Эль Класикод “Барса” дахин илүүрхэв

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Эль Класикод “Барса” дахин илүүрхэв

Дэлхийн хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн “Сонгодог тулаан”, “Гранд дерби” өнгөрсөн шөнө Барселоны алдарт Кэмп Ноу цэнгэлдэхэд өрнөлөө. Ла лигийн 161 дэх, бүх цаг үеийн 209 дэх Эль Класико дахиад л “Барса”-гийнх болов. Испанийн Примера лигийн хамгийн арвин амжилттай, агуу түүхтэй хоёр баг болох “Реал Мадрид” болон “Барселона” нарын тулааныг ийн нэрлэдэг. Сүүлийн хоёр жил дараалан “Реал”-ыг урдаа гишгүүлээгүй тэд өнгөрсөн шөнийн тоглолтод эзэн хааны багийн хаалгыг таван гоолоор мялааж, 5:0-ээр бут ниргэв.
“Онцгой нэгэн” гэгддэг дасгалжуулагч Жозе Моуриньогийн хувьд “Реал”-ын хамт анх удаа ийм хэмжээний ялагдал хүлээсэн. Тоглолтын дараа тэрбээр “Талбай дээр нэг баг нь сайн тоглолоо. Харин нөгөөдөх нь үгүй. Гэхдээ үүгээр тэмцээн дуусаагүй. Бид тэргүүлэгчдээс хоёр оноогоор дутуу болоо, гэтэл цаана нь өчнөөн тоглолт дутуу байна шүү дээ. Бид ялалтын төлөө тэмцэх хэрэгтэй” хэмээжээ. Харин “Барса” Ла лигийн 13 тойргийн дараах байдлаар хоёр онооны зөрүүгээр хүснэгтийг тэргүүлж эхэллээ.

Тоглолтын эхний 20 минут өндөрлөхөд тооны харьцаа хэдийнэ 2:0 болсон байв. Пеп Гуардиолагийн багаас Шави, Педро нар гоолдсон бол анх удаа Эль Класикод нэрээ бичүүлсэн испани довтлогч Давид Вилья хоёрдугаар хагаст ердөө дөрөвхөн минутын дотор дубль хийжээ. “Реал”-ын шархыг сэдрээж, тоглолтын төгсгөл мөчид Жеффрен гоолдсоноор Каталоны баг 5:0 харьцаатай мөнхийн өрсөлдөгч багаа итгэл төгс буулган авсан юм. Тоглолтын туршид “Барса”-гийн түлхүүр тоглогчид болох Шави, Иньеста нар гялалзаж, Моуриньо  залуухан од Месут Озилийг сэлгээнд суулгахад хүрсэн. Гал дүрэлзсэн тоглолтын үеэр шүүгч 13 удаа шар карт өргөсөн бөгөөд дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч Криштиан Рональду “Барса”-гийн дасгалжуулагч Пеп Гуардиолаг түлхэж байгаа нь ч харагдсан. Хоёр багийн тоглогчдын хооронд бараг л дайн өрнөсөн тоглолт ямартай ч талбайн эздийн ялалтаар өндөрлөж, эзэн хааны баг “Барса”-тай хийсэн сүүлийн таван тоглолтдоо 16 гоол хаалгандаа алдаад байна. Гэтэл энэ хугацаанд тэд ердөө хоёрхон гоолыг Каталоны багийн хаалганд оруулжээ.

С.Цэлмэг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж