрбум төгрөг байсан бол 2011 оны төслөөр 4084 тэрбум төгрөг хүрч даруй 5,3 дахин, энэ хугацаанд хөрөнгө оруулалт 8-9 дахин өсөхөөр байна. Энэ их мөнгөний өсөлтийг шингээх чадвар ямар байна вэ? Өөрөөр хэлбэл үр ашигтай зарцуулах менежмент, чанартай үйлдвэрлэл үйлчилгээ явуулах чадварлаг ажиллах хүч, машин тоног төхөөрөмж, сайн хяналтын систем зэрэг үйлдвэрлэлийн хүчин зүйлс ямар байгаагаас энэхүү хөрөнгө мөнгөний үр ашиг хамаарна. Шингээх чадвар муутай бол хөрөнгө оруулалтын үр ашиггүй байдлыг бий болгох юм. Мөн бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлт нь эрэлтээ дагаж өсөөгүй тохиолдолд инфляци зайлшгүй өсдөг.  Энэ хоёр асуудалд ирэх жил онцгой анхаарууштай. Бид 2008 оны сүүлч, 2009 оны эхний хагаст хямралд нэлээд өртөж овоо сургамж авсан. Тэр үед өндөр инфляциа мөнгөний хатуу бодлогоор эмчлээд байтал одоо эргээд яарч зөөллөвөл эрсдэл бий болгох талтай.

Жишээ нь зэс, нүүрсний ханш хоёр дахин буурахад л саяын баталсан төсөв бүгд хэрэгжихгүй болно. Сүү­лийн жилүүдэд бусад орны бэ­лээхэн гашуун сургамж байна.Тухайлбал  Грек, Ирланд, Пор­тугаль, Испани зэрэг оронд бий болсон санхүү, эдийн засгийн хүндрэл. Эдгээр орнууд төс­вөө хэчнээн тэлсэн гэцгээж байгаа ч манайх шиг сүүлийн таван жилд тав дахин  тэлээгүй шүү дээ. Гарцаагүй шахааны улмаас төсвөө хэмнэхийн тулд орон тоо цомхотгон цалин, тэтгэвэр, тэтгэмжээ царцаан бууруулангуут бослого гарч, ажил хаяж, нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх зэргээр асар их хохирол амсч байна. Манай төсвийг 20-30 хувиар буурахад л нийгэмд том хямрал үүсч, улс төрийн тогтворгүй байдал бий болж мэдэх юм.. Олон жилийн турш бид хомсдлын эдийн засагтай, мөнгөгүй байгаад сурчихжээ. Тэр хэмжээндээ л шингээх чадвартай. Гэнэт мөнгө 4-5  дахин нэмэгдэхээр яаж үр дүнтэй шингээхээ мэдэхгүй байна.

Жишээ нь нэг сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй ТҮЦ ажиллуулдаг хүнд гэнэт 10 сая төгрөг өгчихвөл ямар менежменттэй байх, бараагаа яаж сонгох, хэрхэн хянахаа мэдэхгүй болно. Үүнтэй  адил менежмент, үр ашиг, хяналтын талаар туршлагагүйтэж бай­­гаа нь харагдаж байна. Иймээс шингээх чадвараа эрс сайжруулахад бүх түвшиндээ онцгой анхаарууштай.

-Уул уурхайн бүтээг­дэ­хүүний ханшаас асар ха­мааралтай төсөв баталсан нь эрсдэлтэй төдийгүй гол­ланд өвчин үүсч мэдэхээр байна. Хэдийгээр инфляци өсөх хандлагатай байгаа ч Монголбанк мөнгөний бод­логын хүүг бууруулах бо­долгүй байгаагаа илэр­хийлсэн. Зөвхөн бизнес эрх­лэгчдийн эрх ашгийг бодоод ийм бодлого баримталж бол­но гэж үү?

-Төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдаатай байх ёс­той. Макро эдийн засгийн хувьд инфляцийг аль болох зохистой түвшинд байлгаж, нийт хүн амын амьжиргаанд сөргөөр нөлөөлөхгүй байх талаас нь эхэлж анхаарах нь зүйн хэрэг. Зөвхөн эдийн засгийг өсгөнө гээд, цөөн хэдэн зээлдэгчид, бизнес эрх­лэгчдийн эрх ашгийг бодсон бодлого явуулж болохгүй. Тэгвэл дунд болон урт ху­га­цаанд айхавтар сөрөг үр дагавар үлдээж болно. Тий­мээс Монголбанк эхний үед тодорхой хугацаагаар мөн­гөний хатуу бодлогоо үр­гэлж­лүүлэх шаардлагатай нь харагдаж байна. Өндөр инфляцийн аюул байсаар байна. Нөгөө талаас бодит эдийн засгийг анхааралтай ажиглан инфляциа орхигдуу­лалгүйгээр дэмжих болом­жийг хайн бодлогодоо илүү уян хатан мэдрэмжтэй хан­дууштай. Мэдээж төсөв их тэлж, бэлэн мөнгө амлан тарааж байгаа энэ нөхцөлд өндөр инфляцийн аюул, гол­ланд өвчний шинж тэмдэг ажиглагдаж, хэрэглээний эдийн засаг руу орох ханд­лагатай байна.

