Тараах мөнгөө лиценз бэлэглэж байж авна гэж үү

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Тараах мөнгөө лиценз бэлэглэж байж авна гэж үү

Тавантолгойн нүүрсний орд газар үнэхээр 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй юу? Энэ асуу­лтад Засгийн газрын ги­­шүүн С.Зоригт, С.Батболд нар “тийм” гэж хариулах байх. Тавантолгойн ордын бүх нөө­цийн 1.5 тэрбум тонн нь дэл­хийн гангийн үйлдвэ­рүү­­­дийн амь амьдралыг шийд­дэг кокс­жих нүүрс. Нэг тонн кокс­жих нүүрсний үнэ дэл­хийн зах зээл дээр 120 аме­рик долларын ханш­тай гэж байгаа. Энэ бол өн­гөр­сөн онд судлаач­дын дунд­жилж тооцсон ханш.

Тавантолгойн ордыг ийм баян гэхэд толгой сэгсрэх уул уурхай мэргэжилтнүүд захаасаа аваад олон таарах юм. Ганцхан жишээ дурьдахад, уул уурхайн эдийн засгийг дорвитой судалж, зөв бурууг нь дэнсэлж дуугардаг  доктор С.Авирмэд “Тавантолгойн нөөц 6.4 тэрбум тонн гэдэг худлаа. Нөөцийг бүрэн тогтоож чадаагүй. Одоо тогтоогдсон ба­талгаатай нөөц нь нэг тэрбум гаруй тонн гэдгийг ам бардам хэлж чад­на” гэж мэдэгдээд байгаа. Хэ­нийх нь зөв бэ? Хэлээд өгчих хон­шоор­той аавын хүү алга уу? Төрөө дээдэлдэг мон­гол­чуудын олонх Засгийн газрын­хаа гишүүдийн үгэнд итгэж байх шиг байна.

Яг үнэндээ бол талын таван толгойн гурав нь дэлхийн зах зээлээс ашиг олж болох сайн чанартай нөөцтэй гэх ярих эх сурвалж байна. Нөгөө хоёрынх нь нүүрсийг олборлоод ч хэрэг­гүй, дэлхийн зах зээл үнэд хүрэх­гүй “хог” гэх юм. Хэрвээ энэ үнэн бол монголчууд Таван­тол­гойгоос 6.4 тэрбум нүүрс ол­бор­лож дэлхийн зах зээлд борлуулаад зуун дамнаж ашиг олж амьдрах нь гэж хууртаж болохгүй нь байна шүү. Буруу хойшоо гэж.

Тавантолгойн сайн чанарын нүүрстэй хэсэг Ухаахудаг, Цанх, Бортолгой гэнэ. Эдгээрээс бу­сад нь үнэд хүрэхгүй нүүрс­тэй. Юутай ч Тавантолгой гэдэг чинь тэр аяараа үнэд хүрэх нүүрстэй орд биш байх нь. Нөө­цийн тухайд маргаад юу хийх вэ. Нэг тэрбум бай, зургаа ч бай хангалттай нөөцтэй орд. Жилд 20 сая тонныг олбор­ло­ход 50 жил ашиглана. Ухааху­да­гийн ашиглалтын тусгай зөвшөөрөл­тэй талбайд нийт ордын кокс­жих нүүрсний 20 хувь бай­гаа гэсэн. Ухаахудагийн ордыг манай улсын толгой компаниу­дын хөрөнгө оруулалттай “Энер­жи ресурс” ХК ашиглаад эхэл­чих­сэ­нийг бүгд мэдэж бай­гаа. Ухаахудагаас ухсан нүү­рээ­сээ Хятад руу угаагаад экспорт­олж байгаа. Үйл ажил­ла­гаа­гаа өргөтгөх 650 сая ам.долларыг олон улсын зах зээлээс босгоод удаагүй байна. Эзэд нь ч Монголын анхны “ногооны” тэрбумтан болсон. Ул­сын хөрөнгөөр хайгуул хий­сэн ордыг хувийн хэвшил ашиг­лаад тэрбумтан болоод байгааг ёстой  манай төрийн том тэнэглэл гэхээс өөр юу гэх вэ. Энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өдөр бүр бичиж байгаа болохоор дахиж нурших илүүц биз. Ха­шиг­а­раад ч хэрэггүй түмний мэд­лээс аль хэдийнэ гарсан эд.

Тэгвэл цаана нь түмний мэ­дэлд Цанх, Бортолгой гэх баян нөөцтэй хоёр хэсэг үлдсэн.  Засгийн газар Тавантолгой ашиг­лах 15 тэрбум ширхэг хувьцаатай “Эрдэнэс Тавантол­гой” компанийг байгуулснаар галт тэрэг замдаа гарсан. “Эрдэ­нэс тавантолгой” сайн чанарын нүүрстэй Цанхийн ордод хөрс хуулалтаа эхлэв. “Эрдэнэс Таван­толгой” компанийн хувьцаа­ны 10 хувийг монголчуудад үнэ­гүй, бас 10 хувийг нь аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн хан­шаар нь зарна. 30 хувийг гадаадын хөрөнгийн бирж дээр борлуул­на. Ингээд төр 50 хувиа атгаад сууж байна гэсэн үг.

Засгийн газар Тавантолгойд стра­тегийн хөрөнгө оруулагч оруулна гэж яриад байгаа. Өөрийн­хөө 50 хувь дээр ол­бор­ло­сон нүүрсээр нь нөхөн төлбөр хийх гэрээгээр стра­те­­гийн хөрөнгө оруу­лагч та­тах хувилбарыг Зас­гийн га­зар сонгожээ. Гэвч ашигт малтма­лын тухай хуульд ашиглалтын тусгай зөвшөө­рөл эзэмшдэг ком­па­нийг стратегийн хөрөнгө оруулаг­чаар оруулна гээд заа­чи­хаж. Стратегийн хөрөнгө оруу­лагч нь ашиглалтын тус­гай зөвшөөрөл эзэмшихгүй, опе­ра­торын үүрэгтэй орж ирэх ёстой. Ингээд Засгийн газар мэдлийнхээ 50 хувь дээр нүүр­сээ­рээ нөхөн төлбөр хийж, стра­те­гийн хөрөнгө оруулалт хийх хөг нь өнгөрөв. Засгийн газ­раас Ашигт малтмалын тухай хуульд оператор компа­нийг стратегийн хөрөнгө оруулаг­чаар оруулах гэсэн заалт нэмэх төсөл оруулсан. Гэвч УИХ бу­цаа­чих­сан.

Одоо нөгөөдүүл чинь Цан­хийн зүүн, баруун хэсэг гэж яриад эхэлсэн. Цанхийн нэг хэсгийг “Эрдэнэс Тавантол­гой”-д эзэмшүүлээд, нөгөөг нь стратегийн хөрөнгө оруулаг­чид ашиглалтын тусгай зөвшөө­рөлтэй нь “бэлэглэх” гэж байгаа юм биш биз. Ингэвэл Ашигт малтмалын тухай хуулийн стра­тегийн хөрөнгө оруулагч оруулах заалттай нийцнэ. Энэ заалттай нийцлээ гэхэд газрын хэвлийн баялаг бүх ард түмний мэдэлд байна, улсын хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг ашиг­лах эрх төрд байна гэсэн агуул­га­тай заалтуудтайгаа харшил­даад эхэлж байгаа юм. Олон ком­пани стратегийн хөрөнгө оруулагч болох саналаа илэр­хийл­сэн. Хэнийг нь сонгохыг хүлээж байгаа. Заавал стра­тегийн хөрөнгө оруулагч шаард­лагатай юу? Засгийн га­зарт тэрэн шиг хэрэгтэй юм байх­гүй. Стратегийн хөрөнгө оруулагчаас 440 тэрбум төгрө­гийн урьдчилгаа авч чадахгүй бол амлалтын мөнгө тарааж чадахгүй баларлаа л гэсэн үг. Огцрох дээрээ тулах байлгүй. Засгийнхан сандарч байгаад эргэлзэх юм алга.

“Тавантолгой” нөөцөөсөө ава­­хуулаад хэрхэн ашиглах, хэ­­зээ олборлолтоо эхлүүлэх хүр­­тэл оньсого шиг нууц бай­на. Тав байсан бол сүүлдээ бүр Зас­гийн газрын мэдэлд Цанх, Бортолгой хоёр үлдсэн болж хувирлаа. Цаашлаад стра­те­гийг хөрөнгө оруулагч оло­хын тулд ашиглалтын тус­гай зөвшөөрөл “бэлэглэх” хэ­­рэг гарах нь. Зас­гийн газ­рын амлалтаа биелүү­лэх ганц боломж Таван­толгой. Мань хаш­рууд нүдээ аниад ашиг­лал­тын тусгай зөвшөөрөл өгчих вий дээ. Шатрын хөлөг дээр бод­ло­го­ширч суугаа С.Бат­болд сандрах­даа бэрсээ хүү­гээр сольчихгүй байлгүй гэж найдья.

Т.ЭНХБАТ

Зохиогчийн эрх:
 "Монголын мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж