С.Жавхлан минь, тэр чинь кино байхгүй юу

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

С.Жавхлан минь, тэр чинь кино байхгүй юу

Ар Монголын алдарт дуу­­чин Самандын Жавхлан энэ цаг үедээ зохиолын дууны “од” гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Гавьяат жүжигчин гэдэгт нь ч бус, СУИС-ийн төгсөх кур­сийн оюутан байхаас л ард түмэн түүнийг экс хамтрагчтай нь цуг тоосон юм. Энэ нь явсаар өнөөдрийн “од”-ыг  төрүүлсэн хэрэг. Дуулсан бүхэн нь хит болж байгаа дуучин түүнээс өөр хэн байна. Бас дуугаар дамжуулж өөрийн үзэл бодол, мэдлэг, бас боловсролоо түүн шиг ил гаргаж байгаа хүн хаана байна. Монгол дээл, монгол ахуй, зан заншлаа өвгөдөөс өвлөж үлдэхийн тулд өөрийгөө, нэр төрөө хаммер жийп, таун хаус, бүр халбага сэрээг хүртэл  хэрэглээнээсээ хөсөр хаяхаас айхгүй байгаа хүн С.Жавхлангаас өөр байна уу. Алга байна. Харин түүнтэй адил бодож,  Монголоороо омог­­шиж, цаашдаа дэвжиж хөг­жөөсэй гэж гэгээлгээр бодож, мөрөөдөж явдаг хүн захаас аван таарна. Үндсэрхэг үзэл, монгол төрхийг дэгжин хослол өмссөн гэж адлуулсан болгон толгойноосоо аваад хаячихсан гэж бодохгүй л байна. Эх оронч үзлийг ха­руулах гэсэндээ арай өөр тийш нь хүмүүсийн бодол санааг чангаасан С.Жавх­лангийн “Андгай” дууны клип шиг “том” бүтээл хийж байж, түүнийг үзэж байж  мон­голоороо үлддэг болсон бол юутай харуусал вэ. Энэ клипийг үзэж суусан нэг хүү “Жавхлан ах гараа зүсээд байна, яана аа”  гээд нүдээ дараад гарч гүйхийг харлаа. “Энэ Жавхлан чинь эрүүл байгаа даа” гээд байж суух газраа олж ядах хөгшнийг ч үзлээ. Харин америк киногоор хүмүүжсэн гэж шүүмжлүүлдэг мань мэтийн залуус бол шоолсон шүү, Жавхаа. Үнэм­шилгүй  санагдсан. Мон­голын түүхэнд үлдсэн баатар эрсийн тухай киноны хэсгээс бүрдсэн цуглуулга хийж үзэгчдэд хүргэх гэсэн бол  өөр хэрэг. Харин монголын үүх түүхийг, тэр их бардамнал, омогшлыг зөвхөн киногоор төсөөлж, мэдлэгийн баримжаа хийж явдаг юм биш байгаа гэж бодсоноо нууж чадахгүй нь. Тэр чинь кино байхгүй юу, С.Жавхлан минь. Бас цаг үедээ тохирсон уран сайхны хэтрүүлэгтэй шүү дээ. Тэрэнд нь итгэчихээд гараа огтчоод л, уул хадаар шороо самардаад гүйж л явдаг. Ар Монголын алдарт дуучин л бай л даа. Тэр нь илүү танд  зохино.  

Н.МӨНХТӨВШИН

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж