Хэтэрхий тайван засаг, хэтэрхий аюултай вирус

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Хэтэрхий тайван засаг, хэтэрхий аюултай вирус

Манайхан зарим юманд хэтэрхий бүдүүлэг хандах юм. Гахайн ханиад гарлаа гэхэд адууны мах, аарц хэрэглэ гэж байх шиг!

Одоо ХДХВ ба ДОХ-оос урьдчилан сэргийлэх талаар төрийн бус байгууллагын хэдхэн хүн л ярьж байна гэвэл хэтрүүлэг болохгүй. Арван хэдэн жилийн ч төрийн бус байгууллагынхан л төв талбай дээр онгоцноос  бэлгэвч цацаж байсан. Одоо ч энэ өвчинтэй төрийн бус байгууллагынхан л тэмцэл хийж байна. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1 буюу дэлхийн ХДХВ ба ДОХ-ын эсрэг өдөр дуугарч байгаа нь мөн л тэд. Ер нь та нар сайд, дарга нар ХДХВ ба ДОХ гэж хэлж байхыг нь сонссон уу? Аргагүйн эрхэнд энэ өвчний тоо нэмэгдэх, эс бөгөөс цусны донороос халдвар илэрсэн гэх мэтийн дуулиан гарвал дарга нар нь “Би булшлагдахад бэлэн байна” гэж хий орилохоос хэтрэхгүй. Тэднийг ойлгож байна л даа.  Юу хийхээ мэддэггүй, бас дээр нь системийн тогтолцооны гажиг, сэтгэлгээний хоцрогдол гэх мэт олон зүйлээс хамааралтай байдаг улс. Гадны хэвлэл мэдээллээр ХДХВ ба ДОХ-ын асуудлыг тайлбарлаж байгааг манай хэвлэл мэдээллийнхтэй харьцуулахын аргагүй. 

Монголд тархаж байгаа ХДХВ-ын халдвар  цочроо өгөхгүй байна.  Хэдийгээр албан ёсны халдвартай хүмүүсийн тоо жилдээ хориос хэтрэхгүй, зуу арай хүрээгүй гэж байгаа ч яг үнэндээ 7000 хүрсэн гэж зарим эх сурвалж үздэг. Басхүү халдвар зөвхөн биеэ үнэлэгчдийн дунд байгаа гэсэн цорын ойлголт олон нийтэд байдаг. Гэхдээ одооноос газар авч эхэлсэн  мансуурагч нар,орон гэргүй тэнэмлүүд, дэн буудлаар хэсүүчлэгч охид, бүсгүйчүүд эрсдэлт бүлгийн хүн ам шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна. Үнэндээ хүн амын энэ цөөн хэсгийг төр засаг мэдэхийг хүсдэггүй. Эрх баригчид улс орондоо ийм хүмүүс байгааг хэлүүлэх сонирхолгүй байгаагаас гадна тэднийг бууруулах хөтөлбөрүүдийг дэмждэггүй нь нууц биш юм.

Монголын нийгэм шинжлэх ухаан нь бодит үнэнийг өнгөлөн будах коммунист уламжлалаа хадгалан энэ асуудлыг олон нийтэд мэдүүлэхгүй байхыг хүсч байгаа мэт. Гадаадын байгууллагууд л биднээс илүүтэй бидний асуудалд хандаж байгаа нь гашуун ч гэсэн үнэн. ХДХВ ба ДОХ-той тэмцэх гол хэрэгсэл болсон бэлгэвч худалдан авна гээд улс төсөвтөө мөнгө суулгаад өгсөн бил үү? Энэ жил сонсож байхнаа 6-7 сая ширхэг бэлгэвч жилдээ дутагдалтай гэх. Үнэн хэрэгтээ улс орон 20 жилийн өмнөх үнэлгээ дүгнэлтээр амьдарч байгаа мэт. Хоёр системийг хаасан “төмөр хөшиг” нурахын өмнө тэр үед манайд ХДХВ ба ДОХ гэж мэдэхгүй л байлаа. Эхэндээ өвчнийхөө нэрийг доодох, моодох болгоод, дараа нь бас дахиад сольж байж билээ.

Өдгөө энэ халдварын талаар анхаарал, сануулга ховор хэвээр Оюутолгой, Тавантолгой, төрийн хишиг гэх мэтийн “шоугаар” солигдоод байна. Удалгүй сонгууль болно гэхээр энэ асуудал бас л хэдэн жилээр төрд хамаагүй болно. Гэтэл өнөөдөр манай урд, хойд хөршүүд ХДХВ ба  ДОХ хамгийн ихээр тархсан орон болоод байдаг. Бид энэ аюулын бүсээс зорчин хоол унд, хувцас хунараа базаахаас гадна зугаа цэнгэлээ амжуулж явна. Өнөөх өвчинтэй танилцахад ДОХ бол гомо, хар тамхичид,  биеэ үнэлэгчид, бэлгийн замбараагүй амьдралтай хүмүүсийнх гэсэн ойлголт бат сууж, өдгөө ч тэр нь бидний  соёл иргэншлэлээс хол мэтээр сэтгэсээр явна.  Гэтэл сүүлийн хорин жилд байдал огт өөрөөр эргэсэн билээ.

Ганцхан жишээ татахад бидний адил ДОХ гэж мэдэхгүй байсан Украин, Орост халдвар авсан хүмүүсийн тоо Баруун ба Төв Европын орнуудаас их байна. ХДХВ ба ДОХ-той тэмцэх НҮБ-ын UNAIDS хөтөлбөрөөр 2008 оны сүүлч гэхэд Зүүн Европт энэ өвчний халдвар авсан 1,5 сая хүн бүртгэлтэй байсан нь 2001 оныхоос даруй 66 хувиар их байна. Энэ жилийн мэдээгээр  Оросын хүн амын 0,7 хувь буюу 940 мянган хүн ХДХВ-ын халдвартай гэсэн тоо гарсан. Украинд халдвартай хүмүүс хүн амын нэг хувь буюу 440 мянгад хүржээ. Хол юм шиг боловч ДОХ дэргэд байна.  Баруун хилийн хөрш Төв Азиар героины  “торгон зам” өнгөрч байгаа учраас зэргэлдээ орнуудад энэ үзүүлэлт бас өндөр буйг бид мартах учиргүй. Ялангуяа ХДХВ-ын халдвар дэлхийн хэмжээнд хэдийгээр гетеросексулиудын бэлгийн замаар тархаж эхэлсэн ч героины тарилгын халдвар давамгайлж эхэллээ. ХДХВ ба ДОХ, мансууруулах бодисын сүлжээ нь вирусын янз бүрийн тархалтаас харагдаж байна. “А” вирус нь Дундад Азийн героин  гэх мансууруулагчийн замаар яван Орос  ба Зүүн Европоор, “В” вирус нь Баруун Европоор тархаж байх жишээтэй. Өдгөө монголчууд гадаадад амьдарч ажиллах болсон нь эдгээр вирус орж ирэхгүй гэж хэлэх  үндэслэлгүй болгож байгаа юм.

Нийгмийн чиг баримжаа өөрчлөгдөөд 20 жил болж байгаа ч төр, засгийн удирдлага, нийгмийн байдал нь манайх гуравдагч орон хэвээр гэдгийг харуулсаар л байгаа билээ. Эрсдэл, аюулын нэг голомт тэнэмлүүдийн асуудалд төр, засаг огт анхаарахгүй байна. Тэд сургууль, соёлгүй хэдэн жижиг хүүхэд биш.  Харин цаг хугацааны эрсдлийн том бүлэг. Биеэ үнэлэгчдийн дунд уг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажиллагаа томоохон саадтай тулгардаг. Учир нь биеэ үнэлэх нь хуулиар хориотой учир энд байгаа хүмүүс эмнэлэг болон тусгай төвд очин “илчлэгдэхийг” хүсэхгүй байна. Хуулийг өөрчлөх гэхэд “ёс зүйтэй” тэмцэгчид эсэргүүцнэ. ХДХВ ба ДОХ-д нийгмийн анхаарлыг хандуулах талаар эрдэмтэн мэргэдэд хүсэл, сонирхол болоод цаг зав байхгүй гэнэ. Тэдэнд ёс суртахуунтай хүмүүсийн бай болохоос  чимээгүй суусан дээр биз. Нийгмээрээ энэ өвчинтэй тэмцэж, нийгмээрээ үүнийг мэдрэхгүй бол бид ХДХВ ба ДОХ-оос салахгүй. Наад зах нь эм уугаад л вирус устдаг цаг иртэл…

Эцэст нь хэлэхэд:

Хоёр жилийн өмнө Анагаахын Нобелийн шагналыг хоёр франц хүнд олгож байсан билээ. Тэдний бүтээлийн гол агуулга нь вирусийн эсрэг эм тарианы судалгаанд хэдэн тэрбум доллар зарсан ч дэлхийн анагаахын гол асуудал нь ХДХВ ба ДОХ хэвээр байх болно гэдгийг нотолсон юм.  Гэхдээ вирус гарч ирснээс хойших энэ хорин хэдэн жилд бид бас ч олон зүйлд хариулт олсон. Гол хариулт нь вирус организмд хэрхэн нэвтэрч байна вэ гэдэг асуудал юм. Цусаар дамжин вирус дамжих нь ойлгомжтой. Харин вирусууд яагаад салстаар дамжин нэвтэрч байна вэ гэдэг нь саяхан болтол таавар байлаа.

Америкийн эрдэмтэн Томас Хоуп болон түүний хамтрагчид вирус нь эрүүл эсүүдийн дундуур хурдан өнгөрч хэдхэн цагийн дотор цусны эсэнд хүрдгийг тогтоов. Ер нь бол вирусийн халдварын зам их зөрчилдөөнтэй. Нэг талаас эмч мэргэжилтнүүдийн хэлж буй гомдол тэр бүр үндэслэлтэй биш байж болно. Нөгөө талаас хэтэрхий болгоомжилсон тодорхойлолт нь уг өвчний тархалтыг тогтоохын тулд хүмүүст өргөн цар хүрээтэй туршилт хийх хэрэгтэй гэдгийг зөвтгөж байна.  
Цус сэлбэх, бохир тариур эсвэл хөхөөр халдвар авч болох асуудлаар эрдэмтэд тодорхой ойлголтод хүрсэн ч хамгаалалтгүй сексийн замын халдвар хамгийн их дамжиж байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй л байна. Хамгаалалтгүй сексийн халдварын 10.000 тохиолдолд үтрээний сексээр 5-10 хувь, шулуун гэдэсний сексээр 6,5-50 хувь халдвар тархаж байна. Хүлээн авагч тал нь оруулагчаас илүүтэй халдвар авах магадлал өндөр. Тиймээс гетеросексуаль эрэгтэйгээс эмэгтэй нь эрсдэл ихтэй. Гол шалтгаан нь салст талбай их байгаатай холбоотой. Шулуун гэдэсний ба үтрээний талбайг эр бэлэг эрхтний толгойтой харьцуулаад үз л дээ.

Вирус энэ боломжийг  хэрхэн ашиглаж байгаа нь саяхан болтол  тодорхойгүй байлаа. Гэтэл гол шалтгаан нь урагдал, яр, шархтай холбоотой байжээ. Үүнээс гадна үрэлтийн ачаалал асар их учир салст гэмтэх нь амархан тул халдвар авах замыг нээж өгдөг байна. Эрдэмтэн гэмтээгүй салстаар хангалттай хэмжээний вирус нэвтэрдгийг нотолсон билээ. Үтрээний гадаргын эсүүд хэтэрхий нягт усны молекулыг ч нэвтрүүлдэггүй. Гэтэл Хоуп мэс заслаар авсан эмэгтэй хүний эд эс ба амьтан дээр флуоресцентийн тэмдэгтэй вирусууд  дөнгөж дөрвөн цагийн дотор 50 мкм замыг туулан элителийн хэдэн давхарыг нэвтлэн дархлалын эсэд очдогийг харуулж өгсөн байна.

Эрдэмтэд вирусууд нь түр зуур суларсан эсийн хоорондуур нэвтэрч байна гэж үзжээ. Гэхдээ варионуудын идэвх ямар буй мөн тэд замдаа дархлалын системийн ямар эстэй тааралддаг хэдий хир хугацаанд цусны эсэд очдог зэргийг эрдэмтдэд судлах үлдээд байна. Энэ нь санамсаргүй тохиолдлоос урьдчилан сэргийлэхэд ихээхэн чухал нээлт болж байна. Одоо халдвар авсан гэх сэжиг төрсөн тохиолдолд 72 цагийн эрчимтэй эмчилгээг хийх болжээ. Энэ бол найдвар төрүүлсэн мэдээ. Эрдэмтэд нууцыг тайлахаар оролдож байна. Харин засаглалын төлөөлөгчид тэднийг дэмжихэд бэлэн үү? Эсвэл өөрт нь гай ирээгүй учир “Ардын элч” киноны ноён шиг “тайван амгалан байцгаа. Учрыг магадлая” гээд суугаад байх уу?
           

Ш.Мягмарсамбуу
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж