Хамаг юмандаа хаан суулгахгүй шүү, найз нар аа

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Хамаг юмандаа хаан суулгахгүй шүү, найз нар аа

Германы нэг хөрөнгө оруулалтын сангаас манай руу “элч” илгээжээ. Элч ч гэж дээ манай улсын иргэнийг хөлсөлсөн хэрэг. Хөлслөгдсөн эрхэм эх нутгийнхаа аж ахуйн нэгжүүдийг сонжиж, хөрөнгө оруулалтын сан руу мэдээллийг илгээх гэрээтэй. Тэр эрхэм “Магнай трейд”, “Жем интернэшл”, “MSM”, “Оюутолгой” “Ньюком” гээд манайдаа нэр хүндтэй, том компаниудыг жагсаалтыг барьчихсан явна. Жагсаалтын дагуу судалж, хөрөнгө оруулалтын сандаа мэдээлэх юм гэсэн. Германы хөрөнгө оруулалтын сангаас сонирхож байгаа хамгийн “үнэтэй” мэдээлэл нь хувийн нууц руу нэлээд өнгийсөн байх юм. Тухайн компанийн удирдлагын эзэмшлийн хувь хэмжээ, ааш араншин, улс нийгэмдээ хэр нэр хүндтэй вэ, хэнтэй найзалдаг вэ гээд цааш үргэлжилнэ. Хөлслөгдсөн эрхэм хувийн мэдээлэл олоход амаргүй байгаа гэнэ билээ. Тэр ч мэдээж.

Энэ юуг өгүүлнэ вэ. Дэлхийн хөрөнгө оруулагчдын “шуналыг” Монголын эдийн засаг аль хэдийнэ татаад эхэлчихсэний нэг жишээ энэ л дээ. Гэхдээ дээр дурьдсан компаниуд дотор уул уурхайн компани бараг байхгүй байгаа биз. Эндээс гадаадынхан манай уул уурхайгаас даваад үйлдвэрлэл үйлчилгээний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой болжээ гэсэн гаргалгаа хийж болохоор.

Монгол жижиг зах зээлтэй учраас гадаадын хөрөнгө оруулагчид тоодоггүй сэн. “Урдын юм ул болно” гэж үнэн юм даа. Ирээдүйд уул уурхайгаас Монгол Улс үлэмж хэмжээний ашиг олох нь нэгэнт тодорхой болсон.

Тэд Монголын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг хөгжүүлэх чин эрмэлзэлтэй дээ хүн хөлсөлж судлуулаад байна гэж үү. Нэг л итгэж өгөхгүй байна. Манай уул уурхайн баялгаас шууд биш, арай тойруу аргаар хувь хүртэх нүхээ малтаж байгаа нь тэр. Гарцаагүй дээ.

Ирээдүйд Монголын эдийн засаг үлэмж хэмжээгээр тэлнэ. “Оюутолгой” компани 2013 онд бүтээгдэхүүнээ экспортолж эхлэхэд Монголын эдийн засаг 20.8 хувиар тэлнэ гэсэн таамгийг Үндэсний шинэтгэлийн хорооныхон дэвшүүлээд байгаа. Эдийн засаг тэлэх тусам үндэсний компаниуд үйл ажиллагаагаа өржүүлэх нь дамжиггүй. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхын тулд үндэсний компаниудад хөрөнгө оруулалт шаардлагатай. Яг энэ ашиг сонирхол дээр гадны хөрөнгө оруулалтын сангууд “тоглогч”  болохоор одооноос барьцаа авч эхэлжээ.

Зарим улсын хөрөнгө оруулалтын сангууд манайд салбараа нээчихсэн хөрөнгийн биржээс үндэсний компаниудын хувьцааг хуу хаман авч байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Сүүлийн үед хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа хувьцааны ханшийн өсөлтийг харахад хэдхэн жилд  олон дахин өсчих юм.  Зарим компанийн хувьцааны ханш хоёр, гурав, бүр найм дахин өссөн ч тохиолдол бий. Нэг талаар энэ нь манай хөрөнгийн зах зээл маш өргөн боломжийг өөртөө агуулж байгааг харуулж буй юм. Үүнийг нь гадаадынхан ч олж хараад манайд хөрөнгө оруулалтын сангаа дангаар ч, хамтраад ч байгуулчихсан ажиллаж байна. Тэд юу таарснаа ховх сороод авч байна. Яагаад гэвэл, маргааш нь авсан хувьцааных нь ханш өсөхийг мэдэж байгаа учраас тэр” хэмээн ярьсан удаатай.

Манай эдийн засагчид Монгол ядуу учраас гадныхны мөнгөөр юм хийх хэрэгтэй гэж дэмждэг. Магадгүй хөгжилд яарахад гадныхны мөнгө хэрэгтэй байх. Гэвч ямх ямхаар гэдэг шиг хөрөнгийн биржээс хувьцааг нь цуглуулж, хөрөнгө оруулалтын санал тавьснаар үндэсний компаниуд маань харийнхны гарт орчих юм биш биз. Өнөөгийн нөхцөлд гадны хөрөнгө оруулалтыг татаад хурдан хөгжиж байгаа мэт харагдавч эцсийн бүлэгт хөрөнгийн өмчлөлийн эрх  ярихдаа хүрвэл үндэсний аюулгүй байдалд туйлын халтай. Үндэсний хөрөнгө оруулалттай компаниуд бол манай орны эдийн засгийн хамгийн үнэнч эд эс. Үндэсний компаниудад харийнхан эзэн суучихвал Монголын эдийн засаг “монгол дархлаа”-гүй болно. Зүйрлэвэл манай эдийн засаг ДОХ туссан хүнтэй адил богино настай, гадаадаас орж ирж хорт вирусыг эсэргүүцэх чадваргүй шууд биедээ шингээдэг болно гэсэн үг. Билэггүй үг хэлмээргүй ч хар төрүүлэх хачин жигтэй үйл явдал өрнөж байгаа болохоор одоо яая гэх вэ.

Том орд газруудыг ашиглалтад оруулахад манайхан гадаадаас хөрөнгө татахаас өөр арга алга. “Энержи ресурс” компани 25 хувиа Хонгконгийн хөрөнгийн бирж дээр гаргасан. Мөн дахиад 20 хувиа гаргах гэж байгаа гэсэн мэдээлэл ам дамжиж байна. Үндэсний том компани 45 хувиа гадныханд атгуулна гэдэг тэр хэмжээгээр эрх нь буурна гэсэн үг. Мөн “Хүннү күүл” компани Австралийн хөрөнгийн биржээс мөнгө босгосон. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг аль нэг гадны хөрөнгийн бирж дээр борлуулна. Энэ мэтээр уул уурхайн төслүүд гадаадаас хөрөнгө татаж байна.

Уул уурхайд үндэсний хөрөнгө оруулалттай компани байгуулах ч дүүрчээ гээд үл огоороход үйлдвэрлэл үйлчилгээнийхээ салбарыг харийнхны эрх мэдэлд өгчихгүй юм сан. Аль хаалгаараа харийнхны мөнгийг хэр хэмжээтэй оруулахаа одооноос болгоовол яасан юм бэ. Бас хар байна уу, цагаан байна уу, буруу гарынх уу, зөв сэтгэлийнх гэдгийг цагдах учиртай санагдана. Хөрөнгө оруулагч нараа хамаг юманд хаан суух санаатай юу? “Харин тийм” гэж эндүүрэв ээ, найз нар аа.

Э.ХАНГАЙ.

Зохиогчийн эрх:
 “Монголын мэдээ” сонин.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж