
Хятадын гадаад хэргийн дэд сайд Хе Яфей Пхеньяныг “буруу хүмүүжилтэй хүүхэд шиг” аашилж байгаа гэж хэлсэн байна.
АНУ-ын зүгээс “WikiLeaks”-ын дэлгэж байгаа материалууд нь дэлхийд бүхэлд нь халдаж байгаа гэж мэдэгдээд байгаа юм. Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон улс бүр нийтлэг үзэл баримтлалтай асуудал дээр үнэнч шударга, хувийн ярилцлага хийдэг байх хэрэгтэй гэж хэлсэн байна. Ямартай ч олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон одоогийн АНУ-ын удирдлага энэ сорилтыг давж гарч чадна гэж хатагтай Клинтон хэлсэн ба мэдээллийг “хулгайлсан” этгээдүүдэд хатуу арга хэмжээ авна гэж мэдэгджээ.
Даваа гаригт нийтлэгдсэн мэдээлэлд 2010 оны хоёрдугаар сард Өмнөд Солонгосын гадаад хэргийн дэд сайд Чун Юнг-Вугийн Сөүл дэх АНУ-ын элчин сайд Кэтлийн Стефенстэй хийсэн уулзалтын талаар байгаа аж.
Ноён Чун хэлэхдээ Хятадын шинэ үеийн удирдагчид БНАСАУ-ыг найдвартай, хэрэгцээтэй түнш гэж харж үзэхээ больсон гэж хэлсэн байна. Чун түүнчлэн Хойд Солонгосын эдийн засаг хэдийнээ нуран унасан ба ойрын хоёр, гурван жилийн дотор Ким Чен Ир /Ким Жонг-Ил/ -ийг нас барсаны дараа улс төрийн хувьд унах аж. Түүний хэлснээр Хятадын эрх баригчид БНАСАУ-ын талаарх бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа юм байна.
Өөр нэг эх сурвалжаас харахад Хятадын гадаад хэргийн дэд сайд АНУ-ын талд Хойд Солонгосыг 2009 оны дөрөвдүгээр сард Вашингтоны анхаарлыг өөртөө татах гэж пуужингийн туршилт хийсэн гэжээ. Зүйрлэвэл “том хүний анхаарлыг татахыг хичээж буй эрх жаал” шиг байна гэсэн байна.
Э.Очирт