Дэлхий их гүрний харцаар

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Дэлхий их гүрний харцаар

Дэлхий их гүрний харцаар

WikiLeaks сайтад АНУ-ын Төрийн департаментын 251 мянган баримт бичиг, үүний дотор дэлхийн өнцөг булан бүрээс Элчин сайдын яамнаас нь ирүүлсэн нууц мэдээллийг тавьсан. Энэ нь АНУ хэрхэн өөрийн нөлөөг дэлхийд бэхжүүлэхээр оролдож буйг харуулж байна.

Үүнийг АНУ-ын гадаад бодлогын сүйрэл гэхээс өөрөөр нэрлэх аргагүй.

Ангела Меркелийн талаар АНУ ямар санаа бодолтой байна вэ? Тэр найдвартай холбоотон мөн үү? Өмнөх тэргүүн нь муутгасан Вашингтонтой харилцах харилцаагаа тэрбээр  үнэн хэрэгтээ засахыг оролдож байна уу?

АНУ-аас Германд сууж байсан тэр үеийн элчин Тимкен (William Timken) 2006 оны сүүлчээр Төрийн департаментад илгээсэн цахилгаандаа Атлантын далай дамжсан харилцаанд ахиц гарч байна, гэхдээ канцлер “харил­цаа­ны агуулгыг мэдэгдэхүйц сайж­руулахаар зоримог алхмыг одоо­гоор хийгээгүй байна” гэсэн байв. Үүнийг магтаал гэж хэлэхэд хэцүү.

Германы Гадаад хэргийн сайд Гвидо Вестервеллегийн (Guido Westerwelle) талаар тэд юу бодож байна вэ? Түүний санаа сэтгэмж “агуулгагүй” гэж АНУ-аас одоо Германд суугаа Элчин сайд Филип Мерфи (Philip Murphy) ээлжит мэдээндээ бичсэн байна. Үүний шалтгааны Мерфи тайлбарлахдаа “Гадаад бодлого ба аюулгүй байдлын ээдрээтэй асуудлуудын ойлголтоо Вестервелле гүнзгийрүүлэх хэрэгтэй” гэсэн байв.

Ийм тайлбарыг нөхөрсөг гэж хэлэх нь хаашаа юм бэ. Америкийн дипломат корпусын гишүүд бүгдийг эсвэл нөхөр, эсвэл дайсан гэж хурдан ялгаварладаг. Саудын Арабын ван Абдулла бол найз, учир нь тэрээр хөрш иранчуудаа дэмждэггүй мулла нарын дэглэмийг үл тоомсорлон “тэдэнд тогтворгүй байгаад нь эргэлзэх зүйлгүй” гэж хэлсэн. Харин түүний холбоотон Абу-Дабигийн эмир Шейх ибн Зайд хэн бэ? Бас л найз. Тэрээр “Иранд цөмийн зэвсэг гарч ирэх урт хугацааны үр дагавараас богино хугацааны ердийн дайныг Ирантай хийх нь дээр” хэмээн үздэг.

“Ираныг харагч” Азербайжаны нийслэл Бакуд байгаа нь Төрийн нарийн бичгийн дарга Клинтоны элч төлөөлөгч нараас тодорхой болов. Тэр хүнээс Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн хуралдаан дээр гарсан маргааныг мэдсэн байв. “Хувьсгалын манааны” штабын дарга  Мохаммад Али Жафари ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадтай маргалдан уур­лаад түүнийг алгадаад авжээ. Учир нь консерватив сэтгэлгээтэй ерөнхийлөгч чөлөөт хэвлэлийн төлөө байсан гэнэ.

Улс төрийн сүйрэл

Ойрын өдрүүдэд New York Times, Лондоны Guardian, Парисийн Le Monde, Мадридын El Pais ба SPIEGEL Төрийн департаментын нууц бичиг баримтуудын сороос нь хэвлэж эхлэх ба бүх сонины гарчиг Америкийн дипломатын барим­туудын сэдвээр дүүрэх болно. АНУ-ын Элчин сайд нарын Төрийн департаментад явуулж байсан 243270 баримт мэдээ, Төрийн департаментаас дэлхийн Элчин яам­дад явуулсан 8017 захирамж ил тод боллоо. Ойрын өдрүүдэд сонирхсон хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лүүд Америк дэлхийг хэрхэн захирахаар оролдож байгаа сэдвээр дүүрэн байх болно. Энэ үйл явдал нь Америкийн бүхий л гадаад бодлогын чиг хандлагын сүйрэл гэхээс өөр аргагүй.

Хүн төрөлхтний түүхэнд их гүрэн ийм их хэмжээний мэдээллийг алдсан тохиолдол байхгүй. Тэднээс АНУ-ын гадаад бодлого тогтдог суурийн талаар сайн мэдээлэл авч болно. Америкийн итгэл түн­шүүдийнх нь нүдэнд ингэж хүчтэй ганхаж байсангүй. Одоо тэдний хувийн үзэл бодол, зөвлөмж ил тодоор мэдээлэгдэв. Тэдэнтэй хамт түншүүдийнхээ талаар Амери­кийн бодол санаа ил боллоо.

Жишээлбэл, олон нийтийн санал асуулгаар хамгийн алдартай улстөрч, Германы Батлан хамгаалахын сайд Карл-Теодор цу Гуттенберг (Karl-Theodor zu Guttenberg) аме­рик дипломатуудтай уулзахдаа тан­хи­мын өөрийн нөхөр Гвидо Вес­тервеллег муулж, ховлож байдаг нь эндээс тодорхой болов. Төрийн нарийн бичгийн дарга Клинтон, Ром, Москвад суугаа Элчин сайд нараасаа Сильвио Берлускони ба Владимир Путин хоёр сайн найз нараасаа гадна хамтарсан хувийн бизнестэй гэсэн яриа нь аль хир  үнэн болохыг ба­тал­сан мэдээ ирүүлэхийг хүссэн байв.

Америкийн элчин нар ажиллаж байгаа орныхоо тухай өөрсдийн үнэлгээнд  шулуухан хайр найргүй ханджээ. Ажил нь юм чинь аргагүй биз. Кени гэхэд л авлигын цэцэглэж буй намаг, бүх орноороо тийм гэгдсэн байв. Кенийн төрийн бүт­цийн 15 өндөр тушаалтанд АНУ-д очихыг хориглосон ба Элчин яамны мэдээнүүдийн үг бүрээс ерөн­хийлөгч Мваи Кибаки, ерөнхий сайд Раил Одингийн Засгийн газрыг үл ойшоосон үнэр ханхална.

Нийгмийн сонирхол аюулгүй байдлын сонирхлын эсрэг

Туркийг түүнээс дутахгүй муул­сан байв. Ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган (Recep Tayyip Erdogan) нь улс орноо чадвар муутай зөвлөхүүдийн тусламжтайгаар удир­даж байна, улс орон нь исламизмд орж байна хэмээн Элчин сайдын яамнаас бичсэн нь түүнийг Европын холбооны гишүүнд элсүүлэхгүй гэсэн хориг бололтой.

Афганы дайны тухай долдугаар сард хэвлэгдсэн 92 мянган баримт, саяхан нийтлэгдсэн Иракийн дайны тухай 400 мянган баримт одоогийн Төрийн департаментын мэдээллүүд нэг эх сурвалжаас WikiLeaks сайтын илчилэгч нарт дамжуулагдсан болол­той. Өмнөх шигээ WikiLeaks авсан материалаа хэвлэл мэдээлэл дэх өөрийн түншүүдэд тайлбар тойм хийлгэхээр өгсөн юм.

SPIEGEL тавин сэтгүүлч, шин­жээчдийн хэсэг байгуулан эдгээр баримтуудад тойм, дүгнэлт хийлээ. Бид ихэнх тохиолдолд хэрэв тэрээр улс төрийн жин татахаар өндөр албанд биш америк мэдээлэгчийн нэрийг гаргахаар эрмэлзээгүй. За­рим тохиолдолд АНУ-ын засаг за­хир­гаа аюулгүй байдлын үүд­нээс түгшиж байгааг бид зөвшөөрсөн. Бусад то­хиолдолд нь бид нийг­­мийн сонирхол нь аюулгүй байдал гэс­нээс давуутай гэж үзлээ. Дүгнэлт шин­жилгээг явуулахдаа төрийн нууц, аюулгүй байдлын сонирхол ба нийг­­мийн сонирхлыг SPIEGEL ямагт тооцож ирсэн юм.

Одоо дэлхийн улс төрийн олон үйл явдлуудыг түүнд оролцогчдын санаагаар дамжуулан харах боломж нээгдэж байна. Тэр үйл явдлуудын талаарх бидний ойлголт улам их болов. Зөвхөн тэр нь нууц гэгдэх зүйл төрийн хэм хэмжээнээс илүүтэй ил тод байх ёстой гэсэн чухал утга учрыг өгч байна.

Афганистан ба Иракт хамааралтай цэргийн нууц алдагдсаны дараа Америкийн дипломатууд мэдээлэл алдахаас айх болов. Сүүлийн хагас жилийн дотор энэ нь WikiLeaks дээр гарч байгаа гурав дахь том алдагдсан мэдээлэл болж байна. Харин энэ удаа Вашингтон нэлээд хүчтэй хэлмэгдэх бололтой. Эдгээр мэдээллийн хагас хувь нь нууцын зэргийнх биш. Тэдний 40,5 хувь нь нууц гэсэн тэмдэглэлтэй. Мэдээллийн зургаан хувь нь буюу 16652 нь “нууц” тамгатай бөгөөд тэдний 4330 нь маш аюултай гээд NOFORN гэсэн тамгатай. Тэднийг америк иргэдэд уншихыг хориглосон байгаа. Тэнд байгаа нийт бичлэгийн хэмжээ нь долоо хоногийн SPIEGEL сэтгүүлийг 66 жилээр дүүргэж байхаар их.

Хов жив ба жинхэнэ үнэн

Баримтуудын ихэнхийг явуулсан хүмүүс нь ойрын 25 жилдээ нууцын зэрэглэлд байна гэдэгт итгэлтэй байснаас түүнийг бичжээ. Яагаад гэвэл Вашингтоны элч төлөөлөгчид Төрийн департаментын штабдаа цуу яриа, хов живийг хүртэл илгээж байжээ. Тухайлбал, Москва дахь Элчин сайдын яамнаас явуулсан нэг мэдээнд Оросын тэргүүн хатагтай Светлана Медведева “лагериудын хооронд сөргөлдөөн үүсгэн хов живийн бай болж байна” гэжээ. Цааш нь ерөнхийлөгчийн эхнэр Медведевт үнэнч биш байсныхаа хувьд “хэлмэгдэх” ёстой албан тушаалт­нуудын жагсаалтыг гарга­жээ гэж бичсэн байв. Өөр нэг мэ­дээнд Азербайжаны лидер Ильхам Алиевын эхнэр гоо сайхны өч төчнөөн мэс засал хийлгэсэн учир түүнийг алсаас охидынх нь нэг­тэй андуурч болохоор, мөн нүүр ца­райгаа захирч чадахаа байсан гэжээ.

Харин эдгээр баримтуудад тэдний үг хэзээ нэгэн цагт ил гарна гэдгээс айлгүйгээр улстөрчид жинхэнэ үнэнийг хэлж байгаа нь магтууштай.
Эдгээр баримтууд юуг үзүүлж байна вэ? АНУ дэлхийг ногтлоод авсан байгаа гэж хэлээд байна уу?

Хямралтай чухал бүс нутагт улс орон өөрийн холбоотнууддаа бүрэн биш итгэлтэй их гүрэн гэсэн сэтгэгдлийг тэд төрүүлж байгаа. Тухайлбал, Пакистантай ажил үйлс нь тийм л байна. Энэ тогтворгүй цөмийн гүрэнд террористууд аюул­тай цөмийн материалыг нь авна гэд­гээс америкчууд айж байгаа билээ.

Иймэрхүү айдас Йеменд ч гарч байна. Эд хөрөнгөд нугасгүй орон нут­гийн лидерт, өөрийн ёс  зарч­маа зөрчин өөрийгөө ашиглах болом­жийг америкчууд өгч байна. “Аль-Каида­тай” тэмцэхэд зориулсан Аме­рикийн цэргийн тусламжийг нь Али Абдул­ла Салих улс орныхоо хойд хэ­сэг дэх өөртэй нь сөргөлдсөн ом­гийнхонтой тэмцэхэд ашиглаж ирэв.

Шил дараалсан доромжлол

Саддам Хусейн унасны дараа ч ялагч гүрэн өөрийн эрмэлзлэлээ Иракт тулгахад ээдрээтэй л байв. Багдадад хэд хэдэн хүч чадалтай элчин (олон улсын хэвлэлд тэдний талаар дэд вангууд байсан мэтээр бичиж байв) солигдсон бөгөөд одоо гайгүй шиг ардчиллыг хийгээд өгөөч гэж гуйхаар Иракийн холбоотон улстөрчдөд дэд ерөнхийлөгч Жо Байден бараалхах болжээ. Гэлээ ч Элчин яамны мэдээгээр Обамагийн орлогч ямар нэгэн амжилтад хүрээгүй байна.

Үүний оронд америкчууд, “Хийсэн алдаануудаас хамгийн том нь” Иракийн дайн гэдгийг үргэлж мэдэж байсан мэтээр загнан “Иракийн ардчиллын мартахыг” зөвлөсөн Египе­тийн ерөнхийлөгч Хосни Мубаракийн төгсгөлгүй айлтгалыг сонсох болж байна. Мубаракийн хэлж буйгаар АНУ-ын арми явсны дараа энх тайванд шилжих үеийг хангах шилдэг арга нь цэргийн эргэлт болох ажээ. Түүний энэ үг тэртэй тэргүй тааламжгүй байдлыг хурцатгасан доромжлол юм.

Ерөнхийдөө Ойрхи Дорнодоос ирсэн мэдээнүүд нь их гүрний сул талыг харуулж байна. Өөрөө амьдрахын тулд энэ бүсийн эрчим хүчний эх үүсвэрээс авахыгаа Вашинг­тон амин чухал гэж тоо­цож иржээ. Түүнээсээ үүдэн дэлхийн тэргүүн гүрэн янз бүрийн сонирхлын субъектуудын гарт тоглоом болдог нь ховор тохиолдол биш. Үүний зэрэгцээ түүнийг арабууд ба израильчууд, шиитүүд ба суннитууд эсвэл лалынхан ба шашны хөрөнгийг хураахын төлөө байдаг хүмүүс, дарангуйлагч ба вантнуудын хоорондын маргаанд татан оруулж байна. Эдгээр баримтаас Вашингтон дахь найз нараа арабын лидерүүд засаглалдаа өөрийн нөлөөг нэмэг­дүүлэхэд ашиглаж байна гэсэн дүгнэлтийг харж болно.

Эх сурвалж: A Superpower’s
View of the World
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж