-2011 оны улсын төсөв өнгөрсөн баасан гарагт хуулийн хугацаандаа батлагдлаа. Олон хүний, ялангуяа Сангийн яамны хамт олны хөдөлмөр шингэсэн уг төсөв улс орны хөгжилд их үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой. Гэхдээ уг төсвийн ололттой талыг дурьдалгүй онцлог, анхаарууштай зарим зүйлийг хөндөж ярья.
Би сүүлийн 20 жилийн төсөв баталсан үйл явцыг ажиглаж судлан төсөв боловсруулах ажиллагаанд нь оролцож байлаа. Төсвийн агуулгыг ярихын өмнө хэрхэн хэлэлцэгдэн батлагдсан тухайгаас эхэлье. Төсөв бол Засгийн газар, эрх барьж байгаа намуудын хувьд хамгийн чухал баримт бичиг юм. Энэ хуулийг хэрхэн баталснаар тухайн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, заримдаа хувь заяа нь ч шийдэгдэх нь бий. Тухайн улсын парламент нь төсвийг буцаасан, шүүмжилснээрээ Засгийн газраа огцруулсан жишээ байдаг.
-Яагаад Засгийн газрыг огцруулах шалтгаан болдог гэж?
-Төсөв нь тухайн засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтоо хэрэгжүүлэх эдийн засгийн гол арга хэрэгсэл болдог. Сонгуулийн өмнөх жил 2011 оны төсвийн хувьд Засгийн газар ямар зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө УИХ-аар хуульчлан батлуулж дэмжлэг авах гээд байгаа юм шүү дээ. Хэрвээ парламент нь уг төсвийг буцаавал Засгийн газрынхаа үйл ажиллагааг дэмжихгүй, итгэл үзүүлэхгүй байна гэж ойлгогддог. Тиймээс ч огцрох асуудал үүсдэг. Ийм учраас уг баримт бичигт аль ч орны парламент, засгийн газар онцгой ач холбогдол өгдөг. Энэ чинь нэг яамны биш нийт Засгийн газрын хамгийн чухал асуудал тул ихэнхдээ Засгийн газраас УИХ-д төсвөө өргөн барихад Ерөнхий сайд заавал өөрөө байлцдаг жишигтэй. Манайд энэ удаа Сангийн сайд төсвөө өгч байгаа харагдсан. Нөгөөтэйгүүр УИХ нэгэнт төсвийг хүлээгээд авчихсан байж хэлэлцүүлгийн явцад төсвийг“буцаана, эргүүлэн татна” гэсэн асуудал байх ёсгүй юм. Өөрөөр хэлбэл Засгийн газар муу төсөв хийснээ хүлээн зөвшөөрч байна, УИХ Засгийн газартаа итгэл үзүүлэхгүй байна гэсэнтэй адил ойлгогдохоор байна. Энэ бол миний мэдэхийн анх удаа болж байгаа тохиолдол. Төсвийг хэлэлцүүлэхэд хоёрдугаар хэлэлцүүлэг маш чухал. Энд зарчмын асуудлаар санал хурааж шийддэг.Гуравдугаар хэлэлцүүлэг үүнтэй уялдаад шийдсэн саналын дагуу тооцоог дахин нягталж тооцон оруулж ирдэг учир доод тал нь хэдэн өдрийн ажил болдог. Дөрөв дэх хэлэлцүүлгээр алх тогшиж баталдаг ч тэр алхны тогших болгонд тухайн заалт хууль болж байгаа учраас тоонууд дээр маш хянуур ажиллах хэрэгтэй. Энэ бүгдэд хугацаа шаарддаг. Гэтэл 2,3,4-р хэлэлцүүлгийг ганц өдөрт, ингэхдээ гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг ердөө цаг хүрэхгүй хугацаанд хийж баталсан нь санаанд багтахгүй байна. УИХ-ын гишүүд ч идэвхгүй оролцсон сэтгэгдэл төрлөө. Төсвийн сүүлчийн хэлэлцүүлэгт гишүүдийн оролцоо тавь гаруйхан хувьтай байлаа. Төсвийн байнгын хороон дээр хэлэлцүүлэг хийхэд 21 гишүүнээс 12 нь л оролцсон байх жишээтэй. Ийм чухал асуудлыг хэлэлцэхэд 80, 90-ээс дээш хувьтай л оролцох учиртай баймаар юм.
-Төсвийн алдагдал тэлж, ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэх болсон нь мэргэжлийн хүмүүсийг түгшээж байна. Энэ талаар ямар үнэлэлт, дүгнэлт өгөх вэ?
-Анхны төсөлд ихээхэн хэмжээний орлогын эх үүсвэр тодорхойгүй байсныг дахин оруулж ирэхэд огцом өөрчлөлт хийсэн байна билээ. Төсвийн орлого, зарлага, алдагдал, тэдгээрийн дотоодын нийт бүтээгдэхүүн ДНБ- д эзлэх хувь тогтвортой, тодорхой хандлагатай байснаар төсвийн бодлого нь ойлгомжтой, макро эдийн засгийн тогтвортой орчныг бий болгодог. Улс орны макро эдийн засаг эрс хэлбэлзэлтэй, тогтворгүй байвал эрсдэл төдий чинээ их . Ялангуяа гол шалгуур үзүүлэлт болдог төсвийн алдагдлын хэмжээ огцом өсчээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ, мөн төсвийн урсгал зардал нэмэгдээд ийм өндөр алдагдалтай гарчихсан хэрэг. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсвийн алдагдал ДНБ-ий 4-5 хувь хүртэл тогтмол багасч, заримдаа эерэг тэмдэгтэй хүртэл гарч байсан. Өнгөрсөн хавар л гэхэд төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-аар батлахдаа алдагдлыг ДНБ-ий таван хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан. Гэтэл энэ удаа төсвийн алдагдал 780 тэрбум төгрөг болж хоёр дахин ихэссэн байгаа юм. Тэгвэл ихээхэн ажил болж УИХ-аар хэлэлцэн баталсан өмнөх тооцоонууд ямар хэрэгтэй юм бэ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна. Мэдээж үүнд сонгуулийн амлалт, хямрал гэхчлэн тайлбар олж хэлж болох боловч ямар алдаа гаргав гэдэгт нухацтай дүгнэлт хийн сайн баримт бичиг гаргах, гаргасан баримт бичгээ тууштай хэрэгжүүлүүштэй.
-Мөн нийт төсвийнхөө 32 хувийг халамжийн чиглэлээр зарцуулахаар тусгажээ. Энэ нь эдийн засгийн халалт үүсгэж, өндөр инфляцитай, хямралын цаг үед дахин очиход хүргэж мэдэхээр байна. Та энэ талаар ямар таамаглалтай байна?
-Судлаачид аливаа нэг тоон үзүүлэлтийг ганц оноор хязгаарлалгүй хэдэн жилээр хөгжлийн динамикийг анхаарч, цаашдын чиг хандлага нь ямар байх вэ гэдэг талаас нь судлан дүгнэлт хийдэг. Эрүүл саруул санхүүтэй оронд орлого, зарлагын харьцаа ойрхон, тэнцвэртэй, орлогоороо зарлагаа нөхөөд өргүй байхад анхаардаг. Оюутолгой, Тавантолгой зэрэг ашигт малтмалын бүтээгдэхүүний сургаар өр тавин зарлагаа хэт ихэсгэвэл эрүүл бус санхүүгийн орчин бий болох аюултай. Макро харьцааны хувьд төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь хэмжээ бол төрийн оролцооны хэмжүүр болдог. Гэтэл манайд төрийн оролцооны хувь хэмжээ огт буурахгүй, харин ч 2011 оны хувьд 51 хувьд хүрч өсөх хандлагатай байна. Богино хугацаанд бэлэн мөнгө хэлбэрээр эдийн засагт ихээхэн мөнгө орж ирвэл инфляци ихсэх аюултай . Энэ нэмэгдсэн мөнгөний урсгал хаашаа чиглэхийг маш нарийн судалж уян хатан бодлого явуулан тохирсон арга хэмжээг авч зөөлрүүлэх нь чухал. Ер нь эдийн засаг, санхүүгийн чиглэлийн судалгаа, шинжилгээний ажлыг идэвхжүүлэх, тогтвортой бүтцийг бий болгох нь зүйтэй санагдана.
-Хөрөнгө оруулалтын хэмжээ өсч байгаа нь сайн хэрэг. Харин манай эдийн засагт энэхүү мөнгөний, валютын урсгалыг шингээх чадвар бий юү?
-Төсөв санхүү огцом ихээр өссөнөөр макро эдийн засагт хэт тэлэлт, хөөс бий болгох аюултай.Манай төсвийн зарлага 2005 онд 764 тэрбум төгрөг байсан бол 2011 оны төслөөр 4084 тэрбум төгрөг хүрч даруй 5,3 дахин, энэ хугацаанд хөрөнгө оруулалт 8-9 дахин өсөхөөр байна. Энэ их мөнгөний өсөлтийг шингээх чадвар ямар байна вэ? Өөрөөр хэлбэл үр ашигтай зарцуулах менежмент, чанартай үйлдвэрлэл үйлчилгээ явуулах чадварлаг ажиллах хүч, машин тоног төхөөрөмж, сайн хяналтын систем зэрэг үйлдвэрлэлийн хүчин зүйлс ямар байгаагаас энэхүү хөрөнгө мөнгөний үр ашиг хамаарна. Шингээх чадвар муутай бол хөрөнгө оруулалтын үр ашиггүй байдлыг бий болгох юм. Мөн бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлт нь эрэлтээ дагаж өсөөгүй тохиолдолд инфляци зайлшгүй өсдөг. Энэ хоёр асуудалд ирэх жил онцгой анхаарууштай. Бид 2008 оны сүүлч, 2009 оны эхний хагаст хямралд нэлээд өртөж овоо сургамж авсан. Тэр үед өндөр инфляциа мөнгөний хатуу бодлогоор эмчлээд байтал одоо эргээд яарч зөөллөвөл эрсдэл бий болгох талтай.
Жишээ нь нэг сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй ТҮЦ ажиллуулдаг хүнд гэнэт 10 сая төгрөг өгчихвөл ямар менежменттэй байх, бараагаа яаж сонгох, хэрхэн хянахаа мэдэхгүй болно. Үүнтэй адил менежмент, үр ашиг, хяналтын талаар туршлагагүйтэж байгаа нь харагдаж байна. Иймээс шингээх чадвараа эрс сайжруулахад бүх түвшиндээ онцгой анхаарууштай.
-Уул уурхайн бүтээгдэхүүний ханшаас асар хамааралтай төсөв баталсан нь эрсдэлтэй төдийгүй голланд өвчин үүсч мэдэхээр байна. Хэдийгээр инфляци өсөх хандлагатай байгаа ч Монголбанк мөнгөний бодлогын хүүг бууруулах бодолгүй байгаагаа илэрхийлсэн. Зөвхөн бизнес эрхлэгчдийн эрх ашгийг бодоод ийм бодлого баримталж болно гэж үү?
-Төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдаатай байх ёстой. Макро эдийн засгийн хувьд инфляцийг аль болох зохистой түвшинд байлгаж, нийт хүн амын амьжиргаанд сөргөөр нөлөөлөхгүй байх талаас нь эхэлж анхаарах нь зүйн хэрэг. Зөвхөн эдийн засгийг өсгөнө гээд, цөөн хэдэн зээлдэгчид, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг бодсон бодлого явуулж болохгүй. Тэгвэл дунд болон урт хугацаанд айхавтар сөрөг үр дагавар үлдээж болно. Тиймээс Монголбанк эхний үед тодорхой хугацаагаар мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэх шаардлагатай нь харагдаж байна. Өндөр инфляцийн аюул байсаар байна. Нөгөө талаас бодит эдийн засгийг анхааралтай ажиглан инфляциа орхигдуулалгүйгээр дэмжих боломжийг хайн бодлогодоо илүү уян хатан мэдрэмжтэй хандууштай. Мэдээж төсөв их тэлж, бэлэн мөнгө амлан тарааж байгаа энэ нөхцөлд өндөр инфляцийн аюул, голланд өвчний шинж тэмдэг ажиглагдаж, хэрэглээний эдийн засаг руу орох хандлагатай байна.
-Төсвийн хуулийг хэлэлцэх үеэр автомашины онцгой албан татвар, тэмдэгтийн хураамжийг нэмэгдүүлэх талаар санал гаргасан ч буцаалаа. Хэрэв нэмсэн бол эдийн засагт үнэхээр нааштай үр нөлөө үзүүлж чадах байсан уу?
-Татвар хураамж гэдэг нь зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх үүрэгтэй биш нийгэм эдийн засгийн харилцааг эдийн засгийн аргаар зохицууллах чухал үүрэгтэй. Манайд энэ талын үүрэгт сул анхаарч байна уу гэж боддог. Би хувьдаа автомашины татварыг өөрчлөх засгийн газрын төслийг зөв байсан гэж бодож байгаа. Монгол улс, ялангуяа Улаанбаатар хотын иргэд агаарын бохирдолгүй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, энэ орчин нь жил бүр сайжраасай гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй гэж бодож байна. Автомашин бол хүмүүсийн үндсэн зайлшгүй хэрэгцээ гэж ойлгохгүй байна. Өнөөдөр манайх дэлхийн хамгийн муу, хуучирсан, утаа тортог ихтэй, буруу зөрүү жолоотой машины цуглуулга болж болохгүй биз дээ. Засгийн газар санаачилга гаргасан ч байр суурин дээрээ тууштай зогсч чадсангүй. Жаахан шүүмжлэл цухалзмагц буулт хийчихлээ. Манай иргэд орлого багатай гээд хямдхан, чанаргүй, эрүүл мэндэд хортой хүнсийг хэрэглээд бүгдээрээ эрүүл мэндээрээ хохирч хорт хавдраар сүйрч болохгүй шүү дээ. Засгийн газар Европын стандартыг нэвтрүүлэх маш чухал зөв саналыг дэвшүүлсэн. Үүнийг аажмаар үе шаттайгаар нэвтрүүлэхдээ юуны өмнө хүний аюулгүй байдал, эрүүл мэндтэй холбоотой, тухайлбал агаарын бохирдол, хөдөлгөөний аюулгүй байдал, хүнс, эм г.м. асуудлаас хойшлуулалгүй эхэлмээр байна. Зарим асуудал дээр нийтлэг эрх ашгийн төлөө зоригтой алхам хийж, хөгжилтэй улс орны жишгээр явах хэрэгтэй.
-Өнгөрсөн хавар ОУВС “Оны эцэст танай инфляци 27 хувьд хүрч болзошгүй” хэмээн анхааруулж байсан. Одоогийн төсвөөр ямар ч байсан хоёр оронтой тоонд байх нь гэсэн дүр зураг харагдаж байна. Таныхаар инфляцийн төлөв байдал цаашид ямар байх бол?
-Алт, зэс, нүүрсний ханш хэвээр байхад нэг их наяд төгрөг зах зээлд ороод ирвэл яах вэ. Мөнгөний нийлүүлэлт огцом өснө. Харин бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлт үүнийг дагаад өсч чадах уу гэхчлэн олон талаас нь авч үзэж байж таамаглал хэлэх боломжтой. Миний таамаглалаар хэрэв одоогийн нөхцлүүд хэвээрээ байвал инфляци 20 орчим хувьд хүрэх юм шиг байна.
-Гэтэл Монголбанк инфляцийг нэг оронтой тоонд барина гээд амлачихсан шүү дээ. Яаж барих гэж байгаа юм бол?
-Монголбанк инфляцийг нэг оронтой тоонд барина гэж хэлэхдээ өмнө нь УИХ-д өргөн барьсан төсвийн хэмжээнд байвал гэсэн утгаар хэлсэн. Одоо шинэ нөхцлөөр төсвийн алдагдал хоёр дахин нэмэгдсэн юм чинь инфляцийн хувь ч мөн нэмэгдэж миний таамаглалтай ойролцоо очих болов уу гэж бодож байна.
-Гиперинфляци Монголд дахин нүүрлэх магадлалтай юу. Судлаачдын хэлж байгаагаар өмнө нь цэрэг дайны холбоотойгоор үүсдэг байсан гиперинфляци орчин үед хөгжиж буй орнуудын банкны салбарын хямралтайгаар бий болох магадлалтай байна гэдэг. Хэдийгээр инфляци гурван оронтой тоонд хүрэх тэр аюул хол байгаа ч банкны салбарын хямрал, зэс, нүүрсний үнийн уналт гээд эрсдэл ойрхон байх шиг санагддаг?
-Өнөөдрийн манай нээлттэй эдийн засгийн хүрээнд, валютын нөөц боломжийн байгаа болохоор гиперинфляцийн аюул гайгүй болов уу гэж бодож байна. Харин 1990-ээд оны эхэн үед жилийн инфляци 325 хувьд хүрч байсан үе бий шүү дээ. Тэр үед валютын нөөц бараг байхгүй. Дээр нь 100 сая ам.доллараа “Алт диллерийн хэрэг”-т алдчихсан. Төгрөг ч үгүй, валют ч үгүй, бараа ч үгүй байсан. Валютын нөөц сайжирч, байдлыг зөөллөх учраас дарамт гайгүй байх биз дээ. Гол хэрэглээгээ импортын бараагаар хангаж байгаа тохиолдолд дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээнд сөргөөр нөлөөлөх учраас их л уян хатан байдал, мэдрэмжийг шаардана.
-Монголбанкин дахь Валютын нөөцөөрөө төсвийн алдагдлаа нөхөх боломж бий юү. Эерэг, сөрөг тал нь юу вэ?
-Монголбанк зах зээлд орж ирж буй валютыг худалдаж аваад оронд нь төгрөг гаргаж байж валютын нөөцийг бүрдүүлдэг. Тиймээс ийм зориулалтын биш аргаар төсвийн алдагдлыг нөхөж болохгүй. Харин Монголбанкнаас зээл авч болох юм.
-Та Герман, Австрийн төв банкуудад ажиллаж байсан. Тэнд ингэж зээлж байсан уу, ямар аюултай вэ?
-Хязгаарлалттай хийхгүй бол цаасан мөнгө ихээр хэвлээд инфляцийг хөөрөгдөх аюултай. Тийм ч учраас ихэнх оронд төв банкийг Засгийн газраас хараат бус байлгадаг. Эсвээс Засгийн газар алдагдалд орох болгонд төв банкнаасаа зээлсээр байгаад ямар ч хяналтгүй болно. Онцгой тохиолдол л биш бол төв банкнаас зээл авах хэрэггүй.
-Ямар хүү, нөхцөлтэйгээр зээлдэг вэ?
-Арилжааны банкуудтай адил хүүтэй байдаг. Засгийн газар дампуурна гэж байхгүй учраас Монголбанкны хувьд мэдээж найдвартай зээлдэгч. Харин Засгийн газрын хувьд хүү нь нөхцөл нь нэлээд таатай байх.
-Монголбанк банкны салбарт хийх бүтцийн өөрчлөлтөө ирэх онд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Уг өөрчлөлтөөр ямар нааштай үр дүн гарах бол?
-Юуны өмнө өнөөгийн байдлаа даруй цэгцлэх хэрэгтэй. Байдал нь муудсан хоёрхон банкны асуудлыг одоо болтол шийдээгүй байна. Мөн банкны салбарын ил тод байдал чамлалттай байгаа. Банкны хувь нийлүүлэгчид,эздийн талаар зарим нэрсийг хэвлэлд нийтлүүлсэн ч гэсэн хоорондын холбоо, эдгээр нэрсийн цаана хэн байгааг бүрэн тодруулахгүйгээр эрсдэл арилахгүй гэж бодож байна. Нөгөөтэйгүүр Хөгжлийн банк зөв гольдролоор явбал томоохон төслүүдийн санхүүжилтийн ачааллыг нуруундаа үүрнэ. Харин яагаад банкууд эдгээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд өөрсдөө нэгдэж чадахгүй байгаад гайхаж байна. Төрийн оролцоогоор, хөрөнгийн дэмжлэг авч чадавхиа нэмэгдүүлэх боломжийг энэхүү бүтцийн өөрчлөлтөөр олгох талаар хөтөлбөртөө тусгасан. Ердөө 2009 онд Засгийн газраас Хүний хөгжлийн сангийн мөнгийг “Монгол шуудан, “Зоос”, Худалдаа хөгжлийн банк” гэсэн гурван банкинд байршуулж төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нь сайжруулах зорилгоор дэмжлэг үзүүлсэн. Гэтэл тэднээс хоёр нь байхгүй болчихоод байна. Тиймээс маш нарийн тооцоо, судалгаатайгаар зөв газраа дэмжлэг үзүүлэхгүй бол үр дүн багатай болдогт анхаарууштай. Монгол банк УИХ-ын харъяа байгаа өнөөгийн нөхцөлд мөнгөний бодлогыг төсөвтэй илүү уялдуулах, банкны салбарыг үр дүнтэй дэмжихэд Засгийн газар, ялангуяа уг салбарыг хариуцсан бүтцийн хувьд Сангийн яамыг идэвхтэй оролцуулах, түүнийг бүрэн мэдээллээр хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай.
-Төрийн банкийг хувьчлах талаар ярьж эхэллээ. Үүнд тодорхой хэмжээний хөрөнгө оруулагчийн хувьд Европын сэргээн босголтын банкны нөлөө ч байгаа тухай хэвлэлүүд бичиж байна. Та Төрийн банкны ирээдүйг хэрхэн харж байна вэ, түүний хувьчлалыг яаж хийх ёстой вэ?
-Төрийн банк бол “Зоос банкны үргэлжлэл гэж ойлгож байна. Тийм учраас “Зоос” банкны хэрэг эцэслэн шийдтэл Төрийн банкийг хөдөлгөх нь зохимжгүй. Эс тэгвэл “Зоос” банкны хэрэг гэгч нь замхраад дараагийн хувийн банктай уг асуудлыг ярих боломжгүй болно.
-Хувьчиллаа гэхэд хэнд хувьчлах вэ гэдэг асуудал бий?
-Олон улсын тендер зарлаад боломжийн нөхцлөөр хувьчилж болно. Би “Худалдаа хөгжлийн банк” болон “Хөдөө аж ахуйн банк”-ийг хувьчлах тендерийг зохион байгуулахад комисст нь орж ажиллаж байсан. Одоо дээрх хоёр банк боломжийн сайн ажиллаж байна. Хувьчлахын төлөө хувьчлах гэж яарах хэрэггүй болов уу. Бидэнд гашуун туршлага бий. “Хадгаламж” банкийг сайтар судлалгүй хувьчилсны дараа 14 тэрбумын хэрэг гарсан шүү дээ.
-Зарим нь монгол хүн хувьчилж авбал дэмий гэж, нөгөө хэсэг нь монголчууддаа л өгөөсэй гэж ярьж байна. Таныхаар?
-Хөрөнгө, бэл бэнчин, менежмент сайн нь тендертээ журмын дагуу оролцоод хувьчилж авч болно шүү дээ. Аль ч улс оронд нэлээд томоохон, гаднынхантай харилцах чадвартай банк наанадаж 2-3 байх нь зайлшгүй хэрэгтэй. Бүгдээрээ том банк байна гэж байхгүй шүү дээ. Гэхдээ банкны стратегийн салбар гэдгийг үргэлж анхаарах нь чухал.
-Одоо ажиллаж банкуудаас мөнгө угааж байгаа гэж хардахуйц бүрэн үндэслэлтэй объект танд ажиглагддаг уу?
-Эх үүсвэр нь тодорхойгүй, сайн мэдэгдэхгүй их мөнгөний урсгал л анхаарал татдаг шүү дээ. Яагаад гэнэт хэдэн арав, зуун сая ам.доллар орж, гарч байна вэ гэдгийг бодох л хэрэгтэй. Ашигт малтмалын салбарт элдэв барьцаатайгаар хөрөнгө оруулалт орж байх шиг байна. Гэхдээ валютын урсгал дээр хатуу хяналт тавих хэрэгтэй. Дээхнэ үед намайг Австрийн төв банкинд ажиллаж байхад орж, гарч буй бүхий л валютын урсгалд хяналт тавьж, мөнгөний нийлүүлэлтэд хэрхэн нөлөөлж буйг судалдаг байсан.. Ялангуяа жижиг орнуудад энэ хяналт маш чухал. Манайд валютын хяналт маш сул байна. Жишээ нь 2008 оны намар хямралын эхэн үед нэлээд хэмжээний валют гадагш гарахад л манайд валютын хэмжээ багасаад ханш нь савлаад эхэлсэн. Барууны дунд зэргийн компанийн хэмжээний эдийн засагтай манайх шиг орноор тоглоход тун амархан. Үүнд нэгдмэл бодлого,хяналт, мэдээлэл маш чухал.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
У.ОРГИЛМАА
"Улс төрийн тойм" сонин