-Төсвийн хуулийг хэлэл­цэх үеэр автомашины онцгой албан татвар, тэмдэгтийн ху­раамжийг нэмэгдүүлэх та­лаар санал гаргасан ч бу­цаалаа. Хэрэв нэмсэн бол эдийн засагт үнэхээр нааш­тай үр нөлөө үзүүлж чадах байсан уу?

-Татвар хураамж гэдэг нь зөвхөн төсвийн орлого бүр­дүүлэх үүрэгтэй биш нийгэм эдийн засгийн харилцааг эдийн засгийн аргаар  зохи­цуу­ллах чухал үүрэгтэй. Ма­найд энэ талын үүрэгт сул анхаарч байна уу гэж боддог. Би хувьдаа автомашины тат­варыг өөрчлөх засгийн газрын төслийг зөв байсан гэж бодож байгаа. Монгол улс, ялангуяа Улаанбаатар хотын иргэд  агаарын бохирдолгүй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, энэ орчин нь жил бүр сайж­раасай гэсэн чин хүсэл эр­мэлзэлтэй гэж бодож байна. Автомашин бол хүмүүсийн үндсэн зайлшгүй хэрэгцээ гэж ойлгохгүй байна. Өнөөдөр ма­найх дэлхийн хамгийн муу, хуучирсан, утаа тортог  ихтэй, буруу зөрүү жолоотой машины цуглуулга болж болохгүй биз дээ. Засгийн газар санаачилга гаргасан ч байр суурин дээрээ тууштай зогсч чадсангүй. Жаахан шүүмжлэл цухалзмагц буулт хийчихлээ. Манай иргэд орлого багатай гээд хямдхан, чанаргүй, эрүүл мэндэд хортой хүнсийг хэрэглээд бүгдээрээ эрүүл мэндээрээ хохирч  хорт хавдраар сүйрч болохгүй шүү дээ. Засгийн газар Европын стандартыг нэвтрүүлэх маш чухал зөв  саналыг дэв­шүүл­сэн. Үүнийг аажмаар үе шаттайгаар нэвтрүүлэхдээ юу­ны өмнө хүний аюулгүй байдал, эрүүл мэндтэй хол­боотой, тухайлбал агаарын бохирдол, хөдөлгөөний аюул­гүй байдал, хүнс, эм г.м. асуудлаас хойшлуулалгүй эхэл­мээр байна. Зарим асуудал дээр нийтлэг эрх ашгийн төлөө зоригтой алхам хийж, хөгжилтэй улс орны жишгээр явах хэрэгтэй.

-Өнгөрсөн хавар ОУВС “Оны эцэст танай инфляци 27 хувьд хүрч болзошгүй” хэмээн анхааруулж байсан. Одоогийн төсвөөр ямар ч байсан хоёр оронтой тоонд байх нь гэсэн дүр зураг харагдаж байна. Таныхаар инфляцийн төлөв байдал цаашид ямар байх бол?

-Алт, зэс, нүүрсний ханш хэвээр байхад нэг их наяд төгрөг зах зээлд ороод ирвэл яах вэ. Мөнгөний ний­лүүлэлт огцом өснө. Харин бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлт үүнийг дагаад өсч чадах уу гэхчлэн олон талаас нь авч үзэж байж таамаглал хэлэх боломжтой. Миний таа­маглалаар хэрэв одоогийн нөхц­лүүд хэвээрээ байвал инфляци 20 орчим хувьд хүрэх юм шиг байна.

-Гэтэл Монголбанк инфляцийг нэг оронтой тоонд барина гээд амлачихсан шүү дээ. Яаж барих гэж байгаа юм бол?

-Монголбанк инфляцийг нэг оронтой тоонд барина гэж хэлэхдээ өмнө нь УИХ-д өргөн барьсан төсвийн хэмжээнд байвал гэсэн утгаар хэлсэн. Одоо шинэ нөхцлөөр төсвийн алдагдал хоёр дахин нэмэгдсэн юм чинь инфляцийн хувь ч мөн нэмэгдэж миний таамаглалтай ойролцоо очих болов уу гэж бодож байна.

