“Ану хатан” үндэсний фольк дуурь ДБЭТ-д амиллаа

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

“Ану хатан” үндэсний фольк дуурь ДБЭТ-д амиллаа

Өчигдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Ану хатан” фольк дуурь амиллаа. Орхон аймаг байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан тавигдсан уг дуурьт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх “Уурхайчин” соёлын ордны “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын 40 гаруй уран бүтээлчид тоглосон. Дуурийг “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын дарга, МЗЭ-ийн хорооны утга зохиолын төлөөх шагналт зохиолч, соёлын тэргүүний ажилтан Д.Дашдондов бичиж, найруулагчаар СТА Т.Одончимэг, тайзны зураачаар Санжаасүрэн, ая зохиогчоор СТА Б.Цэрэндондов нар ажиллажээ. “Ану хатан” дуурь нь тус чуулгын тав дахь түүхэн том бүтээл юм. Томоохон хэмжээний уран бүтээл туурвихад хөрөнгө мөнгөний бэрхшээл тулгардаг ч энэ дуурийг бүтээхэд “Эрдэнэт үйлдвэр” 20 шахуу сая төгрөгний хөрөнгө оруулалтыг хийжээ. Мартагдах шахсан баруун монгол ойрд түмний гайхамшигт ая аялгуу, ардын дуу, уртын бэсрэг дуу, биелгээ, эд зүйлс, хувцас хэрэглэлийг сэргээн хийж багтаасан бэсрэг язгуур дуурь юм. ”Ану хатан” дуурийн гол дүрээр түүхэн баатарлаг эмэгтэйн эх орон газар нутгаа гэсэн ухаант бодлого, хэрхэн хатуу тэмцэж байгааг, хаан суудал хайр сэтгэлийнхээ төлөө бус газар шороо үр удам хойчийг бодон алтан амиа үл хайхран тулалдаж байгааг харуулдаг. “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид энэхүү цэвэр язгуур үндэсний дуурийг маш чадварлагаар дуулж хуурдан, ардын хөгжим тоглон, биелгээ биелэж, үзэгчдийн үндэсний үзлийг хурцлан бахархах сэтгэгдэл төрүүллээ. Гадаа хэдийгээр цасаар шуурч байсан ч тэнд хурсан олны сэтгэл эх орон, уул ус, газар дэлхийгээ хайрлах гал халуун сэтгэлээр дүрэлзэн байлаа.
Тоглолтын дараа цөөн хором найруулагч СТА Т.Одончимэгтэй ярилцав. Тэрээр “Ану хатан” дуурийг бүтээхэд гүн туслалцаа үзүүлсэн, байнга хамтран ажиллаж бидэнд урам бүтээлийн урам өгч байдаг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийхандаа баярлаж явдгаа илэрхийлээд, дараагийн уран бүтээл нь томоохон түүхэн чиглэлийнх байна гэж хэллээ.
Г. Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж