Хонх дуугарлаа, хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо!

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Хонх дуугарлаа, хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо!

Хамтарсан Засгийн газарт ажил­лаж буй улс төрийн хоёр том хүчин дор бүрдээ хурлаа хийчихээд одоо зөвхөн өмнөх ажилдаа шамдаж буй. Харин намын удирдлагадаа гомдож, горойж хоцорсон “хоёрдугаар ээл­жийнхэн хоолондоо яарч” тэднийг амар тайван суулгахгүй шинжтэй. Ийм нөхцөлд тэдэнд албан тушаал бэлэглэж, амыг нь таглахаас өөр аргагүйд хүрдэг. Яг одоо энэ асуу­­дал Ардчилсан нам, Ардын на­мынхны толгойны өвчин болоод байна. Өвчнөөсөө салах асуудлыг ч хамтдаа шийдэх тэдний хувилбарын зах зухаас нь “гэрэлд цохиулах” гэж оролдъё. Магадгүй, гэрэлд  цо­хиулсны дараа Төрийн албаны хууль зөрчиж, мэргэжлийн бус хүмүүст ал­бан тушаал бэлэглэх  ажиллагаагаа зогсоох ч юм билүү гэж найдна.

Юуны өмнө Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын суу­дал сул байгаа. Энэ суудалд тус газ­рын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй дэд дарга Д.Ганбат хам­гийн өндөр магадлалтай байна. Татаас ч сайтай юм. Учир нь түүнийг Ардын нам дахь “Хотын фракци”-аас гаралтай буюу М.Энхболд, Т.Ба­дам­жунай нарын ивээлд байдаг гэлцдэг. Мөн Монголын хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү, Жижиг дунд үйлд­вэрийн газрын дарга Ц.Ням-Осор нарыг дараагийн хувилбар хэмээн “нөөц­лөөд” байгаа ажээ.

Мөн Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын суу­дал сул буй. Тус газрын даргаар ажил­лаж байсан доктор Ш.Батсүх уг нь сэтгэлзүйч мэргэжилтэй юм билээ.  Гэтэл тухайн ажлын байрны тодор­хойлолтод инженер байх шаард­лагатай гэсэн захиалгатай байдаг. Үүнээс болж удтал сунжирсан мар­гаан одоогоор хяналтын шатны шүүх дээр үргэлжилж буй. Энэ суудалд Тат­варын ерөнхий газрын даргаар ажиллаж буй Ц.Оюунбаатарыг томи­лох сураг дуулдаж эхэллээ. Ар­дын намын “жигүүр”-ийн гишүүн байс­наар нь хүмүүс анддаггүй энэ эрхэм төрийн алба хашихдаа намаасаа түд­гэлзсэн. Гэвч нам нь түүнээс нүүр буруулсангүй. Харин ч үнэ цэнэтэй суудалдаа өргөн дэвшүүлэхээр ярьц­гааж байна. Нөгөөтэйгүүр тэрбээр Тат­варын ерөнхий газрын даргаар ажил­лаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэсэн хэл ам дагасаар бай­гаа. Учир нь Төрийн албаны хуульд заасны дагуу Засгийн газ­раас захиалсан ажлын байрны тодор­хой­лолтод заасан шаардлагыг хангаж ча­даагүй дарга гэсэн. Түүний оронд хэн Татварын ерөнхий газрын дарга болох бол? Анхаарал татсан энэ асуул­тын хариуг УИХ-ын 2008 оны сонгуульд өвдөг шороодсон Гаалийн ерөнхий газрын дарга асан Д.Баттөмөр халаасалчихаад мишээж явна. Сүүлийн үед эдийн засгийн сэд­вээр туурвил бүтээлээр арвин яваа түүний улс төрд тод харагдах хүсэл эрмэлзэл огтхон ч бөхөөгүй ажээ. Замын-Үүдийн гаалиар хууль бусаар орж ирсэн спиртээс болж бал­рах дөхсөн гунигт мөч ард үлдэж, улс төрд идэвхийлэн, урагшаа харж амьд­рахаар шийдсэн бололтой. 

Дараагийн “гоё сандал” нь Сан­гийн яамны саарал байрны ¹233 өрөөний хойморт бий. Энэ сан­дал дээр суух азтанаар Ерөнхий сай­дын эдийн засгийн бодлогын зөв­лөх Н.Энхбаяр, мөн Ерөнхий сай­дын эдийн засгийн бодлогын орон тооны бус зөвлөх, “Тэнгэр” сан­хүү­гийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Сангийн яамны  төсвийн бод­лого, зохицуулалтын газрын дарга Б.Батжаргал нарын нэг нь тодрох юм. Мөн Стандартчилал, хэмжилзүйн газ­рын дарга, Иргэний нисэхийн ерөн­хий газрын даргын асуудал эргэлзээтэй байгаа. Өөрөөр хэлбэл дээрх газруудыг үүрэг гүйцэтгэгч нь удирдаж байгаа гэсэн үг. БСШУЯ-ны харъяа Соёл урлагийн газрын даргыг ч ажлын байрны то­дор­хойлолтод нийцэхгүй байгаа та­лаар мэдээлэл гарч байсан. Дээрх асууд­лаар Төрийн албаны зөвлөлөөс Зас­гийн газарт захиалгаа дахин өгөхийг хүссэн шаардлага хүргүүлж байсан ч одоо хүртэл хариу өгөөгүй байна.

Агентлагийн дарга томилох шиг амархан, бас сонирхолтой үйл явдал байхгүй биз. Харин эдгээр томилгоо нь төрийн албаны хууль тогтоомжид хэр нийцдэг талаар анхаарах хүн ховор байгаа нь харамсалтай. Тухайлбал агентлагийн даргыг Төрийн албаны зөв­лөлийн сонгон шалгаруулалтад оруулж шалгаруулаад, ажлын байр­ны тодорхойлолтод нийцсэн бол салбарын сайд нь Засгийн газ­рын хуралдаанаар хэлэлцүүлж, Зас­гийн газрын тогтоолоор томилох учир­тай. Сайд, дэд сайдыг улс тө­рийн томилгоогоор томилдог ч агент­лагийн даргад зайлшгүй мэргэжлийн хүн байх шаардлагатай байдаг. Тө­рийн албаны зөвлөлийн сонгон шал­гаруулалтад өндөр оноо авсан за­рим хүмүүс ажилдаа орж чадаагүй та­лаар гомдолтой явдаг юм билээ. Нөгөөтэйгүүр Засгийн газар ажлын байрны захиалга өгөхдөө улс төрийн томилгоогоор санал болгох гээд бай­гаа хүмүүстээ тохирсон ажлын байрны тодорхойлолт бэлтгэж өгсөн нь бий.  Энэ тохиолдолд сонгон шал­гаруулалтад өндөр оноо авсан боловч төрийн албанд төдөн жил үр бүтээлтэй ажилласан байх гэх зэрэг шаардлагад нь тохироогүйгээс бо­лоод өрсөлдөгчдөдөө ажлын байраа алддаг ажээ.

Ийнхүү “Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо” орох цаг иржээ. Тө­рийн алба хаших та бүхний ашиг сонирх­лын өмнө төрийн хууль бий. Түүнийг ягштал биелүүлэхээс ажлаа эхлэх үүргээ бүү мартаарай.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж