“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн тусгай дугаарын дээжийг гардууллаа

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн тусгай дугаарын дээжийг гардууллаа

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн тусгай дугаарын дээжийг БОАЖЯ-нд хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. БОАЖЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Батболд дээж дугаарыг гардан авсан юм. Уг арга хэмжээнд УИХ-ын Тамгын газар, “Төрийн мэдээлэл” эмхтгэл, БОАЖЯ,  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчны засаглалыг бэхжүүлэх төсөл болоод Гадаад харилцааны яамны төлөөлөгчид оролцсон юм. Энэ удаагийн тусгай дугаарт  Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь Конвенци, Озоны үе давхаргыг хамгаалах тухай, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай зэрэг Конвенци,протоколыг бүрэн эхээр нь  нийтэлсэн байна..
УИХ-ын Тамгын Газар, БОАЖЯ, ГХЯ  хамтран  энэхүү есдүгээр тусгай дугаарыг гаргажээ. УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн ёслолыг нээж товч үг хэлэв. Тэрбээр УИХ-ын Тамгын газар  2004 оноос эхлэн холбогдох байгууллагуудтай хамтран олон улсын хүний эрх, олон улсын хөдөлмөрийн байгууллагын Конвенц, НҮБ-ын дүрэм, дипломат, консулын харилцаа, олон улсын шүүх, эрүүгийн шүүхийн дүрэм, олон улсын худалдааны эрх зүй, оюуны өмчийн эрх зүй, терроризмын эсрэг, гэмт хэргийн эсрэг конвенциуд, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрүүд бүхий “Төрийн мэдээлэл “ эмхтгэлийн тусгай дугаар 8найманботийг цуврал болгон хэвлэн гаргаж нийтийн хүртээл болгоод байгааг хэлсэн юм.
БОАЖЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Батболд, “Ес бол монголчуудын хувьд их бэлгэшээлтэй тоо. Есийн тоогоор дугаарласан тусгай ботийг байгаль орчны салбарынхан өөрийн болгож авлаа. Монгол Улс байгаль орчны холбогдолтой олон улсын 10 гаруй конвенцид нэгдэн орсон. Аливаа асуудал гарахад Монгол Улсын хуульд заагаагүй бол конвенц хуулийн адил хүчин төгөлдөр үйлчилдэг учиртай. Өнөөдрөөс эхлэн эдгээр боть байгаль орчны салбарынхны ажилд тусаа өгнө гэдэгт итгэж байна” гэлээ.
Монгол Улс олон улсын 180 гэрээ, конвенцид нэгдэн орсон бөгөөд эдгээрийн 121-ийг нь нийт есөн тусгай боть болгон хэвлэн гаргаад байгаа юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж