“Говь”-ийн хямдрал хуурамч уу?

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

“Говь”-ийн хямдрал хуурамч уу?

Баярын цуурай ойртох тусам худалдаа, үйлчилгээний газрууд хямдрал, урамшуулал, бонус  гээчийг өрсөн байж зарладаг. Харамсалтай нь хямдрал нэртэй ч “хуурамчхан” баярлуулалт байх нь цөөнгүй. Жишээлбэл, Говь компани ноолууран бүтээгдэхүүндээ баярын урамшуулал зарлажээ. Гэвч бүтээгдэхүүнээ урамшуулал нэрээр гоёчлоод хуучин үнээр нь зарж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, хямдрал гэж хуурсан хэрэг. Тухайлбал, одоо хямдруулаад 99 мянган төгрөгөөр зарж байгаа ноолууран цамцны шошгыг хуулж харвал цаанаас нь 80 мянган төгрөгийн үнэ наасан шошго гарч иржээ. Тэгэхээр тэд цамцаа хямдруулсан биш харин ч бүр 80 мянгаар зарж байсан цамцаа 99 мянга болгоод, түүнийгээ 10 хувь хямдарсан мэтээр зарж байна. Энэ талаар ТВ-8 телевизийн мэдээгээр өчигдөр үзүүлсэн. Манай нэр хүндтэй том компани ийм хуурамч хямдрал зарлаж байна гэдэг үнэндээ гайхмаар. Гэвч ч яалт ч үгүй хэрэглэгчдээ хуурах гэж байжээ гэж хүмүүс ихэд эгдүүцэж байгаа аж.

Тунгааж бодох ахул 80 мянган төгрөгийн бараандаа 10 хувийн хямдрал үзүүлэхээр 99 мянган төгрөг болоод өсчихдөг юм байна л даа, “Говь”-ийнхны бодлоор бол… Хэрвээ өмнө нь уг цамц нь 80 мянган төгрөгийн үнэтэй байсныг мэдээгүй хүн бол хууртаж магадгүй л юм. Харин мэдсэн хүмүүсийн хувьд хэрэглэгчдээ арай л хэтэрхий доромжиллоо гэж эгдүүцэл нь төрөлгүй яах вэ дээ. Монголд “эртлэн ирдэг” шинэ жилийн баярын уур амьсгал хэдийнэ хаалга дэлдэж, компани аж ахуй нэгжүүд, дэлгүүр, үйлчилгээний газрынхан хэрэглэгчээ баярын бэлэг, хямдрал, урамшууллаар даллаж буй. Яг энэ үед энэ мэт хуурамч хямдрал, хулхи бэлэгнээс болгоомжлоорой гэж сануулахад илүүдэхгүй биз ээ. 

Г.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж