Тус бүлэг нь өнгөрсөн онд гэр хорооллын харанхуй байсан гудамжийг гэрэлтэй болгож, хүүхдийн тоглоомын талбай тохижуулж, хог хаягдлыг ангилан боловсруулж өөрсдийн хуримтлалын сангаа арвижуулжээ. Мөн ”Долоон бурхан” хуримтлалын бүлэг 2005 онд санаа нийлсэн хэсэг иргэд өдрийн 200 төгрөг цуглуулж хуримтлалын сантай болох зорилго тавьж бүлгээ байгуулжээ.
“Долоон бурхан” хуримтлалын бүлгийн ахлагч С.Доржханд:- Бид хуримтлалаараа хүлэмж байгуулан ногоо тарьж бас хаягдал үнсийг ашиглан явган хүний замын хавтан хийж хог цуглуулж ангилан хаях ажлыг хийж ирлээ. Цаашид энэ хавийн айл өрхүүдээсээ ногооны хальсны хогийг тусад нь авч, хатааж малчдад өгөхөөр цуглуулж байна гэв. Аймгийн ИТХТ-дийн дарга Л.Гүнчин тус бүлгийн ажилтай танилцаад хуримтлалын бүлгүүд идэвхжиж олон ажлыг өөрсдийн санаачлага, хүч хөдөлмөрөөр хийж байгаад талархаад цаашид зохих дэмжлэг үзүүлж ажиллах болно гэв.