Төсөв үргэлж шүүмжлэл дагуулдаг

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Төсөв үргэлж шүүмжлэл дагуулдаг

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдрийн хуралдаанаараа Зээлийн мэдээллийн сангийн тухай, Нотариатын тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжсэн байна. Зээлийн мэдээллийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзжээ. Өнөөгийн байдлаар манайд үйл ажиллагаа явуулж байгаа банкууд нь зээлийн мэдээллийн нэгдсэн сангүйгээс шалтгаалж, багагүй бэрхшээлтэй тулдаг аж. Тухайлбал, иргэн нэг банкнаас зээл авчихсан байтлаа, өөр нэг нэг банкнаас их хэмжээний зээл авдаг.  Түүнийгээ өмнөх банкныхаа зээлэнд өгдөг гэх мэтээр гинжин холбоо үүсгэдэг гэнэ. Мөн  иргэн дэлгүүрээс зээлээр хөргөгч, телевизор авлаа гэхэд тухайн иргэн аль нэг банкинд зээлтэй байна уу гэдгийг мэдэх боломжгүй. Тиймээс Зээлийн мэдээллийн нэгдсэн сантай болсноор давхардсан байдлаар иргэн, аж ахуйн нэгж, зээл авах байдал үгүй болно. Тэр хэрээр банкуудын эрсдэл багасах гэнэ.

Харин Төрийн дээд цол, одон медалийн тухай, Монгол Улсын цол, Төрийн шагнал, одон медалийн тодорхойлолт батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн ч, шинэ концепци боловсруулах шаардлагатай гэж үзжээ. Үндсэн хуулийн цэцийн арваннэгдүгээр сарын 17-нд гаргасан 07, 08 дугаар дүгнэлтийг мөн авч хэлэлцсэн ч  бүлгийн гишүүдийн олонхийн саналаар “Хүлээн авах боломжгүй” гэж үзсэн юм байна. Энэ талаарх мэдээллийг бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд өгч, нэмэлт асуултуудад дараах хариулт өглөө.

-Зээлийн нэгдсэн мэдээллийн сангийн үндсэн зарчим нь юу вэ?

-Банк санхүүгийн салбарт шинэчлэл,  өөрчлөлт хийж байгаа үед Зээлийн мэдээллийн санг бий болгох нь эргээд зээлдэгчийн рейтингийг тогтоох, банк шуурхай ажиллах, зээлдэгчийн чадвараас хамаарч, зээлийн хүү харилцан адилгүй байх зэрэг боломж бүрдэнэ. Банкны салбарын хөгжлийн түүхийг эргэн харвал,  Монголбанк болон арилжааны банкуудын дунд нэгдсэн мэдээллийн сан байдаггүйгээс иргэн нэг банкнаас зээл авдаг, дахиад бас өөр банкнаас их хэмжээний зээл авч, өмнөхөө хаадаг байх жишээний. Мөн иргэн дэлгүүрээс зээлээр хөргөгч, телевизор худалдаж авъя гэхэд тухайн газар нь түүнд бараагаа зээлээр өгч болох уу гэдгээ мэддэггүй. Нэг үгээр хэлбэл, төр,  банкны салбар өөрийн санах ойгүй байна гэсэн үг. Зах зээл хөгжсөн оронд Зээлийн мэдээллийн сан хөгжчихсөн байдаг учраас цахим хэлбэрээр ороод тухайн иргэн зээл хүссэн тохиолдолд хэдэн төгрөгийн зээл авах бололцоотой байна вэ гэдгийг нь оноогоор харчих бололцоотой. Энэ нь эргээд банк санхүүгийн байгууллага хүлээх эрсдлээ байхгүй болгоно гэсэн үг. Өнөөгийн төвшинд банкуудыг холбосон шилэн кабелийн сүлжээ,  бүх мэдээллийн санг хадгалах үндэсний мэдээллийн сан байгуулагдсан учраас энэ хуулийн төсөл амьдрал дээр хэрэгжих технологийн бололцоо нь бүрдсэн. Одоо бол зохион байгуулалтын болоод бодлогынх нь хувьд энэ хуулиар зохицуулалтыг хийнэ гэж ойлгож болно.

-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг ямар агуулгаар “Хүлээн авах боломжгүй” хэмээн үзсэн юм бэ?

-Үндсэн хуулийн цэц нь “Сонгуулийн тойргийн хороо нь сонгуультай холбоотой маргаанаар эцсийн шийдвэрээ гаргах нь эргээд шүүх засаглалын эрх мэдэл рүү халдаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан байсан юм. Энэ дүгнэлттэй бүлгийн гишүүд танилцаад сонгуулийн үед гарч байгаа маргааныг үндсэн шүүх рүүгээ аваачих юм бол,  хугацаа алдана гэж үзсэн. Жишээ нь 2008 оны сонгуулийн зарим маргаан одоо хэр нь дуусаагүй байгаа. Тийм учраас манай бүлэг Сонгуулийн хуульд заасны дагуу Сонгуулийн тойргийн хороо эцсийн шийдвэрийг гаргана. Зарим тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо эцсийн шийдвэрээ гаргадаг энэ тогтолцоогоо хэвээр хадгалж үлдэхгүй бол хэтэрхий олон шат дамжлагыг дамжуулсаар эцсийн дүндээ сонгуулийн үр дүн хурдан гарч, сонгогчдын санал шууд тусаж байх утга хэрэгжиж чадахгүйд хүрнэ гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн.

-Төрийн дээд одон медаль бий болгох тухай хуулийн төслийг МАН-ын бүлэг хөрөнгө нэлээд хэмжээгээр шаардах нь, мөн шагналын нэр төрөл нэлээд нэмэгдэж гэдэг үндэслэлээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын боловсруулж байгаа хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэж, нэгтгэх шаардлагатай гэдэг байр сууринаас төслийг хойшлуулахаар болсон. Танай намын бүлгийн хувьд гаргасан шийдэл нь үүнтэй бас үндэслэл нэг үү?

 -Төрийн дээд цол одон медалийн тухай холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцээд энэ чиглэлээр хуулийн шинэ концепци боловсруулах шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзсэн. Хоёрдугаарт, энэ асуудлыг шууд эрхэлж хариуцдагийн хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтарч төслийг боловсруулах шаардлагатай. Гуравдугаарт, бусад орнуудын шагналын концепци руу дөхөж очих тогтолцоонд шилжүүлэх ёстой гэж үзсэн. Гишүүдийн өргөн мэдүүлсэн энэ төсөлд зааснаар нэмэлтээр 19 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардаж байгаа. Гэхдээ дагалдаж гарах мөнгөндөө бус гол нь шагналынхаа концепцийг зөв болгох нь чухал юм. Гадаад орнууд иргэдийгээ шагнах, ялангуяа хууль хяналтын байгууллагынхныг шагнахыг авлига өгч байна гэж үздэг. Тийм учраас тангараг өргөсөн, амь насаа эрсдэлд оруулан байж үйл ажиллагаа явуулж байгаа онцгой газрынхныг шагнадаг. Нэг бол гадаад улс орнуудтай найрамдалт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор, тодорхой гадаадын нэр бүхий иргэдийг шагнадаг. Эсвэл иргэний байгууллагууд шагнал өгөөд явдаг ийм тогтолцоо байгаа. Үүн рүү нэг өдөр шууд орох бололцоогүй. Аажмаар үүнд хүрэх ёстой.  Тэхийн тулд шагналынхаа нэр хүндийг өсгөх, процессоо хуульчлах, санхүүгийн ямар мөнгөн урамшуулал хүртээх юм бэ гэдгээ гишүүд Ерөнхийлөгчийн Тамгын газрынхантай тулж ажиллаж, бодлогын чанартай өөрчлөлт хийж, шийдэх учиртай гэж үзсэн.

-Өнгөрсөн долоо хоногт 2011 оны нэгдсэн төсвийг баталсан. Алдагдал ихтэй төсөв баталлаа гээд шүүмжилж байна. Бүлэг үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Жил бүрийн төсвийг баталсны дараа шүүмжлэл гардаг. Манай бүлгийн хувьд тулгарсан зорилтуудаа хангах үүднээс, инфляцийг хөөрөгдөхгүй байх, Хүний хөгжлийн сангаас олгох бэлэн мөнгийг зөвхөн идэж уугаад дуусгах биш, илүү хуримтлал бий болгох, хөрөнгө оруулалт хэлбэр лүү нь оруулах чиглэлээр ажиллаж, энэ талын зохицуулалтыг тусгаж өгсөн. Нөгөөтэйгүүр, парламент Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан, энэ  рүүгээ төсөв маань явах ёстой. Өмнө нь бид улсынхаа хөгжлийг төсвийнхөө тогоон доторхоор хардаг байсан. 2011 оноос эхлээд хөгжлийн сангийн хэмжээнд том том хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжинэ. Мөн 2011 оны төсөвт хэзээ ч өмнө хийж  байгаагүй, хөрөнгө оруулалт, хэзээ ч өмнө тавьж байгаагүй хөгжлийн суурийг тавьж чадсан. Нэг үгээр хэлбэл,  хөрөнгө оруулалт, хөгжил рүү хандуулсан төсвийг баталснаараа онцлогтой.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж