Carling Cup-ын тоглолтууд өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Carling Cup-ын тоглолтууд өнөөдөр болно

Carling Cup буюу Английн лигийн цомын тэмцээний дөрөвдүгээр шатанд шалгаран үлдсэн найман багийн тулаан өнөөдөр болох гэж байна. Эдгээр багуудаас долоо нь Премьер лигт тоглодог, харин “Ипсвич Таун” Championship-ийн нэр төрийг хамгаалахаар энэ шатанд үлдсэн доод лигийн цорын ганц клуб юм.

“Тоттенхэм”, “Ньюкастл” клубуудыг хожиж, энд хүрсэн Лондонгийн “Их буучид”-ын хувьд өнөөдрийн өрсөлдөгч нь “Уиган Атлетик”. Шинэ улиралд хоорондоо тулаагүй байгаа Премьер лигийн хоёр клубын хувьд Карлингийн цомын тэмцээний дөрөвний нэг шигшээд таарсан бөгөөд Лондонгийн Эмират цэнгэлдэхэд өрсөлдөх юм.

Харин Бирмингэм хотын хоёр баг болох “Астон Вилла”, “Бирминхэм” нар энэ удаад бас л хоорондоо таараад байгаа. Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр Вилла паркт тоглож, хуурай тэнцээгээр эвийн гэрээ байгуулж байсан тэд энэ удаа Сент-Эндрюс цэнгэлдэхэд аль нь шилдэг дөрөвт үлдэх эсэхээ шийдэхээр тулаан хийх болно.

Аптон парк цэнгэлдэхэд талбайн эзэн “Уэстхэм” болон “Манчестер Юнайтед” клубууд мөн учраа таараад байгаа. Хоёр  багийн хувьд Премьер лигийн гуравдугаар тойрогт тулж, “Улаан чөтгөрүүд” талбайдаа 3:0 харьцаатай ялалт байгуулж байсан юм. Карлингийн цомыг дөрвөнтөө хүртсэн “МанЮ” сүүлийн хоёр жил хэнийг ч урдаа гишгүүлэлгүй дараалан түрүүлээд байгаа. Харин Аврам Граантын хувьд “Челси”-г удирдаж байхдаа лигийн цомын тэмцээний шигшээ тоглолтод үлдэж байсан туршлагтай нэгэн. Өмнөх шатанд “Сандерлэнд”, “Стоук Сити” клубуудыг хожсон түүний баг энэ удаад “Улаан чөтгөрүүд”-ээс даагаа нэхэх боломж гарч ирлээ. Гэвч зочилж ирэх “МанЮ” өнгөрсөн долоо хоногт “Блэкбурн”-ыг 7:1–ээр бут ниргэснийг Лондонгийн баг сайн мэдэж байгаа.

Харин дээр дурдсан Championship-ийн “Ипсвич Таун” дээд лигийн “Уэст Бромвич Албион” клубууд энэ шатанд өөрсдийн лигийнхээ нэр төрийг хамгаалахаар ширүүн тулааны өмнө ирээд байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж