“Тэнгэр хөмөрсөн шиг санагдах юм”

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

“Тэнгэр хөмөрсөн шиг санагдах юм”

Гэртээ амарч байсан есийн есөн хүнд хүйтэн зэвсэг тулган амь насыг нь хороогоод, хаалга үүдийг нь түгжин, галдан шатаасан аймшигт хэрэг одоогоос арав хоногийн өмнө гарсан билээ. Өөрийн хүүхдүүдийн хамт бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан гэрийн эзэгтэйн ээжтэй /Талийгаач Б-гийн/ уулзахаар бид өчигдөр Дэнжийн мянгын гэр хорооллыг зорилоо. Биднийг очиход 20 орчим насны эмэгтэй хаалга тайлж өгөв. Гэрийн хойморт 40 орчим насны  эмэгтэй сууж байсан нь талийгаач Б-гийн ээж байв. Үгээр хэлэмгүй хүнд гарз тохиосон энэ айлд хүн бүхэн гунигтай байх нь мэдээж. Буяны ажил, талийгаач нараа нутаглуулах талаар гэрт байгаа хүмүүс ярилцана.
Талийгаач Б-гийн ээжийг Д.Оюунгэрэл гэдэг аж. Нэгэнт зорьж очсон болохоор түүнд учир байдлаа хэлж, сэтгэл санааны хүнд нөхцөл байдлаа хэвлэлд хэлж, учирлаж ярих зүйл байгаа эсэхийг асуулаа. Хэдийгээр түүнд бидний асуусан бүхэнд хариулж суух хэцүү байсан ч зорьж очсон бидний ажлыг хүндэтгэн, дараах асуултуудад хариулахыг зөвшөөрсөн юм.

-“Ардын эрх” сонины хамт олны зүгээс  танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье?
-За, ойлгож байна. Бид яахав ээ, буяны ажил олны тус дэмээр болж байна. Гэхдээ оршуулах ёслол хараахан болоогүй байгаа.
-Харин оршуулах ёслол өчигдөр болох байсан ч хойшлуулсан гэж сонссон?
-Цагдаагийн газраас шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт гараагүй тул талийгаачдыг оршуулж болохгүй гэсэн. Хэдийд нутаглуулах нь одоогоор тодорхойгүй л байна.
-Таны охин шатсан айлын гэрийн эзэгтэй байсан. Талийгаач охинтойгоо та хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Охинтойгоо хэзээ уулзсан эсэх, юу хийдэг, хэн байсан гээд тодорхой мэдээлэл эгч нь хэлээд хэрэггүй байх гэж бодож байна. Хэргийг цагдаагийн ажилтнууд шалгаж байна. Хэн буруутайг тогтоосон хойно та бүхэнд ярилцлага өгч болно шүү дээ.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Хоёр охинтой. Талийгаач Б миний  том охин байсан юм. Одоо нэг охин маань үлдсэн. Удахгүй нярайлна. Сонин, телевизээр худлаа мэдээлэл маш их гарч байгаа харагдах юм. Тэр бүхнийг хараад их хямарч байна.
-Талийгаачийн найз нөхөд ирсэн үү. Ер нь ямар хүмүүс байдаг вэ тэд?
-Ганц нэг найзууд нь гэрээр ирж байна. Бас л найз нөхдийнх нь талаар ярих боломжгүй. Талийгаачдыг нутаглуулж амжаагүй байхад элдэв зүйл ярих нь дэмий юм. Үнэхээр сэтгэл тайван биш байна.  Хүүхдүүдээ алдсан надад тэнгэр хөмөрчихсөн юм шиг л санагдаж байна шүү дээ. Өглөө орой болж байгааг ч ялгах сөхөө алга.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн V хороон дахь “Ган хийц” компанийн ойролцоо задгайд амьдарч байсан Б гэгч эмэгтэйн гэрт есөн хүн амь эрсэдсэн энэхүү онц ноцтой хэргийг Улсын мөрдөн байцаах  газрын Онц хүнд зохион  байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн үргэлжлүүлэн шалгасаар байна. Цагдаагийнхны өгсөн эхний мэдээллээр арваннэгдүгээр сарын 20-ны орой  6, 7 настай болон 12-оос дээш насны нийт таван хүүхэд, дөрвөн том хүн бусдад хутгалуулан, гаднаас нь түгжсэн гэрт шатаж нас барсан юм. Хэдийгээр Шүүх эмнэлгийнхэн талийгаачдыг хэн болохыг тогтоосон ч  ДНК-гийн шинжилгээний эцсийн хариу гараагүй байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа юм. Ямартай ч амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхнээс эд эсийн шинжилгээ авсан гэсэн мэдээлэл бий. Албаны эх сурвалжийн хэлснээр бурхан болоочдын шинжилгээний хариу 14 хоногоос нааш гарахгүй, сэжигтнийг олж тогтооход талийгаачийг  таньж мэддэг бүхий л хүмүүсийг дуудаж  тайлбар мэдүүлэг авч байгаа тул мөрдөн байцаах  ажиллагаа үргэлжилсээр байгаа. Хамгийн сүүлийн мэдээллээр уг хэрэгт холбогдуулан хоёр эрэгтэйг сэжигтнээр цагдан хорьсон байгаа ч тэдний гэм буруутайг тогтоох нотлох баримт олдоогүй байгаа юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж