
Юлия Тимошенкогийн хувцас гоёл нь түүний цуутай гэзэгтэй л өрсөлдөхөөр алдартай
Юлия Тимошенко 2008 онд Украины теле сувгаар харх үхэр зусаг хоёр ямар ялгаатай тухай нэгэн онигоо ярьсан юм. Үнэн хэрэгтээ тэдэнд ялгаа байхгүй бөгөөд ганцхан харх муу пиартай гэсэн байв. Юлия өөрөө пиарыг сайн мэдэх учраас түүний гадаад төрх нь Тимошенког улам алдаршуулдаг. Өөрийн түрэмгий бөгөөд эмэгтэйлэг стилиэрээ тэрээр дундаж нас, дундаж төрхтэй эрэгтэй улстөрчдийн саарал дэвсгэр дээр гялалзана. Энэ эмэгтэйн стильд викторианы хатуу журам давамгайлах бөгөөд гүнзгий ухлаадас байхгүй, өнгийн хатуу сонголтоо бие галбирыхаа онцлогийг гаргахад ашиглан тэр бүгдээ сүлжмэл хөвөө, гоёл зүүлт, өндөр өсгийгөөр мөн улстөрчөөс хүлээгдэх өвдөгнөөс арай доогуур урт хормойгоор нөхөн баяжуулдаг.
Даашинз
Даашинзууд Тимошенкогийн хувцасны дуртай элемент нь. Эхэндээ имижийн зөвлөх нь “багшийн” хатуу тогтсон стилийг түүнд санал болгосон ба харин эмэгтэй хүнийг онцолсон даашинздаа Юлия илүү сайхан харагддаг. Ардын стилиэр гоёсон ч тэрээр мангар биш харин орчин үеийн дэгжин хүүхэн харагддаг.
Юлия өөрийн гадаад төрхдөө ихээхэн анхаардаг. Тимошенкогийн хувцсыг захиалагчийнх нь зураг, санааны дагуу гол төлөв Украины залуу загвар зохион бүтээгч Айна Гасе оёдог гэнэ. Дуртай өнгөнд нь цагаан, хар болон шохойн будгийн бүхий л өнгө аяс ордог. Костюм ба даашинз нь бэлхүүсээ барьсан ба мөрөнд нь дандаа нэмэгдэл чимэгтэй. Тавин насандаа Юлия өөрийн бүхий л давуу талаа тодруулах сурцсан гэлтэй. Жишээлбэл, дөрөвний гурвын хэмжээтэй ханцуй нь түүний дэгжин бугуйг нээдэг ба чийрэг эрээн булчинг нь өндөр өсгий уртасгаж өгдөг. Хувцасны дугуйрсан шугамууд нь эмэгтэй хүний зөөлөн чанарыг харуулна. Дугуйрсан стильд дуртай байсан үзэсгэлэн төгөлдөр Жеки Кеннедитэй харьцуулахад Юлияд таатай байдаг байлгүй.
Өнгөний аясыг барьснаа жабо захтай цамц, энгэрийн том зүүлт, ээмэг, бугуйвч зэрэг нэмэлт чимгээр Тимошенко тодруулдаг. Chanel-ийн сувд ба гоёлд тэрээр онцгой дуртай. Хувцсандаа Louis Vuitton, Yves Saint Laurent, Dior зэрэг Францын сонгодог маркийг тэрээр илүүд үзнэ.
Гутал
Бие галбирыг гоолиг харагдуулах өндөр өсгийтэй гутлууд нь хувцсанд зохицсон байдлаараа түүний стилийг ихээхэн бодлоготой хийгдсэн гэх тайлбарт хүргэнэ. Эмэгтэйчүүд нь гоё сайхнаараа магтагдах уламжлалтай улсад тэр нь хамгийн зөв шийдэл юм.
Тимошенкогийн гоёлоос нуугдмал санааг олон хүн хайгаад байдаг. Голчлон гоёлоос нь секси хайх нь их. Юлия ч тэдний шохоорхлыг дэмжээд байгаа мэт заримдаа гэрэлтсэн цамц, богино банзал өмсөх гээд байдаг. Байгалийн хийн маргаантай асуудлаар 2009 оны нэгдүгээр сард Путинтэй хэлэлцээр хийдээ Тимошенкогийн өмссөн ардаа цахилгаантай бие барьсан хар даашинз багагүй шуугиан гаргасан билээ. Тэр хувцаснаас шийдэмгий, хүлцэнгүй гээд л олон шинжийг олж хараад бичиж байлаа. Дараагийн өдөр нь янаг цэцгийн өнгөтэй хантаазтай түүнийг гарч ирэхэд “байгалийн хийн энх тайвны” бэлгэдэл хэмээн бас шуугиж байлаа. Үс засалт
Тимошенкогийн яриагаар тэрээр өглөө бүр үсээ янзлахад долоон минут зарцуулдаг аж. Гэзэгний үе нь эхэлж байхад гэзэг сүлжих хэмжээний үс Тимошенкод байхгүй гэж атаархсан нэг нь хэлж байв. Тэгээд ч ерөнхий сайд тусгай хэвлэлийн хурал дээр гэзэгнийхээ 100 хувийг харуулж байсан юм.
Аксессуарууд
Юлиягийн дуртай гоёл чимэг нь сувдан ээмэг ба зүүлт. Chanel энд давамгайлна. Цүнх барих нь ховор, цүнхтэй бол Louis Vuitton-ыг л илүүд үздэг бололтой. Өөрийгөө хүндэтгэдэг дэгжин эмэгтэйн хувьд Йоркширийн терьер үүлдрийн нохойтой.
Өөрийн карьертаа “Байгалийн хийн гүнж” гэх албан бус тодотголтой эмэгтэй Мадоннагаас дутахгүйгээр имижээ сольж иржээ. Өнгөрсөн зууны ерээд оны эхээр Тимошенко бизнес хийж эхлэхдээ хар үстэй төдийлөн дэгжин харагддаггүй байв. Ердийн л үс засалт, ердийн л хувцас. Харин “улбар шар хувьсгалтай” зэрэгцээд 2004 онд Юлия жинхэнэ стилийн хувьсгалаа хийсэн юм. Түүний толгойд алтан гэзгэн титэм гарч ирээд зогсохгүй хувилгаадын зурган дээр байдаг шиг титэм нь энэ эмэгтэйн улс төрийн цаашдын замыг ивээсэн гэлтэй. Гэзэг Тимошенкогийн улс төрийн хамгийн амжилттай нүүдэл болсон билээ.
Алтан шар гэзэг ахан дүүс славянчуудад нь эерэг сэтгэгдэл төрүүлж, тариан түрүүний баглаа, хатан хааны, эсвэл хувилгаадын титмийг нэгэн зэрэг санагдуулж байсан гэдэг.
Ерөнхий сайд асны дэгжин гэзэг нь гэрийн ухаалаг эзэгтэй, улс орны эх гэсэн санааг аргагүйн эрхэнд төрүүлнэ. Юлия өөрөө гэнэн байдлаар тайлбар өгөхийг хичээнэ. “Нөхөр минь намайг үсээ задгай тавь гэдэг. Улс төр өөрөө албан ёсны болохоор би сэгсийгээд явж байж болохгүй биз дээ. Тиймээс гэзгээ сүлжээд явах нь хамаагүй дээр” гэсэн хариултыг тухайн үедээ Юлия Тимошенко өгч байлаа.
Ш.Мягмар