Б.Оюунбилэгт: Миний ард хэн ч байхгүй

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Б.Оюунбилэгт: Миний ард хэн ч байхгүй

Монголбанкны бодлогыг сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчтэй шүүмжлээд байгаа иргэн Б.Оюунбилэгтийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Та юу хийдэг хүн бэ?

-Би бизнесмэн, судлаач хүн. Энэ салбарт 1990 оноос хойш зүтгэж байна. Янз бүрийн л юм хийдэг.

-Нууц биш бол яг ямар ажил хийдэг юм бэ?

-Нэг иймэрхүү судалгаа, нийтлэл бичээд л байж байна.  

-Ямар нэгэн байгууллагад ажилладаггүй гэсэн үг үү?

-Яг тогтсон байгууллага энэ тэр бол байхгүй. Бие даагаад л явж байна. Гэхдээ одоо Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын С.Дэмбэрэл дарга  зэрэг хүмүүс иймэрхүү чиглэлээр хамтарч ажиллая гэсэн санал тавьж байгаа. Цаашид тодорхой хүмүүстэй нийлээд ажиллах байх. Хувийн бизнесийн хувьд ч бас хийдэг юм бий л дээ.

-Жирийн нэг иргэн төв банкны бодлогыг хүчтэй эсэргүүцээд, ерөнхийлөгчийг нь янз бүрээр хэлээд байгааг хүмүүс янз бүрээр харж байна. Та хэн нэгний захиалгаар ийм юм хийгээд байгаа юм биш үү?

-Миний хувьд ямар нэгэн төрийн алба хашдаггүй. Зүгээр л улс орныхоо эдийн засгийн төлөө санаа зовж явдаг нэгэн.

Төр засгийн урагшгүй бодлогоос болж түмэн олон маань ядууран доройтож, газар нутаг маань харийнханд эзлэгдэж байгаад зүрхээ шимшрүүлж явдаг жирийн нэг иргэн. Миний ард хэн ч байхгүй. Байх ч шаардлагагүй.

-Та төв банкийг шүүмжилсэн цуврал нийтлэл бичсэн. Тиймээс Монголбанкныхан уулзах гэж таныг хэвлэлээр урьсан байсан. Тэр  дагуу та өнөөдөр уулзаж байна уу? /Өчигдөр тэрбээр МҮХАҮТ-д болсон “Мөнгөний бодлого ба эдийн засгийн өсөлт-Урагшлах уу, ухрах уу” хэлэлцүүлгийн үеэр Монголбанкныхантай уулзаж байсан юм./

-Би цуврал нийтлэл бичсэн нь үнэн. Монголбанкныхан надтай уулзах хүсэлт гаргасан нь ч үнэн. Гэхдээ өнөөдрийн /өчигдрийн/ арга хэмжээг МҮХАҮТ-аас зохион байгуулж байгаа юм. Тэр асуудалтай хамаагүй.

-Танд Монголбанкийг шүүмж­лэх ямар шалтгаан байна?

-Би Монголбанк гэдэг байгууллагад бус, тэндээс гаргаж буй мөнгөний бодлогод л шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Манай улсын мөнгөний бодлого маш буруу яваад байна л даа. Мөнгө гэдэг зүйл чинь өөрөө эдийн засгийн суурь шүү дээ. Тийм учраас энэ суурь хөрсөндөө таарсан эдийн засгийн бодлого байх ёстой юм. Монголбанк зөвхөн инфляцитай зууралдах бус, эдийн засгийг яаж хөгжүүлэх вэ, яаж тэлэх вэ гэдэгт төвлөрөх учиртай. Мөн ажлыг байрыг хэрхэн нэмэгдүүлж, яаж үйлдвэрлэлийг дэмжих вэ гэдэг асуудлыг төв банк орхигдуулаад байгаа учраас л үүнийг анхааруулаад байгаа юм. Энэ бүхэн чинь аж ахуйн нэгжүүдийг дэмжих тухай ойлголт.

-Монголбанк үүний төлөө ажиллаж байна гэдэг. Таныхаар яаж ажиллах ёстой гэж?

-Төв банк юуны түрүүнд зээлийн хүүг бууруулахад гол анхаарлаа хандуулах ёстой. Зах зээлд хэрэгтэй байгаа мөнгийг тэр хэмжээгээр нь нийлүүлж өгөх ёстой. Бизнесээ өргөжүүлэх, ашиг олоход нь шаардлагатай арга хэмжээг авч, түүнд зохицсон бага хүүтэй зээлийг санал болгох хэрэгтэй. Гол санаа нь  энэ. Монголбанк өнөөдөр “Инфляци өндөр байна. Тийм учраас бодлогын хүүгээ бууруулж болохгүй байна” гэсэн юм яриад байдаг. Бодлогын хүүг бууруулахгүй байна гэдэг чинь зээлийг хязгаарлаж байна гэсэн үг шүү дээ. Мөнгөний бодлогыг тэлье гэвэл зээлийн хүүгээ бууруулахаас аргагүй. Ингэж байж эдийн засаг, үйлдвэрлэл хөгжих суурь бүрдэх юм. Үйлдвэрлэл рүү хангалттай мөнгө нийлүүлж байж л хөгжинө.

-Гэхдээ инфляцийг барих нь төв банкны үүрэг биз дээ?

-Инфляцийг барих бодлого бол төв банкны бодлогын нэгээхэн хэсэг л байх учиртай. Үндсэн үүрэг нь ч мөн. Гэхдээ инфляцийг барих, бууруулах бодлого нь өөрөө буруу яваад байгаад л хамаг учир байгаа юм. Мөнгөний бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэхгүй зөвхөн инфляцитай зууралдаад байж болохгүй шүү дээ.

-Улс төрийн намуудын амлалтаас болоод инфляци байнга өсөөд байгаа юм чинь зууралдахаас аргагүй юм биш үү?

-Улс төрийн намуудын амлалт, түүнээс шалтгаалах хүчин зүйл бол тусдаа асуудал. Үүнд шүүмжлэлтэй хандах ч ёстой. Монголбанкинд нөлөөлж байгаа нь ч үнэн. Гэхдээ үүсээд байгаа асуудлуудаа ялгаж салгах ёстой л доо. Намууд бэлэн мөнгө амлаад, тараагаад байгаа нь инфляцид нөлөөлж байгаа нь үнэн. Өнгөрсөн жилүүдэд үүнийг бид хангалттай харсан. Өнөөдөр дахиад 21 мянган төгрөг бэлнээр тараах тухай ярьж байна. Энэ мөнгө бизнесийг бодитоор дэмжиж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хүмүүст дэмжлэг болох хэмжээний мөнгө биш. Харин ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөөд инфляцийг өсгөнө.

-Тийм учраас л төв банк бодлогын хүүгээр үүнийг барьж байна гэдэг?

-Нэг талд нь мөнгө нийлүүлээд байгаа бол нөгөө талд нь эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор үйлдвэрлэлийг дэмжих ёстой. Хэчнээн их мөнгө иргэдийн гар дээр байлаа ч худалдан авах зүйл нь ховор байвал үнэ өсөхөөс аргагүй. Гэтэл төв банк зээлийн хүүг өндөр байлгаад байхаар яаж үйлдвэрлэл явах юм бэ. Худалдан авч буй талд мөнгө байгаа бол зэрэгцүүлээд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжээд өг л гэсэн санаа. Энэ бол зах зээлийн зарчим. Ингэж байж л хөгждөг. Эдийн засагт өсөлт гардаг. Үйлдвэрлэл хэрэглээ хоёр бол нэг тэрэгний хоёр дугуй л гэсэн үг байхгүй юу. Энэ бол мэдээжийн зарчим.

-Тэгвэл ийм мэдээжийн зүйлийг хийж чадахгүй байгаа нь Монголбанкинд мэдлэг чадвартай боловсон хүчин дутагдсаны илрэл үү, эсвэл шийдвэр гаргах эрх мэдэл нь дутаад байна гэсэн үг үү?

-Нэгдүгээрт, Монголбанкны удирд­лагуудын мэдлэг чадвартай шууд холбоотой. Хоёрдугаарт хариуцлагын тогтолцоотой хол­боотой. Өөрөөр хэлбэл, төв банк УИХ-ын харьяа байгууллага учраас хариуцлагаа тооцсон шиг тооцож байх учиртай. Гэтэл Монголбанкийг бие даасан байгууллага гэдэг утгаар нь мөнгөний бодлого нь буруу явж байсан ч эергээр нөлөөлж, засч залруулж чаддаггүй. Тайлан тооцоотой нь танилцах, хэлэлцүүлэг нэртэй хэдэн шүүмжлэл хэлэхээс хэтэрдэггүй шүү дээ. Монголбанк буруу ажиллаж байхад хариуцлага тооцох ямар ч механизм байхгүй. Дэлхийн улс орнуудын төв банкны тогтолцоонд хоёр янзын хувилбар байдаг. Нэг нь хараат, нөгөө нь хараат бус. Тэгээд энэ бүхнийг харж байхад хараат тогтолцоотой улсуудын эдийн засаг сайн хөгжөөд хараат бус нь хангалттай явахгүй байна. Маш тодорхой харагддаг. Тиймээс УИХ, Засгийн газар энэ асуудлыг авч үзэх зайлшгүй шаардлагатай гэсэн үг.

-Монголбанк хэдийгээр биеэ даасан гээд байгаа ч үнэн хэрэгтээ ерөнхийлөгчийг нь УИХ-ын дарга санал болгож, томилдог. Үндсэндээ УИХ-ын хараат байдлаар л ажиллаж байгаа шүү дээ?

-Энэ талаар ярихын тулд Монголбанкны тухай хуульд хариуцлагын тухай зүйл, заалт байна уу гэдгийг үзэх хэрэгтэй. Буруу бодлого явуулсан тохиолдолд хэн, ямар хариуцлага хүлээх талаар тэр хуульд нэг ч зүйл заалт байдаггүй юм. Ерөнхийлсөн ганц л өгүүлбэр байдаг. Тэр нь бүрхэг учраас хэн ч хариуцлага тооцдоггүй. Төв банкны буруу бодлогын улмаас эдийн засагт хохирол учирсан бол хэн, ямар хариуцлага хүлээх нь маш тодорхой байх ёстой шүү дээ. Яах вэ, огцруулах тухай заалт бий л дээ. Гэхдээ нэг дарга огцорлоо гээд хохирлыг шийдэж байгаа хэрэг биш.

-Монголбанк бодлогын хүүг хатуу байлгахаас өөрөөр инфляцийг бууруулах ямар арга байна?

-Инфляци өснө гэдэг чинь хэрэглээнд илүү их мөнгө нийлүүлээд бараа бүтээгдэхүүн хомсдохыг л хэлж байгаа юм шүү дээ. Тэгэхээр үүний эсрэг гол арга бол ерөөсөө л үйлдвэрлэлийг дэмжих. Монголбанк мөнгөний нийлүүлэлтээрээ дамжуулж үүнийг зохицуулж явах ёстой. Гэтэл хийх ёстой ажил нь биш юм шиг хандаад байна. Тэгж болохгүй. Үндсэндээ энэ үүргээ биелүүлэхгүй байна гэдэг нь төв банк эдийн засгийн хөгжлийг чөдөрлөж байна гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж