-Луис Фабиано, ихэнх хүмүүс ялангуяа бразилчуудаас бусад хүмүүс таныг “Сан-Паулу”-гаас хөлбөмбөгийн гараагаа эхэлсэн гэж боддог. Таныг Сан-Паулу мужийн Кампинас хотын “Понте Прета” багаас хөлбөмбөгчний карьераа эхлүүлсэн гэдгийг олон хүмүүс мэддэггүй шүү дээ?
-Тийм ээ. Би Кампинаст төрж өссөн. Миний гэр бүлийнхэн тэр чигтээ “Понте Прета”-гийн фанатууд байсан. Харин энэ багийн хувьд бяцхан хүүхэд байхаас маань эхлээд л зүрх сэтгэлд ойр байсан. Анх 1997 онд тэр л клубээс гараагаа эхэлж, Сан-Паулугийн цомын тэмцээн /Copa Sao Paulo гэх мужийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн/-д оролцож, улмаар мэргэжлийн баг руу шат ахисан. Бид ч сайн тоглож, 1998 оны Бразилийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн дивизонд тоглох эрхтэй болсон. Харин удаахь жил нь Сан-Паулугийн аваргын төлөө өрсөлдөж байлаа.
-Таны хувьд сайн тоглож, улмаар Европ дахинд танигдсан?
-Болсон бүх зүйлд би үнэхээр гайхаж, баярлаж явдаг гэдгээ хэлэх нь зүйтэй байх. Францын “Ренн” клубын “тагнуулууд” Кампинаст бидний тоглолтыг үзэхээр ирсэн байсан. Учир нь тэд манай хагас хамгаалагчдын нэг Вандертай гэрээ байгуулах санаатай байсан юм. Яг тэр үеэр нь би сайн тоглож, хоёр гоол хийж байлаа. Тэгээд л эцэст нь “Ренн” бид хоёрыг хоёуланг нь сонгосон. Тэр үед би 18-хан настай байсан болохоор өөр улсад очиж бөмбөг өшиглөнө гэж бодоо ч үгүй байлаа. Энэ бүхэн юу болохыг ч ойлгох сөхөөгүй байсан. Тийм ч болохоор надад янз бүрийн асуудал их гарч байсан байх.
-Ямар асуудал?
-Өөр улсад очно гэхээр бүх зүйл л хүндрэлтэй байсан. Тэр улсын хүйтэн цаг агаар, хэл соёл, хүмүүс, ёс заншил гээд бүхий л зүйл. Энэ бүхэнд чинь бэлэн байх ёстой биз дээ. Гэтэл би огтхон ч бэлэн биш байсан. Гэхдээ бага залуу байхад, ийм сайхан боломж олдсон үед зөвхөн мөнгөний тухай л боддог юм билээ. Одоо бол би Европт хэдийнэ долоон жилийг өнгөрүүлчихсэн байна. Хэтэрхий жаахан байхдаа “Ренн”-д ирсэн нь том алдаа болсон гэдэг ямар ч эргэлзээгүй зүйл.
-Харин дараа нь “Сан-Паулу”-д ирсэн тухайгаа яривал?
-Амьдралд хичнээн хэцүү зүйл тохиолдож байсан ч азаар надад дахин сэргэх боломж үргэлж олддог байсан. Хувь хүнийхээ хувьд ч тэр хат суусан. Би 2001 онд “Сан-Паулу” клубт ирж, Рожерио Сени, Леонардо, Кака, Франка нартай мөр зэрэгцэн тоглох сайхан завшаан олдсон юм. Бүхэл бүтэн 10 жил огт сураггүй байсан, фенүүдийн мөрөөсөл болсон “Либертадоресийн цом”-д өрсөлдөх эрхийг бид авч байлаа. Харин миний хувьд багийнхаа төлөө олон гоол хийж, удалгүй анх удаагаа эх орныхоо шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байсан. Энэ л миний карьерын сэргэн мандалт байсан юм даа.
-Та гоол оруулахаас гадна “Сан-Паулу”-гийн хөгжөөн дэмжигчидтэй онцгой харилцаатай юм шиг харагддаг байсан шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Хөгжөөн дэмжигчдийн намайг гэсэн сэтгэл энэ хорвоо дээр юунаас ч эрхэм юм шүү. Энэ талаар бодох бүрт цус хөөрч, биеэр минь ямар нэг зүйл гүйх шиг болдог. Аливаа тоглогч багийнхаа төлөө бүхнээ зориулж, чин сэтгэлээсээ хүчин зүтгэж байгааг хөгжөөн дэмжигчид мэдэрдэг юм шиг санагддаг. Би өөрөө ч гэсэн өөрт байгаа бүхий л хүч чадлаа шавхаж, багийнхаа төлөө бүхнээ зориулж, үүргээ сайн биелүүлж байсан болов уу.
-Тийм ч болохоор нэг бус удаа тоглолтод оролцох эрхээ хасуулж, асуудалтай тулгарч байсан байх. Тийм үү?
-Тийм ээ. Үнэн шүү. Ногоон талбай дээр би тэнэг алхам хийж, шаардлагагүй тохиолдолд картаар торгуулдаг байлаа. Ялимгүй, өчүүхэн зүйлд би жолоогоо алдаж, өрсөлдөгчийнхөө бөмбөгийг хүчтэй булаан алдаа авч, эсвэл өрсөлдөгчдөө боломж олгодог байсан. Тийм ээ, энэ үнэн. Миний зан байдал намайг зайлсхийж явбал зохих тийм нөхцөл байдалд оруулдаг.
-“Порто” санал тавьснаар таны “Сан-Паулу”-д байх хугацаа төгсгөл болсон. Европт анхлан хөл тавьж, азгүйтсэн болохоор хаширлах явдал гарч байв уу?
-Тийм ээ. Ганцхан Европтой дахин нүүр тулна гэдгээс ч биш, “Сан-Паулу”-г орхиход хүнд байсан. Энэ л багаас би Бразилийн шигшээ багт багтаж, амьдралынхаа сайхан гэх бүхий л мөчийг өнгөрүүлсэн юм шүү дээ. Бид 2004 оны Либертадорест ялагдаж, хөгжөөн дэмжигчид маань галзууртлаа уурлаж, бухимдаж байсан. Тухайн үед Португалийн “Порто” клуб надад санал тавьсан юм. Тэднийг Аваргуудын лигт өрсөлдөнө гэдгийг би мэдэж байсан л даа. Хэдийгээр сайхан хэрэг ч гэсэн, “Ренн”-д болсон явдлыг эргэн санахаар “Порто” миний хүсч байсан зүйл үнэхээр мөн эсэхэд эргэлзэж байлаа.
-Та дахин гадагшаа явахдаа өмнөхөөс илүү бэлтгэл сайтай байсан уу?
-Ер нь бол тийм гэх үү дээ. Өмнөхөөс илүү туршлагажсан байсан ч бас л хүндхэн байсан. Би гэмтэл аваад буцаад нутагтаа ирж, гэмтлээ бүрэн эдгээх гэж их ч тэмцсэн. Багийн маань хувьд дасгалжуулагч Жосе Моуриньо болон шилдэг тоглогчдоо гадны багт алдчихаад байсан үе юм. Клуб дахин хөл дээрээ зогсч, цогц болохоор хичээж байсан ч хүнд үеүд ард хоцроогүй л байсан. Харин тэдгээрээс гадна надад хувь хүний үүднээс томоохон бэрхшээл тулгарсан юм. 2005 онд ээжийг маань хоёр сар гаруй хугацаанд барьцаалсан. Бүхий л амьдралын маань хамгийн хэцүү үе энэ байсан шүү.
-Таны хувьд бүх зүйл хүйтэн, хөндий, хоосон байсан ч та эргээд ирсэн. “Севилья”-г зорих үед юу бодогдож байв даа?
-Улирлын төгсгөлд хэд хэдэн багаас надад санал ирсэн л дээ. Харин би Испанид азаа үзэхээр шийдсэн. “Севилья”-тай гэрээ байгуулчихаад их догдолж байлаа.
-2005 онд “Севилья” клуб өөрсдөө шилжилтийн шатыг дамжиж байсан. Тухайн үед та “Севилья”-г ийм амжилтанд хүрч чадна гэж бодож байсан уу?
-Ёстой зүүдлээ ч үгүй. Би ч, багийн ерөнхийлөгч ч, хэн ч тэгж бодоогүй байх. Өмнө нь томоохон уралдаан, тэмцээнээс нэг ч цом хүртэж байгаагүй “Севилья” зуу гаруй жилийн түүхэндээ анх удаагаа “UEFA Cup”-т түрүүлж, аваргын цом хүртсэн төдийгүй дараа жил нь дахин аваргалсан нь хэний ч төсөөлж байгаагүй амжилт байлаа. Түүнчлэн шилдэг дасгалжуулагч Хуанде Рамосын удирдлага дор олон тоглогчид карьерынхаа хамгийн өндөр үнэлэмжийг хүртсэн юм шүү.
-2006 онд Германд болсон ДАШТ-ээс хойш Бразилийн шигшээ багт төвийн довтлогчийн байрлалын төлөө ширүүхэн өрсөлдөөн үүссэн. Тухайн үед та өөрийгөө энэ байрлалд шилдэг нь байсан гэж хэлж чадах уу?
-Надад нэг дутагдал байдаг нь миний хашир зан юм. Би улсынхаа шигшээ багт багтсан ч гэсэн энэ байр сууриа хэвээр хадгалж чадах юм чинь гэсэн бодолтой байгаагүй. “Яахав, би гурав, дөрвөн тоглолтод гоол хийхгүй байсан ч багийн бүрэлдэхүүнд байх л болно” гэсэн бодолтой тоглодоггүй байсан. Үүнээс илүүтэйгээр, чухал зүйл гэвэл Бразилтай байхад чи муу тоглох эрхгүй. Хүн бүр чамайг нягт нямбай ойроос харж байдаг, тоглолт ч бас эрчимтэй, ширүүхэн өрнөдөг.
-Рональдо “Коринтианс”-руу очсон явдлыг та юу гэж боддог вэ? Түүнийг шигшээ багийн бүрэлдэхүүнд дахин эргэж ирнэ гэж бодож байна уу?
-Рональдог одоохондоо энэ талаар бодож байгаа гэж бодохгүй л байна. Түүний гол зорилго нь “Коринтианс”-т сайн тоглох явдал байх аа. Гэхдээ тэр үндэсний шигшээ багт дахин тоглох талаар бодож байгаа эсэхийг сайн мэдэхгүй юм. Хөлбөмбөгчийн хувьд хүрч болох, ялж болох бүхий л оргилд тэр хүрч чадсан. Миний бодлоор Рональдогийн хувьд юунаас ч илүү чухал зүйл нь дахин хөлбөмбөг тоглож, сэтгэлийн цэнгэл авч байгаа явдал.
-Та Хуанде Рамосыг дасгалжуулагчийнх нь хувьд хүндэлж, биширч явдгаа хэлсэн. Хэзээ нэг өдөр та өөрөө дасгалжуулагч болно гэж боддог уу?
-Үгүй ээ, үгүй /Инээв/. Яг үнэнийг хэлэхэд би өөрийгөө дасгалжуулагч болоход зориулагдсан хүн гэж бодохгүй л байна. Миний төлөөлөгч намайг хөлбөмбөг тоглохоо больсны дараа бизнесмэн эсвэл хөлбөмбөгийн клубын захирал бол гэж ятгадаг юм. Гэхдээ би мэдэхгүй л байна. Жювеналь Жювенсио /Сан-Паулу клубын одоогийн ерөнхийлөгч/ нэг удаа надад хэлж байсан юм. Хөлбөмбөг тоглохоо больж, зодог тайлсны араа багийнхаа төлөө ажиллаж болно шүү дээ гэж. Бүгдээрээ харж л байя, тэр зургаа, долоон жилийн дараа надад хэлж байсан үгээ санах нь уу гэдгийг /Инээв/.
-Хөлбөмбөгчийн карьераа орхихоосоо өмнө “Сан-Паулу”-д ч юм уу эсвэл “Понте Прета”-д дахин тоглох талаар бодож байсан уу?
-Миний мөрөөдөл бол бүх л зүйл эхэлсэн тэр багт, “Понте Прета”-д карьераа төгсгөх явдал. Харин үүнээс өмнө, хэрэв боломжтой бол би “Сан-Паулу”-д дахин тоглохыг хүсэх байсан. Миний хувьд чухал, онцгой үе тэнд л өнгөрсөн, бас багийн удирдлага болон хөгжөөн дэмжигчидтэй би гайхалтай харилцаатай байсан. Би 2005 онд шигшээ багийнхны хамт Морумби /Сан-Паулу хотод орших цэнгэлдэх/-д ирэхэд Сан-Паулугийн хөгжөөн дэмжигчид намайг гайхалтайгаар хүлээж авсан. Хэдийгээр талбайд Роналдиньо, Робиньо, Кака нарын шилдгүүд байсан ч гэсэн тэд намайг дулаан уур амьсгал дунд хүлээж авсан. Үнэхээр гайхалтай. Дахин энэ гайхамшгийг мэдрэхийг хүсч байна.
С.ШҮР /2009 оны 1 сарын 27/