Солонгосын хамтлагууд сэтгэл өндөр буцлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Солонгосын хамтлагууд сэтгэл өндөр буцлаа

Монгол Улс, БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд өчигдөр “Монгол дахь Солонгосын жил” тоглолтыг “UB Palace”-ийн концертын их танхимд хийсэн. Тоглолтод БНСУ-ын “December”, “U-Kiss”, “Ham” хамтлаг оролцсон бол Монголын талаас “Гурван охин”, “Хар сарнай” хамтлагийнхан болон Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид оролцсон байна. Өнөөдөр тус тоглолтод оролцсон БНСУ-аас ирсэн “December”, “U-Kiss”, “Ham” хамтлагийнхан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Хэвлэлийн бага хурлын үеэр дээрх гурван хамтлаг сэтгүүлчдийн асуултад илэн далангүй хариулсан юм. Ингээд “December”, “U-Kiss”, “Ham” хамтлаг сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна.

-Өчигдөр Монголын үзэгчидтэйгээ уулзсан, ямар сэтгэгдэл төрсөн бэ?
“U-Kiss”: Өчигдөр болсон тоглолтын хувьд сэтгэл маш хангалуун байна. Бидний шүтэн бишрэгчид ирсэн байгааг харах сайхан байсан. Гадаа хэдий хүйтэн байсан ч уур амьсгал их халуун үдэш болж өнгөрсөн.

-Монголын талаар ямар төсөөлөлтэй байсан бэ?
“December”: Бид ирэхдээ Монгол Улсыг тал нутаг, хөдөө нутгаар төсөөлж байсан. Онгоцны цонхоор харахад үнэхээр уудам тал нутагтай, сайхан байгальтай гэдэг нь ойлгомжтой байсан. Харин онгоцноос буугаад харахад бүх л зүйл сэтгэлд дотно санагдсан. Монголчууд биднийг элэгсэг дотно хүлээж авсанд баярлаж байна.

“Ham”: Бидний хувьд Монгол Улсад анх ирэхдээ нэлээд хүйтэн уур амьсгалтай улс гэж сонсч байсан. Бидний сонсч байснаар -20 градус хүрдэг гэсэн. Мөн бид Монголчуудыг маханд дуртай ард түмэн гэж сонссон. Тиймээс бид энд ирээд Монгол үндэсний хоол идэх болов уу гэж бодож байсан ч амжсангүй буцах боллоо.

“U-Kiss”: Мэдээж бид бусад хамтлагийн гишүүдтэйгээ санал нэг байна. Бидний хувьд маш сайхан саруулхан мэдрэмж төрсөн. Өчигдөр тоглолтод ирсэн Монгол эмэгтэйчүүд, бүсгүйчүүд үнэхээр үзэсгэлэнтэй байсныг хэлэхэд таатай байна.

-“Ham” хамтлагаас асууя, өчигдөр Монголын хамтлаг, дуучидтай хамт нэг тайзнаа гарсан. Чухам аль хамтлаг нь илүү их таалагдсан бэ?

“Ham”: Бидний сэтгэлд хамгийн их үлдсэн хамтлаг бол “Хар сарнай”. “Хар сарнай” хамтлагийн үндэсний хэв маягаа, орчин үеийн дуутай хослуулсан нь үнэхээр гайхалтай санагдсан.

-“December” хамтлагийн хувьд сэтгэлд үлдсэн монгол фэнийхээ тухай хэлээч?

“December”: Үнэхээр сэтгэлд үлдсэн нэг монгол фэн байгаа. Бид нарыг тоглолтоо дууссаны дараа нэг өсвөр насны охин бид хоёр дээр хүрч ирээд “Би та нарын фэн” гээд надтай тэврэлдээд зургаа авахуулж байхад найз нь хүрч ирээд “Хоёулаа U-Kiss хамтлагийн фэнүүд ш дээ, явцгаая” гээд биднийг орхиод явсан.

-Хамтлагийнхаа нэрийг тайлбарлаж өгөөч?
“December”: Арванхоёрдугаар сарыг бид билэгдэж өгсөн. Бид анх уран бүтээлээ арванхоёрдугаар сард туурвисан. Мөн бидний анхны дуу “December” буюу арванхоёрдугаар сар нэртэй байсан. Бүх онцлох үйл явдал маань арванхоёрдугаар сард болсон. Бид энэ удаад ч Монголд арванхоёрдугаар сарын эхэнд ирж байна. Бид Монголд ирээд шинэлэг мэдрэмжийг аваад буцаж байгаадаа баяртай байна.

“Ham”: Манай хамтлагийн нэрийг сонсоод ихэнх хүмүүс хиам биш үү гэж асуудаг. Гэвч энэ нэр бол их утга төгөлдөр нэр. Англиар “Heart and My” гэсэн үг. Бид зүрх сэтгэлээрээ үзэгчдийгээ байлдан дагуулна гэж бодож өгсөн нэр юм. 

“U-Kiss”: Манай хамтлагийн тухайд “U-Kiss” гэдэг нь англи үгийн товчлол байгаа. “Ubiquitous Korean International Idol Super Star”-дэлхийд нэртэй од болно гэсэн үгийн товчлол. Монголд, Азид дэлхийд өөрсдийнхөө нэр алдрыг түгээсэн алдартай хамтлаг болохыг хүсч байна. Манай хамтлагт Америк, Хонгконг гаралтай гишүүд байгаа. Цаашид бид өөрсдийнхөө уран бүтээлээр Монголчуудтайгаа уулзах болно. Бид нэгэнт Монгол улсад ирсэн юм чинь Монгол хамтлагуудаас, Монгол дуучинг хамтлагтаа оруулах хүсэлтэй байна. Бидэнд санал болгоорой.

-Монголд солонгос дууны вэб сайт байдаг. Энэ сайтад та бүхний дуу байдаг. Энэ талаар мэдэж байсан уу?

“December”: Монголд манай хамтлагийг мэддэг, шүтэн биширдэг хүмүүс байдаг гэдгийг мэдсэн. “U-Kiss” хамтлагийг шүтэн биширдэг фэн клуб байдаг гэдгийг мэдээд Монголд ирэхийг хүссэн. Монголд ирээд үзэгчидтэйгээ уулзахад үнэхээр сайхан байна. Цаашид уран бүтээлээрээ уулзаж байх болно оо.

-Монголын хамтлаг дуучдын талаар хэр их мэдээлэлтэй байсан бэ, ер нь дууг нь сонсч үзсэн үү?
“December”: Бидний хувьд Солонгосын “Star Kings” гээд шоу нэвтрүүлэгт оролцож байхад Монголын урлагийг танилцуулсан хэдэн хүмүүс ирсэн байсан. Бидэнд Монголын хөөмийн урлагийг танилцуулсан. Маш гайхалтай. Харин энд ирээд тоглолтод оролцоод Монголын орчин үеийн урлагийг өчигдөр харлаа. Бид тайзны ард биширч зогссон шүү. Энэ удаа Монголд ирээд тоглолтоо хийлээ, харин дараа нь Монголын хамтлаг дуучид Солонгост ирээд бид нартай хамт тоглолт хийхийг хүсч байна.

“Ham”: Манай хамтлагийн хувьд анх удаа Монгол хамтлагийн дууг сонслоо. Түрүүн хэлсэнчлэн “Хар сарнай” хамтлаг гайхалтай байсан. 

“December”: Бид ч гэсэн анх удаа өчигдөр л сонслоо. Бидэнд сэтгэгдэл үлдээсэн хамтлаг бол “Гурван охин”. Тэд үнэхээр чадварлаг санагдсан. Цаашид ч гэсэн Монголын ийм чадварлаг охидын хамтлагтай хамтран тоглолтод оролцох, хамтарч уран бүтээл хийх боломж тохионо болов уу гэдэгт итгэлтэй байна.

-Монгол фэнүүддээ хандан үг хэлээч?
“December”: Манай хамтлагийн зүгээс Япон улсад тоглолтоо хийгээд Монгол Улсад ирсэн. Өчигдөр тоглолтын явцад харахад үзэгчдийн дунд манай хамтлагийн нэрийг томоор бичээд биднийг дэмжиж байгааг харахад сэтгэл хөдөлж байлаа.  Бидний дууг сонсч, биднийг дэмжиж байдаг Монгол фэнүүддээ баярлалаа. Цаашид бид та бүхэнтэйгээ дахин уулзах боломж олдоно гэдэгт итгэлтэй байна. Шинэ уран бүтээлээрээ үргэлж уулзаж байх болно гэж хэлмээр байна. 

“Ham”: Бидний хувьд Монгол Улсад анх удаа ирсэн. Биднийг халуун дулаан сэтгэлээр хүлээж авсан бүх фэнүүддээ баярлалаа. Өчигдрийн тоглолтод ирсэн үзэгчдийн ихэнх хүмүүс нь эмэгтэйчүүд байсан хэрнээ алга ташилтаар биднийг дутаагүй ээ. Бидэнд урам зориг өгч, сэтгэлийг минь хөдөлгөсөнд их баярлалаа.

“U-Kiss”: Интернэтээр манай хамтлагийг шүтэн биширдэг олон хүмүүс байдаг гэдгийг мэдэж байсан ч газар дээр нь ирээд уулзсан чинь үнэхээр сэтгэл догдолсон. Биднийг халуун дотно, алга ташилтаар угтсанд маш их сэтгэл хөдөлсөн. Үзэгчдээс маш их эрч хүчийг авсан гэдгийг хэлмээр байна. “U-Kiss” хамтлаг Солонгост төдийгүй Монголд шинэ, шинэ уран бүтээлээ туурвиж үргэлж уулзаж байх болно гэдгийг фэнүүддээ хэлье. 

Дээрх хамтлагууд өнөөдөр нутаг буцсан бөгөөд дахин Монголд ирэхээ амласан юм. 

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж