Хууль бус модны хулгайг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Хууль бус модны хулгайг илрүүлэв

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар, УМБГ-ын Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт энэ сарын 26, 27-нд шалгалт хийлээ. Уг шалгалтад УМБГ-ын Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх VI хэлтсийн дарга И.Буян-Өлзий, мөрдөн байцаагч н.Дашравдан, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга С.Доржготов, улсын байцаагч М.Батмөнх нар оролцов.

Шалгалт хийх явцад хууль бусаар мод бэлтгэсэн цөөнгүй зөрчил илрүүлжээ. Тухайлбал, Тэрэлжийн төвөөс гурван км орчим зайд Налайх дүүргийн VI хорооны иргэн Н.Ганаа гэгч ашиг олох зорилгоор 6 м.куб бэхэлгээний нойтон мод бэлтгэснийг илрүүлэв. Түүнчлэн, Ингэнэт хэмээх газарт 5 м-ийн урттай 15 палк, 18 ширхэг шургааг бэлтгэснийг илрүүлэн, холбогдох эздийг хайж байна.

Эрүүгийн хуулиар Тусгай хамгаалалттай газар нутагт нойтон мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, ашигласан, ан агнасан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулдаг, эсвэл 1.6-5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулдаг аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж