Залуу бизнесменүүд чууллаа

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Залуу бизнесменүүд чууллаа

Дундговь аймгийн төв Мандалговьд зуу гаруй бизнесмен хоёр өдөр чууллаа. Чуулга уулзалтын сэдэв нь “Бизнесийн орчныг хөгжилд залуусын оролцоо”  Дундговь аймаг ИТХ—аасаа 2010 оныг “Бизнесийн орчныг хөгжүүлэх жил” болгон зарласны хаалтын ёслол  нь энэхүү чуулган юм. Чуулганы үндсэн илтгэлийг аймгийн Засаг дарга Д.Чандмань тавьлаа. Д.Чандмань илтгэлдээ 2010 онд аймгийн төр, захиргааны байгууллагаас Бизнесийн орчныг шинэтгэх, хөгжүүлэх талаар хийсэн ажлыг нэгтгэн дүгнэж цаашдын зорилтыг тодорхойлов. Тэр хэлэхдээ, “Өмнөговь аймаг Оюу толгойгоор хөгжих бол Дундговь Оюунтай толгойгоор хөгжих боломж бий. Оюуны бүтээмжийг, оюуны чадавхийг материаллаг зүйл болгох үйл явц маш хурдацтай болсон энэ цаг үед бид энэ зорилтыг дэвшүүлснээр их зүйл хожих болно. Бизнест оюунтай толгойн шинэлэг сэтгэлгээ маш хэрэгтэй байна. Иймд бид оюунлаг сэтгэлгээ, бизнесийн гүйлгээ ухааныг юуны түрүү дэмжих болно. Өнгөрсөн хоёр жилд жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр олгосон зээлийн үр дүнг газар дээр нь үзэхэд оюуны хүчин зүйл, бизнес гүйлгээ ухаантай зээлдэгчид маш үр бүтээлтэй ашигласан байхад  мөнгөний хүчээр бүхнийг шийдэх юм шиг мөчид бодсон зарим нь зээлээ үрэн таран хийчихсэн, бас нөгөө хэсэг нь ашиглаж чадалгүй буцаагаад тушаачихсан байна.  Тэгэхлээр оюунтай толгойн хүчээр сэтгэж бүтээх, бас хариуцлага, санаачлагаа өндөржүүлэх, өөрсдийгөө чадваржуулах шаардлага бизнес эрхлэгч та нарын өмнө тулгарч байна. Бид оюунтай толгойг чадах бүхнээр дэмжих болно” гэлээ.

Чуулга уулзалтын үеэр  Сайнцагаан сумын Д.Ганчимэг, Сайхан-Овоо сумын М.Угтахбаяр, Хулд сумын Р.Эрдэнэбулган нарыг аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнав. Мөн Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” алтан медалиар Сайнцагаан сумын Б.Ням, Луус сумын Ш.Өлзийцэцэг нар шагнагдаж Говь-Угтаал сумын С.Дугарбаатар “Тэргүүний залуу” алтан медалиар энгэрээ мялаалаа.

Чуулга уулзалтыг аймгийн Засаг даргын тамгын газраас эрхлэн зохион байгуулж Мерси кор олон улсын байгууллага,  ХААН банк, Монголын залуучуудын холбоо, Технож инкубатор төв, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран оролцож салбар хуралдаануудыг төрөлжүүлэн хөтлөн явуулав..

Залуу бизнесменүүд аймаг орон нутгаа хөгжүүлэх, бизнесийн орчныг шинэтгэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, банкуудыг энэ зорилтыг хэрэгжүүлэхэд хамтран үр бүтээлтэй ажиллахыг уриалсан баримт бичгийг зөвлөлгөөнөөс гаргалаа.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж