Тамхины хууль чангарах уу?

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Тамхины хууль чангарах уу?

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар хуралдах юм. Хэрэв хэлэлцэхийг дэмжихээр бол энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар орон цааш явах аж.
Манай улс Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын “Тамхины хяналтын суурь конвенци”-д нэгдэн орсноор тамхины хяналтын арга хэмжээг зөвхөн үндэсний хэмжээнд авч үзэхээс илүүтэйгээр олон улсын өмнө хариуцлага хүлээсэн байна. Дээрх конвенцид тулгуурласан анхны хууль нь үзэл баримтлалын хувьд дэвшилттэй батлагдсан боловч хуулийн хэрэгжилт хангалтгүй, хуулийн нарийвчилсан зохицуулалт дутагдаж, хяналтын механизм тодорхойгүй  байсаар байна.

Лоббитой тулсан Тамхины эсрэг хууль
Олны анхаарлыг бус цөөн хүмүүсийн анхаарлын төвд байдаг уг хууль батлагдан гарахдаа багагүй эсэргүүцэл, лоббитой тулж байсан аж.
2005 онд батлагдсан Тамхины хяналтын тухай хуулиар утаат тамхи татахыг зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл, агаарын хөлөг, галт тэрэгний болон усан онгоцны зорчигчдын өрөө, хонгил, шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, агуулах зэрэг газарт бүрэн хориглож, бусад газарт тамхи татах тусгай өрөө гаргаж болох талаар зохицуулсан аж. Сонголттой нөхцөлтэйгөөр хууль батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага сул байгаагаас үүдэн сургууль, ажлын байр, олон нийтийн газар тамхины утаанд өртсөөр байв.
Тамхи үйлдвэрлэн борлуулагчдад тухайн хууль мэдээж тааламжгүй нөхцөлийг бий болгож байсан тул батлагдан гарахдаа багагүй эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Тухайлбал Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Тамхины хяналтын суурь конвенци”-ийг боловсруулж байх үед тамхи үйлдвэрлэн борлуулагч “Филипп Моррис” компани Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээн 2003 онд УИХ-ын нэрийг барьж конвенцийн эсрэг зөвлөлгөөн гэгчийг зохион байгуулж байсан юм.  
Түүнчлэн эрүүл мэндийн зурагтай анхааруулга бүхий янжуур тамхины техникийн ерөнхий шаардлага, үндэсний стандартыг 2007 оноос эхлэн боловсруулсан боловч тамхи  үйлдвэрлэгч, тамхи   импортлогч компанийн зүгээс элдэв аргаар саад тотгор учруулж байсны улмаас 2008 он хүрч байж батлагдсан юм.
Тамхи үйлдвэрлэгч, импортлогч, борлуулагчид сүүлийн үеийн техник, технологи ашиглах, үндэсний болон олон улсын спортын уралдаан тэмцээн, урлагийн тоглолтыг ивээн тэтгэх, урлаг, соёлын зүтгэлтэн, кино од, алдартай тамирчдыг зар сурталчилгаандаа оролцуулах замаар тамхийг сурталчилж байгаа нь хүн амд ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхэнд сөрөг нөлөө үзүүлж тамхины зах зээлийг өргөтгөх аргаа бий болгосоор байлаа.

Хуулийг чангатгах шаардлага
Өмнөх Тамхины хууль батлагдсаны дараагаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дээрх конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор “Тамхины хяналтын талаарх нийгмийн эрүүл мэндийн бодлогыг тамхи үйлдвэрлэгчийн худалдааны болон бусад уламжлалт ашиг сонирхлоос хамгаалах удирдамж”, “Тамхины утаанд өртөхөөс хамгаалах удирдамж”, “Тамхин бүтээгдэхүүний савлагаа ба шошгололтын талаарх  удирдамж”, “Тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааны талаарх удирдамж”-ийг боловсруулж баталсан тул эдгээр удирдамжтай нийцүүлэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болжээ.
Түүнчлэн хүн амын дунд тамхины хэрэглээ буурахгүй байгаагаас шалтгаалан тамхинаас үүдэлтэй өвчлөл, нас баралт төдийлөн буурахгүй, нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 10000 хүн амд ногдох хавдраас шалтгаалсан нас баралт 2004 онд 20.0 байсан бол 2009 онд 20.8 болж нэмэгдсэн   байна. Үүний дотор уушигны хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол 2007 онд 10000 хүн амд 9.8 байсан бол 2009 онд 12.1 болж, уушигны хавдраас шалтгаалсан нас баралт эрэгтэйчүүдийн дунд 2005 онд 10000 хүн амд 16.1 байсан бол 2009 онд 16.7 болж тус тус нэмэгдсэн аж.
Мөн 2009 онд явуулсан “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тогтоох судалгаа”-гаар 15-64 насны хүн амын 27.6% нь тамхи татдаг, үүнд эрэгтэйчүүд 48.0%, эмэгтэйчүүд 6.9% -ийг эзлэж байна. Энэ тоог 2005 оны судалгааны дүнтэй харьцуулахад эрэгтэйчүүдийн тамхины хэрэглээ өөрчлөгдөөгүй, харин эмэгтэйчүүдийн тамхины хэрэглээ нэмэгдсэн үзүүлэлттэй байна.  Судалгаагаар хоёр хүн тутмын нэг (42.9%) нь гэртээ, гурван хүний нэг нь (35.6%) ажлын байрандаа дам тамхидалтад өртөж байгааг тогтоожээ.   

Хэрхэн өөрчлөгдөх вэ?

Шинэ хуулийн төслөөр хууль зөрчигчдөд ногдуулж байгаа торгуулийн хэмжээг нэмэгдүүлсэн бөгөөд торгууль ногдуулах эрх бүхий этгээдийг тодорхой болгох, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих байгууллагын чиг үүргийг тодорхой болгож өгсөн байна. Мөн олон нийтийг тамхины утаанд өртөж хордохоос хамгаалах үүднээс утаат тамхи татахыг хориглох газрын тоог нэмэгдүүлж, тамхины хяналтын талаар аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүргийг тодорхой болгох чиглэлээр хуулийн “Утаат тамхи татахыг хориглох газар” гэсэн шинэ заалт нэмжээ. Ингэснээр олон нийтийн газарт тамхи татах боломжгүй болох юм.
Мөн тамхины зах зээл, борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүх төрлийн шууд болон шууд бус зар сурталчилгаа, аливаа тусламж, дэмжлэг, хандив, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглох талаарх заалтыг нарийвчлан заажээ. Тэр ч бүү хэл орчин үеийн технологи ашиглан тамхийг сурталчлахын зэрэгцээ худалдаалж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор ”интернэтээр тамхи худалдахыг хориглох” тухай  заалтыг мөн нэмж тусгаснаас нь харвал дээрх хуулийн төслөөр тамхины үйлдвэрлэгч борлуулагчдыг нилээдгүй “багалзуурдах” нь бололтой. Одоо хууль тогтоогчдод “Тамхины хуулийн төслийг багалзуурдан унагаах”, “Тамхи үйлдвэрлэн, борлуулагчдыг багалзуурдан унагаах” гэсэн хоёр сонголт л бий.

Б.ЭНХМАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж