А.Энхбат: Төсөв гэж байхгүй

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

А.Энхбат: Төсөв гэж байхгүй

Эдийн засаг судлаач, доктор (Ph.D) А.Энхбаттай улс орны өнөөгийн эдийн засгийн тулгамдсан асуудлуудын талаар ярилцлаа.

-Өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг та юу гэж харж байна вэ? Ялангуяа сүүлийн жилүүдэд болж байгаа эдийн засгийн өөрчлөлт болон УИХ, Засгийн газрын баримталж байгаа уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэл, хандлагын талаар та юу гэж бодож байна?

-Сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засгийн нөхцөл байдал маш хурдан хувиран өөрчлөгдөж байна. Дан ганц эдийн засаг ч биш, нийгэм, улс төр, зах зээл, гадаад орнуудын хандлага ч энд хамаатай. Энд нөлөөлж байгаа хүчин зүйл бол мэдээж ашигт малтмал буюу эрдэс баялаг, түүнээс ирээдүйд бий болох их хэмжээний орлоготой холбоотой асуудал. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн сүүлийн 20 жилийн хугацаанд макро түвшинд эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгож чадаагүй гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Ядуус улам л олширч байна. Ажилгүйдэл хэвээрээ, хүмүүсийн амьжиргаа дээшилсэн зүйл алга. Иргэдийн дунд орлогын түвшингийн ялгаа улам холдож байна. Эдийн засагчид тухайн улс орны инфляци бага, хүлээгдэж байгаа бодит зээлийн хүүгийн түвшин тохирсон, төсвийн бодлого нь тогтвортой, валютын ханшны түвшин нь өрсөлдөх чадвартай, урьдчилан тааварлаж болохуйц, төлбөрийн тэнцлийн нөхцөл байдалд тохирч байх юм бол макро-эдийн засгийн тогтворжилт гэж үздэг. Гэтэл  олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, донор орнуудын зээл, тусламжийг авч ашиглан макро-эдийн засаг, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын чиглэлтэй маш олон хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлсэн  хэдий ч эдийн засгийн  өсөлт тогтвортой болж чадаагүй, ядуурал, ажилгүйдэл болон нийгмийн сөрөг үр дагаврууд улам нэмэгдсэн.

-Өөр ч хүчин зүйлийн нөлөө бишгүй байгаа байх?

-Нөгөө талаар манай улсын эдийн засагт гадаад хүчин зүйлийн нөлөөлөл их байгаагаас экспортод гаргадаг түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэл шууд хамааралтай болчихлоо. Дэлхийн зах зээл дээрх зэс, алтны үнийн өсөлтөөс бий болсон их хэмжээний хүлээж байгаагүй орлого нь тодорхой хугацаанд манай эдийн засагт эерэг нөлөөллийг бий болгосон ч энэ нь эргээд сөрөг дагавруудыг түүнээсээ илүү ихээр бий болголоо. Таамаглаж төсөөлж байгаагүй төсвийн орлого их хэмжээгээр нэмэгдэж түүнийг дагаж цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, халамжийн зардлууд нэмэгдсэнээр улсын төсвийн зарлага төдий хэмжээгээр өссөн үйл явц ялангуяа 2005-2009 оны хооронд ажиглагдсан. Энэ байдал ч 2010 оны төсөв болон сая УИХ-аар баталсан 2011 оны төсөвт ч ажиглагдаж байгаа юм. Өмнөх жилүүдэд эрдэс баялаг, ашигт малтмал буюу түүхий эд, ялангуяа зэсийн дэлхийн зах зээлийн үнийн бууралт нь манай улсын эдийн засагт, улсын төсөвт хүчтэй цохилт өгч энэ нь эдийн засгийн уналт, их хэмжээний төсвийн болон гадаад худалдааны тэнцлийн  алдагдлыг бий болгосон. Иймэрхүү нөхцөл байдлаас цаашид хэрхэн зайлсхийх ёстой бэ? Энэ нь манай улсын эдийн засагт ямар эерэг болон сөрөг үр дагавруудыг авчрах вэ гэдгийг урьдчилан судлан үзэж, сэргийлэх зайлшгүй шаардлагатай байна. Ер нь бид Монгол Улсын ирээдүйн урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтийг дан ганц уул уурхайн салбараас бий болсон ашигт малтмал буюу эрдэс баялгийн орлогоор хангах, бүрдүүлэх нь зөв үү гэдгийг бодолцох хэрэгтэй байна.

-Улстөрчдийн яриад байгаагаар байгалийн баялгийн олборлолт, зэсийн үнийн өсөлт манай улсын эдийн засгийг өндөр хөгжилтэй улсын түвшинд авчирч, хүн амын орлогын түвшин дээшлэх юм биш үү?

-Мэдээж зөв ухаалаг зохистой удирдаж чадвал ашигт малтмалын орлого нь бага орлоготой, байгалийн эрдэс баялаг олборлогч, үйлдвэрлэгч улс орнуудын эдийн засгийн хөгжилд томоохон боломжуудыг олгодог. Ийм орнуудын тоонд АНУ, Австрали, Канад, Скандинавын орнууд, Латин Америк ордог. Гэвч ашигт малтмалын олборлолт, түүнээс орох санхүү, төсвийн орлогын удирдлага нь чухал байдаг. Гэхдээ эдийн засгийн нааштай хөгжилд хүрэхийн өмнө манай улс хэд хэдэн,  зарим талаар хүнд гэж хэлж болох сорилтуудтай тулгарна.

-Шийдвэр гаргагчид авлигад автахгүй байхаас эхлээд үү?

-Жишээ нь байгалийн баялгийн олборлолтын эцсийн үр дагавар нь тухайн эрдэс баялгийн орлогын муу менежементийн улмаас эдийн засгийн зогсонги, үр ашиггүй байдал, авилга, хээл, хахууль, улс төрийн намуудын амлалтыг биелүүлэхийн тулд их хэмжээний бэлэн мөнгөний тараалт болон татварын орчны өөрчлөлтүүд зэрэг сөрөг үр дагаварт хүргэж баялагийн “хараал” тусах хэцүү  сорилттой тулгарч  болзошгүй байна. Ашигт малтмал олборлогч улс орнуудын ихэнхи нь байгалийн нөхөн сэргээгдэхгүй ашигт малтмалтай байдаг. Энэ утгаар нь авч үзвэл манай улс ч гэсэн дахин нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийг ашиглаж байгааг бодолцох ёстой.

-Өнгөрсөн жилүүдэд яг манай улс шиг нөхцөл байдал бусад улс орнуудад тулгарч байсан байх. Тэдгээр улс орнууд ийм нөхцөл байдалд ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн юм бол?

-Монгол Улс дэлхийд ганцаараа байгалийн, эрдэс баялгийн маш их нөөцтэй улс орон болоод байгаа юм биш. Чили, эсвэл Канад, Австрали гэдэг ч юм уу, эсвэл Дундад Азийн улс орнууд зэрэг олон газар байгалийн баялаг эрдэс баялагийн нөөцтэй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд саяхан Бразиль маш их хэмжээний түүхий нефтийн орд илрүүлснээ дэлхий нийтэд зарлаад байна. Эдгээр улс орнууд мэдээж тухайн орны байгалийн эрдэс баялгийн бус секторын цар хүрээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ, салбарын төрөлжилт, эрдэс баялгийн  болон эрдэс баялгийн бус салбар хоорондын харилцан хамаарал, тэдгээрийн өөр хоорондын шүтэлцээ, эрдэс баялаг олборлолтын нэр төрөл, цар хэмжээ, олборлолтын үргэлжлэх хугацаа, Засгийн газрын зүгээс баримталж явуулж байгаа макро эдийн засгийн ба улсын санхүүгийн бодлогоор ч тэдгээр орнууд ялгаатай.

Мөн түүнчлэн төрийн институц, тогтолцоо нь эрдэс баялгийн салбарын санхүүгийн зохицуулалтын горим, эрдэс баялгийн нөөцийн талаас ч өөр өөрийн гэсэн ялгаатай байдаг. Ер нь олон улсын эдийн засгийн байгууллагууд ашигт малтмал, түүхий эд олборлогч улс орнуудыг дараахь байдлаар ангилж үзсэн байна лээ. Үүгээр бол хамгийн эхэнд өндөр хөгжилтэй, байгалийн ашигт малтмал, эрдэс баялаг олборлогч, боловсруулагч орнууд орно. Хоёрдугаарт, байгалийн ашигт малтмал, эрдэс баялаг олборлогч Дундад Азийн орнууд багтаж байна. Харин дараагийн дугаарт байгалийн ашигт малтмал, эрдэс баялаг шинээр эхлэн олборлогч эмзэг эдийн засагтай орнууд орж байгаа. Эцэст нь бага орлоготой, байгалийн эрдэс баялаг олборлогч улс орнууд. Энэ ангиллын үүднээс авч үзвэл манай улс 3 болон 4 дүгээр ангилалд багтахаар байгаа нь харагдаж байна. Эдгээр ангилалд багтсан улс орнууд бодлогын түвшинд ямар арга хэмжээ авсан гэж ярихаас өмнө байгалийн баялаг, эрдэс баялаг нь тухайн улс орнуудад ямар эерэг, сөрөг нөлөөлөллийг бий болгдог вэ? гэдгийг эхлээд ярих нь зүйтэй байх гэж бодож байна.

-Эрх баригчид хэтэрхий үрэлгэн, эсвэл халамжийн гэх юм уу бодлого бариад байх шиг. Үүнийг ч ирэх оны төсөв баталж байна. Ингэж болох уу?

-Хэрэв дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, хэрэглээг оновчтой бусаар урамшуулбал дотоодын бүтээгдэхүүний үнэ, валютын нэрлэсэн ханш, валютын бодит худалдан авах чадварт нөлөөлж үндэсний валютын ханшийн хэт чангаралт явагдаж, экспортлох сонирхол буурч, түүнээс төсөвт үндэсний валютаар орох орлогод сөргөөр нөлөөлнө. Энэ үйл явц манай улсын хувьд одоо яг ажиглагдаж байгаа зүйл. Нөгөө талаар Мөнгөний нийлүүлэлтийг улсын төсвөөр дамжуулж гүйлгээнд хэтрүүлж нэмэх нь яваандаа үл хөдлөх хөрөнгө, хөдөлмөрийн ашиглалтыг худалдаалагдахгүй бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шилжүүлж, энэ нь эрдэс баялгийн бус эдийн засгийн өрсөлдөх чадварыг сулруулж болзошгүй талтай. УИХ-аар Монгол Улсын 2011 оны төсвийг өнгөрсөн долоо хоногт баталсан. Миний хэлэх гээд байгаа болон нөгөө талаар санаа зовж буй асуудал бол одоогийн энэ УИХ болон С.Батболдын Засгийн газар энэ бүхнийг тооцож үзсэн үү гэдэг асуудал байна. Төсвийн талаасаа мөнгөний нийлүүлэлтийг хүмүүсийн гар дээр бэлэн мөнгөөр тараах байдлаар ихэсгэвэл энэ нь хэр хэмжээ хүртэл байх ёстой вэ гэдгийг тооцож үзсэн үү гэж асуумаар санагдаад байгаа юм.  Ийм байдлын улмаас болж “голланд  өвчин”-д нэрвүүлсэн улсын жишээнд Эквадорын Гвинэй (1991 онд ДНБ 60 хувь эзэлж байсан кофе болон какао 2001 он гэхэд 9 хувь болтлоо буурсан мөн), Нигер (1970-2000 гэхэд хөдөө аж ахуйн экспортоо үгүй хийсэн) зэрэг  улсад тохиолдсон бэрхшээлийг энд нэрлэж болно.

Баялгийн “хараал”-д өртөх үйл явцын хоёр дахь шалтгаан бол байгалийн эрдэс баялгийн орлогын хэт хэлбэлзэл, тогтворгүй байдлын сөрөг нөлөөнөөс үүдэлтэй хүнд үр дагавартай учрах бэрхшээл юм. Байгалийн баялгийн дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзлээс болж үр ашиггүй байдал, эдийн засгийн тэсрэлт болон уналтын мөчлөг, хэт их зээл, өр үүсэлт хэрхэн явагдсаныг харж болохоор байна. Үр ашиггүй байдал, өөрөөр хэлбэл эрдэс баялгийн үнэ өссөн мөчлөгийн үед түүнийг мөнхөд үргэлжлэх мэт төсөөлөлд автан “хууртаж” бий болгосон хэт өндөр зарлага бүхий төсвийн хүрээ, зардал ихтэй удирдлагын ба төрийн албаны бүтэц нь байгалийн баялаг олборлолтын үнэ дараагийн мөчлөгийн үед буурахад эдийн засаг, төсөвт хүнд дарамт болж тусдаг.  Эрдэс баялгийн үнийн хэт өсөлт буюу тэсрэлттэй байх үед явагдсан улсын зарлагын тэлэлт, их хэмжээний зээл авалт  нь дараагийн мөчлөгт тохиолдох эрдэс баялгийн үнийн уналтын үед мөн л эдийн засаг, төлбөрийн чадварт асар их дарамт болж, үүнээс хамаарч төсвийг орлого, зарлагыг хумихаас өөр гарцгүй болгож, засгийн газрыг хүнд байдалд оруулдаг гэдгийг мэддэггүй юм байх даа.   Жишээ нь, Мексикт 1979-1981 онуудад газрын тос олборлолтоос бий болсон өндөр ашгийн татвараас олсон багахан орлогод дулдуйдаж, ирээдүйд энэ байдлаар  их орлого орохоор төсөөлж авсан их хэмжээний зээл нь засгийн газрын төсвийн зарлагыг асар их тэлж байсан. Анголын сургамжаас харахад, газрын тосноос ирээдүйд орох орлогоор баталгаажина гэж тооцсон моргейжийн зээллэгийн бодлогын хэрэгжүүлэлт нь үнэн хэрэгтээ тус улсыг төсвийн тогтворгүй байдал, өрийн хямралд оруулсан. 1970-аад оны газрын тосны үнийн түр зуурын өсөлтөд “хууртаж” Нигер улс  засгийн газрынхаа удирдлагын болон төсвийн  бусад зарлагыг үлэмжхэн  нэмэгдүүлж, их хэмжээний өр тавьсан нь төсвийн орлогын хомсдол, өрийн шоконд тухайн улсыг нэгэн зэрэг оруулсан байдаг.  Харамсалтай нь эдгээр асуудлууд манай улсын хувьд ажиглагдаад эхэлсэн. Үүнийг газрын доорхи эрдэс баялаг, ашигт малталаа барьцаалж зээл авах, УИХ нь татварын орчиндоо өөрчлөлт оруулсан зэрэг гэрчилнэ.

-Манай улсын хувьд эдийн засгийн өсөлтийн гараан дээр ирээд байна гэж зарим эдийн засагчид үзэж байгаа. Ялангуяа уул уурхайн салбараас орж ирэх их хэмжээний орлого нь эдийн засгийн нааштай өсөлтийг бий болгоно гэсэн дүгнэлтийг Засгийн газар, улс төрийн намууд мэдэгдээд байна. Таны бодлоор Монгол Улс одоо юун дээр анхаарах хэрэгтэй байна вэ?

-Хэд хэдэн асуудлуудад маш анхааралтай хандах хэрэгтэй гэж бодож байна. Нэгдүгээрт, Баялгийн “хараал”-аас сэргийлэхэд тустай, эн тэрүүнд хэрэгжүүлэх шаардлагатай алхам нь төсөв, санхүүгийн ухаалаг зөв бодлого явуулах асуудал юм.  Дунд ба урт хугацааны бодлогын түвшинд улсын төсвийн тэнцлийг эрдэс баялгийн бус төсвийн орлогын илүүдэлтэй буюу ашигтай байлгах тогтвортой арга замыг тодорхойлох ёстой. Төсвийн бодлогын ийм арга зам нь эдийн засгийн мөчлөгийн уналт, хямрал, үнийн тэсрэлтийн нөлөөнд бага өртөх, хэт их зээлээс зайлсхийж, “голланд өвчин”-ний нөлөөнд автахгүй байхад тусална. Энэ нь “байгалийн баялгийн нөөцийн завсрын бүс”-ийг бий болгож, олборлолтоос орсон орлогыг хуримтлуулж, зохистой зарцуулах сонирхлыг бий болгодог ба ашигт малтмалын орлого огцом унасан мөчлөгийн хүндрэл тохиолдох, эсхүл ашигт малтмалын тогтоосон нөөц шавхагдах үед энэхүү орлогын хуримтлалаа хэрэглэх замаар тогтворжилтыг хадгалах стратеги баримтлах явдал юм. Хоёрдугаарт хэрэгжүүлэх шаардлагатай бодлогын арга хэмжээ нь урт хугацааны санхүүгийн стратеги боловсруулж баримтлах явдал. Ийм стратегид боломжит сонголтуудын давуу хийгээд сул талуудад үнэлгээ өгөх хэрэгтэй. Эхний ээлжийн сонголт нь эхний ээлжинд хийгдэх зарлагын зорилтот чиглэлүүдийг тогтоох, нэн тэргүүнд үр ашигтай эдийн засагт цаашид нэмүү өртөг бий болгох хөрөнгө оруулалтыг сайн хийх явдал юм. Гэхдээ энэ нь сая УИХ-аар 2011 оны төсвийг баталдаг төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төсөл төдийн зүйл биш юм шүү. УИХ-ын сая баталсан хөрөнгө оруулалтын төсөл нь үр ашиг нь тодорхой бус, зөвхөн сонгуулийн өмнө тухайн тойргоос сонгогдсон гишүүн өөрийн тойрогт хөрөнгө оруулалт хийсэн нэр зүүх гэсэн төслүүдийн жагсаалт байгаа шүү дээ. Сайн судалж үзвэл маш үр ашиггүй хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр төлөвлөж баталсан зүйлүүд их байгаа. Гуравдугаарт,  татварыг бууруулах асуудал юм. Татвар бууруулах нь хувийн хэвшлийг дэмжиж, эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг сайн талтай. Эсвэл зүгээр л ашигт малтмалын орлогыг улсын нийт өрийг бууруулах, барагдуулах болон санхүүгийн хөрөнгө босгоход зориулж болох тухай асуудал юм. Эцэст нь хэлэхэд Монгол Улс төсөв, санхүүгийн сайн тогтолцоог бий болгохын тулд эрх зүйн орчноо маш хурдан өөрчлөх хэрэгтэй байна. Бид үндсэндээ энэ их хэмжээний орлого орж ирэхээс өмнөх макро-эдийн засгийн, хууль эрх зүйн, бүс нутгийн, улс төрийн бэлтгэлээ одоо хүртэл хийгээгүй байгаа шүү гэдгийг хэлмээр байна.

-Ярилцсан танд баярлалаа.

П.Нарандэлгэр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж