Ё.Отгонбаяр бэлтэй, Г.Занданшатар тарчиг

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Ё.Отгонбаяр бэлтэй, Г.Занданшатар тарчиг

Ирэх онд Засгийн газрын сайд нарын төсвийн багцад хэдэн төгрөг тусгасан, юунд зарцуулахаар хуульчилсныг энэ удаа уншигчиддаа хүргэж байна. Сайд нарын төсвийн багцаас харахад ирэх онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад хамгийн их мөнгөний эрх олгожээ. Харин Гадаад харилцааны сайд бүсээ чангалах шаардлагатай болжээ.

Боловсрол, соёл, шинж­лэх ухааны сайд Ё.От­гонбаярын төсвийн багцад 649 тэрбум 594 сая төгрөг тусгажээ. Үүнээс хүүхдийн цэцэрлэгт 99 тэрбум, ерөнхий боловсролын сургуульд 276 тэрбум төгрөг зориулахаар төлөвлөжээ. Мөн аймгуудын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд чамгүй хөрөнгө тусгасан байна. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны мэдэлд нэг тэрбум гаруй төгрөг байх нь. Мөн их сургуулийн хотхон байгуулах ажлын эхлэл болгож 92 сая төгрөг төсөвт тусгажээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди ирэх онд 398 тэрбум 284 сая төгрөг зарцуулах эрхтэй байх нь. Т.Ганди сайдын багцаас Нийгмийн даатгалын санд 190.7 тэрбум төгрөг зориулах аж. Мөн Улсын асрамжийн газарт 906 сая төгрөг төсөвлөжээ. Харин Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам ирэх онд 14 тэрбум төгрөгийн төсөвтэй аж. Үүнээс гадна тус яамны хөрөнгө оруулалт, их засварт есөн тэрбум төгрөгийг төсөвт тусгажээ. 

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын ирэх оны төсвийн багцад 309 тэрбум 245 сая төгрөг байна. Үүнээс авто замын хөрөнгө оруулалтад 197 тэрбум 724 сая төгрөг зарцуулах аж. Жил бүр их мөнгөөр тоглодог гэж хэл ам дагуулдаг Иргэний нисэхийн ерөнхий газарт гурван тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн байна. Тус байгууллагын хөрөнгө оруулалтад энэ жил 24 тэрбум төгрөг зориулсан бол ирэх жил нэг ч төгрөг төсөвлөсөнгүй. Харин Төмөр замын газарт 905 сая төгрөг зориулах юм байна. Мөн төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төсөлд 28 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнээс гадна орон сууцны хороолол барих дэд бүтцийг шийдэх төсөлд энэ онд нэг ч төгрөг тусгаагүй байсан бол ирэх жил 22 тэрбум төгрөг суулгаж өгчээ. Харин Барилга, хот байгуулалтын яам хоёр тэрбум төгрөгийн эрхтэй байх нь.

Эрүүл мэндийн сайдын ирэх оны төсвийн багцад 296 тэрбум 155 сая төгрөг байна. Дүүргүүдийн эмнэлэг ирэх онд нийтдээ 20 тэрбум 300 сая төгрөгийг шингээнэ. Харин аймаг, хотын нэгдсэн эмнэлгүүдэд 62 тэрбум 893 сая төгрөг зориулахаар төсөвт тусгажээ. Мөн эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, их засварт 51 тэрбум төгрөгийн эрх олгожээ. Эрүүл мэндийн яам ирэх онд нэг тэрбум төгрөг зарцуулах аж. Мөн Эрүүл мэндийн газарт 1.7 тэрбум төгрөг тусгажээ. Харин спортын төвлөрсөн зардалд дөрвөн тэрбум 400 сая төгрөг зориулах эрх С.Ламбаа сайдад байна.

Сангийн сайдын ирэх оны төсвийн багцад 203 тэрбум 45 сая төгрөг байна. Төсвийн багцаас анхаарал татах нь төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах бонд гаргахад 72 тэрбум төгрөг зориулахаар шийдсэн байна. Мөн гадаад зээлийн үйлчилгээний төлбөрт 25 тэрбум төгрөг тусгажээ. Засгийн газрын нөөц санд өмнөх оныхтой адил буюу 20 тэрбум төгрөг оруулна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдэлд 174 тэрбум 519 сая төгрөг байх нь. Тус яамны харъяа байгууллагуудаас хамгийн их мөнгөний эрхийг Хил хамгаалах ерөнхий газарт өгчээ. Тус байгууллага ирэх онд 50 тэрбум 600 сая төгрөг зарцуулна. Цагдаагийн ерөнхий газар 22 тэрбум төгрөгийн эрхтэй байх аж. Мөн аймаг, нийслэлийн цагдаагийн газар, хэлтэст 37 тэрбум төгрөг тусгажээ. Харин Хууль зүй, дотоод хэргийн яам ирэх онд нэг тэрбум төгрөг зарцуулах нь.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад 131 тэрбум 763 сая төгрөг баталжээ. Үүнээс Тариаланг дэмжих санд 16 тэрбум, хүнс, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтад 35 тэрбум төгрөг тусгасан байна.

Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын ирэх оны төсвийн багц 116 тэрбум 865 сая төгрөг байна. Үүнээс эрчим хүчний хөрөнгө оруулалтад 58 тэрбум, Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд хоёр тэрбум төгрөг зарцуулах аж.

Батлан хамгаалахын сайд ирэх онд 88 тэрбум 123 сая төгрөг зарцуулах эрхтэй. Үүнээс Зэвсэгт хүчний жанжин штабт 59 тэрбум, Батлан хамгаалах их сургуульд дөрвөн тэрбум, Цэргийн клиникийн төв госпитальд 231 сая төгрөг зарцуулна. Мөн Батлан хамгаалах яаманд арван тэрбум төгрөг зарцуулахаас гадна хөрөнгө оруулалт, их засварт нь 985 сая төгрөг тусгажээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2011 онд 63 тэрбум 452 сая төгрөг зарцуулна. Л.Гансүх сайд цөлжилттэй тэмцэхэд 900 сая төгрөг зарцуулах бол яамандаа нэг тэрбум төгрөг төсөвлөжээ.

Гадаад харилцааны сайд ирэх онд 31 тэрбум 488 сая төгрөгийн эрхтэй байна. Үүгээрээ тэрбээр сайд нараас хамгийн бага мөнгөний мэдэлтэйд тооцогдож байгаа юм. Гадаад харилцааны яаманд харъяалагддаг байгууллагын тоо цөөн, цомхон учраас бага мөнгө төсөвлөдөг аж. Г.Занданшатар сайд багцаасаа яамандаа гурван тэрбум, Дипломат төлөөлөгчийн газарт 18 тэрбум төгрөг зориулах юм байна. Үүнээс гадна энэ жил төсөвгүй байсан Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийг  хамгаалах санд 173 сая төгрөг зориулахаар болжээ. Мөн яамны хөрөнгө оруулалт, их засварт таван тэрбум төгрөг төсөвлөжээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж