
Бодис ирэх сард бэлэн болно гэв
Цас их унасан үед замын хальтиргааг “хашраах” шилдэг арга гэгдээд байгаа цас хайлуулах бодисны тухай халуун намраас ярьсан ч өнөө хэр нь дүүргүүдийн ТҮК-уудад ирээгүй л байна. Учир нь бодисыг урд хөршөөс оруулж ирэх компанийг шалгаруулах тендер нээгдээгүй байгаа аж. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсээс ирэх сарын 12-нд тендер нээгдэж хоёр хоногийн дараа шалгарсан компанитайгаа гэрээ байгуулж, 140 тонн бодис оруулж ирнэ гэх мэдээллийг өглөө.
Өчигдөр 40 тонн давс цацжээ
Нийслэлийн зургаан дүүргийн ТҮК-уудад нийт 250 гаруй зам талбайн ажилтан ажилладаг бол зургаан цасны зориулалтын машин, 200 гаруй хог тээврийн машины хангамжтай аж. Цас орсны дараа буюу өчигдөр 06.00 цагаас шар хантаазтангууд уртасгасан цагаар ажиллаж замуудад нийт 40 тонн давс цацжээ. Харин захын дүүрэг болох Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд тус бүр 10-20 тонн элсийг хариуцсан хэсгийнхээ замд цацсан байна. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 130 тонн давсны нөөц үлдээд байгаа аж. Жилдээ дунджаар 500 тонн давс нөөцөлж байж хүрэлцдэг гэнэ.
12 сараас дайрга ажиглаж эхэлнэ
Хальтиргааг багасгахад элс цацах нь үр дүнтэй биш. Учир нь элс цастай холилдон хөлдөж “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох”-той адил болдог аж. Тиймээс зардал багатай, үр дүнтэй байж болох дайргыг буталж замд цацах ажлыг ирэх сараас эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэ жилдээ 0.5 мм хэмжээтэй 300 тонн дайрга туршилтаар ашиглах аж.
Байгууллагууд цасаа арилгадаг болох хэрэгтэй гэв
Нийслэлийн зургаан дүүргийн бүх замуудыг хальтиргаа гулгаагүй байлгахад Тохижилт үйлчилгээний компани, Хот тохижилтын газрын 250 гаруй ажилчид хаанаа ч хүрэлцдэггүй гэнэ. Тиймээс Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор гаргасан журмыг мөрдөж албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ойр орчмын цасаа цэвэрлэх ажилд оролцож, үүргээ биелүүлэхийг холбогдох байгууллагаас сануулж байв. Энэ сарын 28-29-нд шилжих шөнө нийслэл хотод орсон цасыг хатуурхаас нь өмнө хайлуулах үүрэг хүлээсэн Тохижилт үйлчилгээний компанийхан чадлынхаа хэрээр давс, элс цацсан ч оройн 17.00 цагийн үед л зам дээрх цас дөнгөж хайлмагтаж байв. Хотын төвийн замын цас зах хэсгээрээ хэдийн дагтаршиж, мөсөн гулгуур болох дөхжээ. Хайлмагтсан цас шөнийн -20 хэмийн хүйтэнд хөлдөж, машинуудын дугуй хий эргэж, ар араасаа мөргөлдөхөд ойрхон байна.
С.Отгон