-Гиперинфляци Монголд да­хин нүүрлэх магадлалтай юу. Судлаачдын хэлж бай­гаагаар өмнө нь цэрэг дай­ны холбоотойгоор үүсдэг байсан гиперинфляци ор­чин үед хөгжиж буй ор­нуудын банкны салбарын хямралтайгаар бий болох магадлалтай байна гэдэг. Хэдийгээр инфляци гурван оронтой тоонд хүрэх тэр аюул хол байгаа ч банкны салбарын хямрал, зэс, нүүрс­ний үнийн уналт гээд эрсдэл ойрхон байх шиг санагддаг?

-Өнөөдрийн манай нээлт­тэй эдийн засгийн хү­рээнд, валютын нөөц бо­ломжийн байгаа болохоор гиперинфляцийн аюул гайгүй болов уу гэж бодож байна. Харин 1990-ээд оны эхэн үед жилийн инфляци 325 хувьд хүрч байсан үе бий шүү дээ. Тэр үед валютын нөөц бараг байхгүй. Дээр нь 100 сая ам.доллараа “Алт диллерийн хэрэг”-т алдчихсан. Төгрөг ч үгүй, валют ч үгүй, бараа ч үгүй байсан. Валютын нөөц сайжирч, байдлыг зөөллөх уч­раас дарамт гайгүй байх биз дээ. Гол хэрэглээгээ импор­тын бараагаар хангаж байгаа тохиолдолд дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээнд сөр­гөөр нөлөөлөх учраас их л уян хатан байдал, мэдрэмжийг шаардана.

-Монголбанкин дахь Валю­тын нөөцөөрөө төсвийн алдагдлаа нөхөх боломж бий юү. Эерэг, сөрөг тал нь юу вэ?

-Монголбанк зах зээлд орж ирж буй валютыг ху­дал­даж аваад оронд нь төг­рөг гаргаж байж валютын нөөцийг бүрдүүлдэг. Тиймээс ийм зориулалтын биш ар­гаар төсвийн алдагдлыг нө­хөж болохгүй. Харин Монгол­банк­наас зээл авч болох юм.

-Та Герман, Австрийн төв банкуудад ажиллаж бай­сан. Тэнд ингэж зээлж байсан уу, ямар аюултай вэ?

-Хязгаарлалттай хийхгүй бол цаасан мөнгө ихээр  хэв­лээд инфляцийг хөөрөгдөх аюултай. Тийм ч учраас ихэнх оронд төв банкийг Зас­гийн газраас хараат бус байлгадаг. Эсвээс Засгийн га­зар алдагдалд орох болгонд төв банкнаасаа зээлсээр бай­гаад ямар ч хяналтгүй болно. Онцгой тохиолдол л биш бол төв банкнаас зээл авах хэрэггүй.

-Ямар хүү, нөхцөлтэйгээр зээлдэг вэ?

-Арилжааны банкуудтай адил хүүтэй байдаг. Засгийн газар дампуурна гэж байхгүй учраас Монголбанкны хувьд мэдээж найдвартай зээлдэгч. Харин Засгийн газрын хувьд хүү нь нөхцөл нь нэлээд таатай байх.

-Монголбанк банкны сал­­барт хийх бүтцийн өөрч­лөлтөө ирэх онд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Уг өөрчлөлтөөр ямар нааштай үр дүн гарах бол?

-Юуны өмнө өнөөгийн байдлаа даруй цэгцлэх хэ­рэгтэй. Байдал нь муудсан хоёр­хон банкны асуудлыг одоо болтол шийдээгүй байна. Мөн банкны салбарын ил тод байдал чамлалттай байгаа. Банкны хувь нийлүүлэгчид,эздийн та­лаар зарим нэрсийг хэв­лэлд нийтлүүлсэн ч гэсэн  хоорондын холбоо, эдгээр нэрсийн цаана хэн байгааг бүрэн тодруулахгүйгээр эрсдэл арилахгүй гэж бодож байна. Нөгөөтэйгүүр Хөгжлийн банк зөв гольдролоор явбал то­моо­хон төслүүдийн сан­хүүжилтийн ачааллыг нуруун­даа үүрнэ.  Харин яагаад бан­кууд эдгээр томоохон төс­лүүдийг хэрэгжүүлэхийн тулд өөрсдөө нэгдэж ча­дахгүй байгаад  гайхаж бай­на. Тө­рийн оролцоогоор, хө­рөн­гийн дэмжлэг авч ча­дав­хиа нэмэгдүүлэх бо­лом­жийг энэхүү бүтцийн өөрч­лөлтөөр олгох талаар хө­төлбөртөө тусгасан. Ердөө 2009 онд Засгийн газраас Хү­ний хөгжлийн сангийн мөн­гийг “Монгол шуудан, “Зоос”, Худалдаа хөгжлийн банк” гэсэн  гурван банкинд байршуулж төлбөр түргэн гүйцэтгэх  чадварыг нь сайж­руулах зорилгоор дэмжлэг үзүүлсэн. Гэтэл тэднээс хоёр нь байхгүй болчихоод байна. Тиймээс маш нарийн тооцоо, судалгаатайгаар зөв газраа дэмжлэг үзүүлэхгүй бол үр дүн багатай  болдогт анхаарууштай. Монгол банк УИХ-ын харъяа байгаа өнөө­гийн нөхцөлд мөнгөний бод­логыг төсөвтэй илүү уялдуулах, банкны салбарыг үр дүнтэй дэмжихэд Засгийн газар, ялангуяа уг салбарыг хариуцсан бүтцийн хувьд Сан­гийн яамыг идэвхтэй орол­цуулах, түүнийг бүрэн мэ­дээллээр хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаард­лагатай.

-Төрийн банкийг хувьч­лах талаар ярьж эхэллээ. Үүнд тодорхой хэмжээний хөрөнгө оруулагчийн хувьд Европын сэргээн босголтын банкны нөлөө ч байгаа ту­хай хэвлэлүүд бичиж байна. Та Төрийн банкны ирээдүйг хэрхэн харж байна вэ, түүний хувьчлалыг яаж хийх ёстой вэ?

-Төрийн банк бол “Зоос банкны үргэлжлэл гэж ойлгож байна. Тийм учраас “Зоос” банкны хэрэг эцэслэн шийдтэл Төрийн банкийг хөдөлгөх нь зохимжгүй. Эс тэгвэл “Зоос” банкны хэрэг гэгч нь замхраад дараагийн хувийн банктай уг асуудлыг ярих боломжгүй болно.

-Хувьчиллаа гэхэд хэнд хувьчлах вэ гэдэг асуудал бий?

-Олон улсын тендер зар­лаад боломжийн нөхцлөөр хувьчилж болно. Би “Худалдаа хөгжлийн банк” болон “Хө­дөө аж ахуйн банк”-ийг хувьч­лах тендерийг зохион байгуулахад  комисст нь орж ажиллаж байсан. Одоо дээрх хоёр банк боломжийн сайн ажиллаж байна. Хувьчлахын төлөө хувьчлах гэж яарах хэрэггүй болов уу. Бидэнд гашуун туршлага бий. “Хад­галамж” банкийг сайтар суд­лалгүй хувьчилсны дараа 14 тэрбумын хэрэг гарсан шүү дээ.

-Зарим нь монгол хүн хувьчилж авбал дэмий гэж, нөгөө хэсэг нь монголчууддаа л өгөөсэй гэж ярьж байна. Таныхаар?

-Хөрөнгө, бэл бэнчин, ме­нежмент сайн нь тендертээ жур­мын дагуу оролцоод хувьчилж авч болно шүү дээ. Аль ч улс оронд нэлээд томоохон, гаднынхантай харилцах чад­вар­тай  банк наанадаж 2-3 байх нь зайлшгүй хэрэгтэй. Бүг­дээрээ том банк байна гэж байхгүй шүү дээ. Гэхдээ банк­ны  стратегийн салбар гэдгийг үргэлж анхаарах нь чухал.

-Одоо ажиллаж банкуу­даас мөнгө угааж байгаа гэж хардахуйц бүрэн үндэслэлтэй объект танд ажиглагддаг уу?

-Эх үүсвэр нь тодорхойгүй, сайн мэдэгдэхгүй их мөнгөний урсгал л анхаарал татдаг шүү дээ. Яагаад гэнэт хэдэн арав, зуун сая ам.доллар орж, гарч байна вэ гэдгийг бодох л хэрэгтэй. Ашигт малтмалын салбарт элдэв барьцаатайгаар хөрөнгө оруулалт орж байх шиг байна. Гэхдээ валютын урсгал дээр хатуу хяналт тавих хэрэгтэй. Дээхнэ үед намайг Австрийн төв банкинд ажиллаж байхад орж, гарч буй бүхий л валютын урсгалд хяналт тавьж, мөнгөний ний­лүүлэлтэд хэрхэн нөлөөлж буйг судалдаг байсан.. Ялан­гуяа жижиг орнуудад энэ хяналт маш чухал. Манайд валютын хяналт маш сул бай­на. Жишээ нь 2008 оны намар хямралын эхэн үед нэлээд хэмжээний валют гадагш га­рахад л манайд валютын хэм­жээ багасаад ханш нь савлаад эхэлсэн. Барууны дунд зэргийн компанийн хэмжээний эдийн засагтай манайх шиг орноор тоглоход тун амархан. Үүнд нэгдмэл бодлого,хяналт,  мэ­дээлэл маш чухал.  
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж