Туул голын тухай хууль санаачилсан хүнийг Зайсан толгойд мөнхөлнө өө

Хуучирсан мэдээ: 2010.12.01-нд нийтлэгдсэн

Туул голын тухай хууль санаачилсан хүнийг Зайсан толгойд мөнхөлнө өө

Туулын урсгал шөнөдөө сайхансан…

Туул нь Монгол Улсын төв, хойд хэсгээр урсдаг гол юм. 704 км урттай бөгөөд ус цуглуулах талбай нь 49.840 км квадрат. Хагийн хар нуураас эх авч, Хэнтий, Төв, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын нутгаар урсан өнгөрнө.  Энэ бол нийслэлчүүд бидний ундны усны эх үүсвэр болсон Туул голын газарзүйн тодорхойлолт юм л даа.

Дээрх тодорхойлолтыг уншихад сайхан санагдаж байгаа биз дээ. Гэхдээ одоо энэ тодорхойлолт түүх болж, Туул гол алга болоход хүрээд байна. 49.840 км квадрат ус цуглуулах талбай нь 50 хувиар багасч байгаа гэсэн тооцоо бий. Сүүлийн жилүүдэд  Улаанбаатар хотын байгаль орчны бохирдол Туул голд шууд нөлөөлөх болсон нь ийнхүү урсгал нь тасрахад хүргэжээ. 

Гэтэл Улаанбаатар хотод амьдарч байгаа 1.6 сая хүн, 20 мянган үйлдвэр, аж ахуйн газар, 400 га тариалангийн талбай, 330 мянган толгой мал, гурван цахилгаан станцын усан хангамж Туул голоос бүрэн хамааралтай байна. Өөр ундны эх үүсвэр алга. Энэ юу гэсэн үг вэ. Нэг л хариулт байна. Нийслэлд амьдарч байгаа 1.6 сая хүн хэдхэн жилийн дараа цэвэр усны эх үүсвэргүй болно. Ингэвэл бохир усандаа хордоод, элдэв халдварт өвчний үүр болно. Гайтийг санаж байгаа биз дээ. Түүн шиг. Гайти гэж хол ярих ч хэрэг алга. Говь-Алтайнхан яаж байгаа билээ. Бохироос болоод хэдэн зуугаараа шар өвчнөөр өвчлөөд байгаа биз дээ. Усны хэрэг эрхлэх газраас саяхан 6-10 жилийн дараа Туул гол нийслэлийн иргэдийн цэвэр усны хэрэгцээг хангаж дийлэхгүй болтлоо татрах тухай  цухас дурьдсан байна лээ. Их л эерүүлж хэлсэн байх.  Байдал ийм дээрээ тулаад байхад Туул голоо аврахын төлөө, урсацыг нь нэмэгдүүлэх, бохирдлыг нь арилгахын төлөө дорвитой ажил хийж байгаа хүн байна уу, энэ төрд, улсад. Телевизээр гарах дуртай, од болох гэсэн хэсэг нөхөд л баахан аян гээчийг зохиох шив.

Зарим нэг эх оронч сэтгэлгээтэй, байгалиа хам­гаалах сэтгэлтэй залуус Туул голын хэсэгхэн хөвөөг цэвэрлэснийг эс тооцвол. Үр дүн гэж алга. Залууст үүнээс өөр эрх байх биш, хогийг нь цэвэрлэхээс өөр яах билээ. Сүүлдээ Туулын тухай ярьж байгаа хүнийг сонгуульд нэр дэвших нь гэлцдэг болж. Онигоо, онигоо.

Мянган аян өрнүүлээд ямар ч хэрэггүй гэдгийг бид хангалттай харлаа. Туулыг аврах ганцхан арга байна. Тэр бол хуультай болгох. Туул голын тухай гэсэн нэртэй. Хууль тогтоох эрх мэдэлтэй субъект олон бий. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, УИХ-ын 76 гишүүн. Тэд өөрсдөд нь хамаагүй юм шиг л яваа, өнөөдөр.

Харин хамгийн их хамаатай байх ёстой хотын дарга Г.Мөнхбаяр гуай хэдэн төгрөг шидсэн болоод түүнийгээ асар их ажил хийсэн болгоод ярьж байгаа. Ирэх жилийн нийслэлийн төсвийн 15 хувийг Туул голыг хамгаалахад зарцуулна гэнээ. Яг ш дээ. Хогийг нь цэвэрлэсэн, хашаа хатгасан гээд л хэн нэгний халаас руу нөгөө хэдэн зуун сая төгрөгөө хийчихнэ биз. Ойлгомжтой. Одоо хэдэн зуун сая биш хэдэн зуун тэрбумаар ярьдаг болсон доо. Өнөөдрийнх шиг аян зохион байгуулж, өгүүлэл бичүүлж, хогийг нь цэвэрлүүлээд 100 жил нийслэлийнхээ төсвийн тэр чигт нь зараад ч Туул энэ хэвээр байсаар мөхөх нь. Харин тэрний оронд хууль санаачилсан нь хамгийн оновчтой шийдэл гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна.   Одоо байгаа Усны тухай хууль цоорхой ихтэй учраас юун Туулыг хамгаалах, харин ч сөнөөгөөд байгаа нь нууц биш. Тэгээд ч Усны тухай хууль Туул голд ямар ч нөлөө үзүүлэхгүй гэж мэргэжилтнүүд ярьж байна. Тийм болохоор  зөвхөн Туул голыг хамгаалах тухай хуультай болмоор байна.  БНСУ-ын жишиг гэхэд нэг голыг хамгаалах хамгаалалтын бүсэд зориулсан хууль байдаг юм билээ.  Хэрэгтэй хэрэггүй гадны юм бүрийг дууриаж байхаар энэ мэт хэрэгтэйг нь хуулах хэрэгтэй баймаар. 

Одоо ийм л болж дээ…

Одоогоор Туул голын орчимд аялал жуулчлал, амралтын 21, арьс ширний 29, ноос ноолуурын 26, элс хайрганы 29, алт олборлох 23 гээд нийт 300 гаруй аж ахуйн нэгж газар эзэмшиж байгаа гэсэн судалгаа байна. Тэгээд дээрээс нь орон сууцны хэчнээн барилга баригдсан. Энэ бүхэн л дээр дурдсан хууль санаачлах эрх бүхий хүмүүст ашиг сонирхлын зөрчил үүсгээд байгаа нь гарцаагүй. Өөрийнхөө юмыг өөрөө устгах хууль хэн санаачлахав дээ. Туул голын эрэг хавиар үйлдвэргүй, барилга бариагүй ганц нэг гишүүн байгаа гэж найдаж байна. Тэр хүн бол жинхэнэ шударга хүн гэгдэнэ дээ. Хувийн өмчөө сүйтгүүлэхгүй гэсэн нөхдүүд эсэргүүцэж л таараа. Гэхдээ улс орны эрх ашиг гэж нэг юм байх ёстой байлгүй. Ямар нэг байдлаар хууль батлах л хэрэгтэй байна. Ийм хуулийн төсөл санаачилсан хүнийг 1.6 сая хүн хамгаална гэдэгт бүү эргэлз. Бүр нэлээд хатуу хууль боловсруулж, батламаар л байна. Туул голын эрэг хавиар байгаа үйлдвэрийг нэн даруй буулгаж, эрэг хавийн барилга, байшинг нураах хэрэгтэй. Гол бохирдуулсан хүнийг 20 мянган төгрөгөөр торгох биш 1.6 сая хүний эрүүл мэнд, ирээдүйд заналхийлсэн гэдэг утгаар нь чанга шийтгэж байхаар заалт оруулмаар байна. Хэрвээ ийм хууль санаачлаад, батлуулах хоншоортой эрхэм гараад ирвэл үхэн үхтэл нь гишүүн байхаар дархалсан ч яадаг юм.  Ёстой нөгөө юу хүссэн есөн цагаан хүслийг нь гүйцээж, амьд ахуйд нь хөшөө босгож мөнхөлсөн ч яах вэ. Зайсангийн хөшөөг буулгаад оронд нь тэр эрхмийн хөшөөг залсан ч багадна. Туул бол улаанбаатарчууд бидний хувьд тийм их үнэт эрдэнэ болоод байна. Туул гол зөвхөн Улаанбаатарын эргэн тойронд ширгэхдээ тулаад байгаа юм биш. Дархан цаазат газар нутагт хамаарагдаж байгаа Хагийн хар нуурын хавьд аль хэдийнэ хятадууд алт ухаад эхэлсэн байна.

Ундаргыг нь алтны шороогоор дарчихвал биднийг гүрвэлээс ч дор хувь заяа хүлээж байна. Тиймээс нэн яаралтай Туул голын тухай хууль  санаачлах хэрэгтэй байна гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд, за тэгээд 75 гишүүн, Байгаль орчны сайд Л.Гансүх нараас хүсэх ч хаашаа юм шаардаж байна.  Манай сонин мянга мянган уншигчдийнхаа өмнөөс шаардаж байна, шаардсаар байх болно.

Н.ПУНЦАГБОЛД

Зохиогчийн эрх:
 "Монголын мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж