Мэдээлэл технологийн хоёрдугаар хуралдаан болов

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Мэдээлэл технологийн хоёрдугаар хуралдаан болов

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс/АНДЭЗНК/-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн  хорооны хоёрдугаар хуралдаан энэ сарын 24-26-нд Тайланд улсын нийслэл Бангкок хотноо болж өндөрлөв.  Энэ удаагийн хуралд комиссын гишүүн 20 гаруй улсын Засгийн газрын, мөн НҮБ-ын болон олон улсын бусад байгууллагын нийт 100 гаруй төлөөлөгч оролцов.
Хороо Ази, Номхон далайн бүс нутаг дахь хөдөлгөөнт хэрэглэл болон өргөн зурвасын хөгжлийн төлөв байдал, тус бүс нутагт мэдээлэл, харилцаа холбооны технологийн талаархи чадавхийг бэхжүүлэх талаар хийж буй ажил, мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөгжлийн зорилгод болон гамшгийн эрсдлийг бууруулахад хэрхэн ашиглах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, төлөөлөгчид дээрх асуудлаар өөрийн орны туршлагаас хуваалцан, санал солилцож, зөвлөмж гарган тайланд тусгууллаа.

Хорооны хуралдаанд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар болон Монгол Улсаас АНДЭЗНК-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын төлөөлөгчид оролцож, манай улс дахь хөдөлгөөнт хэрэглэлийн хөгжил, Засгийн газраас мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, төслийн талаар мэдээлэв. Мөн уг чиглэлээр боловсон хүчин бэлтгэх явц, ялангуяа Комиссын харьяа байгууллага болох Ази, Номхон далайн  хөгжлийн төлөөх мэдээлэл, харилцаа холбоо, технологийн сургалтын төвтэй явуулж буй хамтын ажиллагааны талаар танилцуулав.  

Хорооны хуралдааны өмнө мэдээлэл, харилцаа холбоо, технологийн сүүлийн үеийн хөгжил, мөн бүс нутгийн харилцан холбоог хангахын тулд хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжийн асуудлаар болсон шинжээчдийн бүлгийн уулзалтад МШХХТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Амгаланбат оролцон илтгэл тавьсан юм.

Хорооны хурлын үр дүнг 2011 онд болох АНДЭЗНК-ын 67 дугаар нэгдсэн чуулганд оруулах юм хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж