Монголын хөгжмийн урлагийн нэгэн жаран

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Монголын хөгжмийн урлагийн нэгэн жаран

Монголын хөгжмийн урлагийн шижирээр давтаж, сувдаар хэлхсэн нэгэн жаран

Энэхүү дурсамж өгүүлэлдээ ардаар овоглосон Дуу, бүжгийн эрдмийн чуулгын Алтан үеийнхэн хэмээгч урлагийн бурхдын “амьд” түүхээс товчхон өгүүлэхийг хичээлээ. Тайзнаа мөнхөрсөн 60, 70, 80, 90-ээд оныхны сэтгэл зүрхэнд шингэсэн бүтээлийн эздийн урлах эрдмийн арвин сангаас хойч ирээдүй маань өвлөн үргэлжлүүлэн хөгжүүлээсэй гэсэн чин зорилгыг өвөрлөн үзэг  цаас нийлүүллээ. Өнөөгийн Үндэсний дуу бүжгийн чуулга маань тэртээ 1945оны дайны хүнд бэрх жилүүдэд “Эстрад хөгжмийн товчоо” нэртэйгээр сууриа тавьж 65 жил 1950 онд Ардын дуу танцын ансамбль болж өргөтгөгдөн нээлт хийсний 60 жил түүх арванхоёрдугаар сард тохиож байлаа. Тус чуулгын түүх хүмүүний амьдралын нэгэн жаран давсан түүх тэр тусмаа ардын урлагийн ширгэшгүй арвин сангаас алт тунгааж, сувд шүүрдсэн үнэн түүх билээ. Анх 19 настайдаа Хөгжим бүжгийн дунд сургууль төгсөж  долуулаа Соёлын яамны томилолтоор энэ их айлын хаалгаар азаар хөл тавьж байлаа. Биднийг зарим нь 40 гарч яваа “алтан үе”-ийнхэн болох дээдэс маань ир урлагийн хэл хөл оруулж байсан маань саяхан мэт. Хүмүүний нэгэн насны амьдрал үүлэн чөлөөний наран адил богинохон ажээ.  Тэр “шижирүүд” маань бидний дунд алга. Олон арван дурсамж сэтгэгдэл тоочиж уншигчдаа чилээхээс зайлсхийж таны ч миний ч сэтгэл зүрхэнд мөнхөрсөн алтан үеийнхний бүтээлийн цуваанаас энд дурьдъя.

1.Урлагийн гавьяат зүтгэлтэн Гончигийн Цэрэндоржийн хөгжим ардын жүжигчин, төрийн соёрхолт, бүжиг дэглээч Ц.Сэвжидийн “Монгол бүжиг”ийн чуулбар бүжигчид бүжиглэнэ.

2. Урлагийн гавьяат зүтгэлтэн  Э.Чойдог “Монголын сайхан орон” Ардын найрал хөгжимчид хөгжимдөнө.

3. Монгол ардын уртын дуу “Уяхан  замбуу тивийн наран” ардын жүжигчин, төрийн соёрхолт дуучин Н.Норовбанзад дуулна.

4. Монгол ардын дуу “Хөх торгон дээл”, ардын жүжигчин Д.Лувсаншаравын ая “Усны тунгалаг Тамирын гол” ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл ятгын чуулгатай дуулна. 

5. “Жонон хонгор” урлагийн гавьяат зүтгэлтэн Нансалмаа дуулна.

6. Э.Чойдог “Миний ээж” гавьяат жүжигчин Д.Цэрэндолгор дуулна.

7. Монгол ардын дуу “Улиастайн гол” гоцлол дуучин Адарсүрэн, гавьяат жүжигчин Хоролсүрэн, ардын жүжигчин А.Нэргүй,Ч.Батсайхан, гавьяат жүжигчин Н.Мэнд-Амар, Д.Банзрагч үргэлжлүүлбэл хэвлэлийн хуудас ч багадах нь ээ.

Хэний тухай юуны тухай дурсах гээд байгаа нь ойлгомжтой биз. “Урлагийн мастеруудын концерт” Гончигийн Цэрэндорж гэдэг агуу их авьяастны сэтгэлд бууж нөхдийнх нь бүтээлээр хөглөгдсөөр 50, 60 жил тайз эзэгнэн цаг үеийн шалгуурыг даван үе үеийн үзэгчдийн сэтгэл зүрхэнд мөнхөрчээ. Ид бүтээх насандаа зуурдаар хорвоог орхисон. Ардын дуу бүжгийн чуулгын уран сайхны удирдаач урлагийн гавьяат зүтгэлтэн Гончигийн Цэрэндорж багшийн тухай дурсахгүйгээр өнөөгийн Ардын дуу бүжгийн эрдмийн чуулгын тухай ярихын ч хэрэггүй юм. Г.Цэрэндорж багш нөхдийн хамт тухайн үед шинэчлэгдсэн уран бүтээлчдийнхээ хүч авьяасаар  бүтээсэн “Урлагийн мастеруудын концерт” маань хөгжмийн урлагийн сонгодог загвар болж өнөөдөр ч Монгол түмэндээ мөнхрөн уламжлагдаж урлагийн алтан брэнд болон гялалзаж байна. Энэ сайхан бүтээлийг монгол төрийн бодлого хэрэгжүүлэгч БСШУЯ Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын удирдлага уран бүтээлчид маань өвлөн, тордож баяжуулан хөгжүүлж явах ёстой. Ерөөсөө тоочвол барагдашгүй өв санг үлдээсэн байна. Түүхт ойн үеэр залуус, амьд сэрүүн байгаа нь түүх уламжлалаа бичиж ярьж тэмдэглэн өнгөрүүлнэ биз. Бидний дээдэс урлагийн түүхэнд ямархан баларшгүй ул мөрөө үлдээв гээд бодохоор түм буман ардын дунд тэнүүн хээр тал, алтан шаргал говь, цаст өндөр уулс, мөнх цэнхэр тэнгэрийн дор айл гэрийн хойморт заларч байсан язгуур монгол урлагийн төрөл зүйл болох дуу бүжиг,  хөгжим хөөмий, уран нугаралт, домог туульсыг тайзнаа залан уламжлал шинэчлэлийг хослуулан хөгжүүлж Монгол түмэн, залуу уран бүтээлчдэдээ өвлүүлэн үлдээсэн. Монголчууд ийм л давтагдашгүй баялаг соёл, хөгжлийн өв сантай ард түмэн билээ гэдгийг дэлхий дахинд сонордуулсан “алтан үеийнхэн” билээ. Жирийн хөгжимчин би бурхдын бүтээсэн монгол урлагийн буянаар орон орны уран бүтээлчдийн мөрөөдөөд бардаггүй Москвагийн эрдмийн их театрын тайзнаа хоёронтоо, Европ, Азийн дэлхийд нэртэй том театрын тайзнаа нижгээд гарч сайхан Монгол урлагаар дамжуулан эх орноо сурталчилсан байх юм. Эцэст нь Монголын үндэсний хөгжмийн энэ сайхан урлагийг  зөв бодлогоор хөгжүүлэхэд авьяас билэг оюун ухаанаа зориулсан тухайн үеийн соёлын яамны төлөөлөл Л.Ванган, Ч.Лодойдамба, Лувсанвандан, Ж.Бадраа, Д.Лувсаншарав нарын талын бэлчээр, үйлдвэрийн цехээс төрсөн авьяастнууд маань урлагийн өндөр мэргэжил эзэмшиж амьдрал, уран бүтээлээ эх орондоо зориулсны хүчинд Монгол үндэсний хөгжмийн урлагийн тулгын гурван чулууны нэг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга өдий зэрэгтэй явааг дурьдах нь зүйтэй. Эндээс харахад зөв бодлого, авьяас билэг, бүтээлч хөдөлмөр л энэ их өвийг бий болгожээ. Тэгвэл өнөөдрийн залуус, бодлого бүтээгчид, урлан бүтээгчид минь юу хийж явна? Төр түмэн ахмад бидэндээ түүхт ойгоороо тайлагнана биз ээ.

Ахмад хөгжимчин П.Амгаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж