АН-ын “сөрөг хүчин” байх тавилан

Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

АН-ын “сөрөг хүчин” байх тавилан

Ардчилсан намыг хамтарсан Засгийн газрын өнгө, мөнгөн дээр бүдэрлээ,
манан дунд төөрлөө гэсэн шүүмжлэлүүд тэднээс хүчтэй сөрөг хүчин байхыг л
шаардаад байгаа хэрэг юм. Тэдний байх ёстой байр суурь нь сөрөг хүчин
гэдэг нь үнэн ч сонгуульд олонх болж ялдаггүй, дандаа сөрөг хүчин болж
явах юм бол улс төрийн нам байгаад яах юм бэ? Ардчилсан сонгуулийн хорин
жилийн түүхэнд нэг л удаа ялж үзсэн АН-ыг ердөө “сөрөг хүчин” гэж
хардаг сэтгэлгээ л тус намыг өнөөдөр “мохлоо, мөхлөө”, дэвж дэвэрсэнгүй
гэж шүүмжилж байх шиг.

Улс төрийн нам сөрөг хүчин байхын тулд биш, харин төрийн эрхийг барьж,
бодлогоо хэрэгжүүлэх, үүнийхээ төлөө сонгуульд ялах гэж амьдардаг. Гэтэл
хангалттай олон жил сөрөг хүчин байсан, хэрэв сонгуулийн эрх зүйн
орчин, иргэний бүртгэлийн өнөөгийн тогтолцоог өөрчлөхгүйгээр дараагийн
сонгуульд орвол эргээд л сөрөг хүчний буйран дээр буух нь тодорхой
байхад АН яагаад дэвж гүйх ёстой юм бэ? Харин ч МАН-тай хамтарсан дээрээ
Сонгуулийн хуулийг өөрчилж, иргэний бүртгэлийн тогтолцоог боловсронгуй
болгоод авчихвал АН-ын хувьд тэрэн шиг од нь гийсэн зүйл гэж байхгүй.
Тэр тусмаа намынх нь дарга Улсын бүртгэлийн газрыг үйл ажиллагааныхаа
хүрээнд удирдан чиглүүлж, иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг хариуцан
явуулж байгаа нь чухам завшаан. Учир нь АН 1996 оноос хойшх нэг бус
сонгуулиар сонгогчдын олонхийн санал авсан гэдэгт итгэдэг, тэгэхээр
саналаа луйвардуулсан гэдэгт нь ч үнэмшдэг олон хүн бий. Хэрэв 
сонгогчдын санал парламентад бодитой тусдаггүй, санал олноор гээгддэг
өнөөгийн можаритори  тогтолцоо, нэг хүний нэр дээр хэчнээн ч хүн санал
өгч болдог иргэний болхи бүртгэлийг өөрчилж чадвал АН ирэх сонгуулиар
жинхэнэ амжилт олох боломжтой. Харин сөрөг хүчин байснаараа ирэх
сонгуульд амжилт олно гэж тооцоолбол хэтэрхий хөнгөдсөн, гэнэн хэрэг
болох болов уу. АН-д хүчтэй сөрөг хүчин байх нь зохидог, энэ нь тэдний
имиж, ард түмэн тийм л байдлаар нь дэмжиж саналаа өгнө гэж хөөрөгдөх нь
өнөөдөр ашиггүй. Өнгөрсөн бүх л хугацаанд тэд сөрөг хүчин дарга цэргээ
сольдог, хурц дайчин байсан. Тэглээ гээд олонх болоогүй л явна. Үүнийг ч
АН ойлгож байгаа учраас, гашуун туршлага дээрээ томоожсон учраас саяын
ҮЗХ-ны хурлаар өрх гэрээ өргөөд буулгачих шийдвэр гаргаагүй биз. ҮЗХ-ны
228 гишүүн бүгд мулгуу, эсвэл бүгд Монгол ардын /хувьсгалт/ намд
урвасандаа, үгүй ядахад Н.Алтанхуягт хайртайдаа хамтарсан Засгийн
газраас гарах асуудлаар тоглоогүй өнгөрсөн гэж үзвэл басамжилсан хэрэг
болно.

Өнөөх олон фракц бүлэглэлүүд, ҮЗХ-ны хурлын өмнө хурц шийдэмгий мэдэгдэл
хийж байсан лидерүүд тэнэгтээ болоод эсвэл худалдагдсандаа дув дуугүй
өнгөрсөн хэрэг биш л байх. Магадгүй АН-д хамтарсан Засгийн газраас гарах
өчнөөн шалтгаан байж болно. Гэхдээ шалтгаан, онцгой нөхцөл байдал
давхцах ёстой.
Яг одоохондоо бол хамтарсан Засгийн газраас АН гарах вий гэдгээс МАН
үхтлээ айж байгаа. АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч дээр АН гэдэг хүчтэй
сөрөг хүчин нэмэгдэхээс хориод жил төрийн эрх барихдаа хуруу, гараа
“баланд” хэт дүрсэн МАН-ынхан айх ёстой. Хуулийн хүрээнд шалгуулж,
цагдуулах өчнөөн шалтгаан тэдэнд байгаа. Мөн МАН-д одоо сонгуулийн өмнө
“тэслэх” бөмбөг үлдээгүй. Тэд ардчилагдан шинэчлэгдсэн гэдэг имиж олж,
үүгээрээ ирэх сонгууль угтсан пиар хийж байгаа ч энэ нь ирэх 2012 оны
сонгууль хүртэл инерциэ хадгалж, алга ташуулна гэвэл юу л бол. Үүнээс
дахиад өөр шинэ бөмбөг задална гэвэл эрчим хүч, нөөц нь хүрэх ч үгүй
байх. Харин МАН-ыг сульдсан морь шиг болж, хамтарсан Засгийн газрын
алдаа, онооны дэнсэн дээр шүүгдэж байх мөчид АН хамтарсан Засгийн газрыг
орхиод сөрөг хүчний буйран дээрээ ирэхэд ч оройтохгүй л байх.

АН-ын хувьд бодлого бүдэг байгаа нь үнэн. Хамтарсан Засгийн газарт
ажиллаж байгаагийнхаа зорилгыг тодруулах ёстой нь ч үнэн. Гэлээ гээд АН
ардчилалгүй болсон, албан тушаалаар амаа үдүүлсэн гэж итгэх хэцүү. Сүүлд
болсон ҮЗХ-ны хурлаас олон нийт чухам юу хүлээх ёстой байсныг бүү мэд,
ямар ч байсан “ардчилалгүй” МАН-ын Их хурлыг яг хуулбарласан гэдэг
шүүмжлэлээр тэднийг булсан. Ер нь АН доторх ардчиллыг юугаар хэмжих
ёстой юм бэ? Амин хувийн эрх ашгийнхөө төлөө амбицладаг нөхдөөр үү,
эсвэл илүү том эрх ашгийн төлөө эвлэлдэж чадаж байгаагаар хэмжих үү
гэдэг ч асуулт мөн.

Уг нь АН-ын ҮЗХ-ны хурал МАН-ы Их хурлаас арай өөр болох шиг болсон.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн “Монгол ардын нам
мандтугай. Ардын засаг мандтугай” гэдэг уриа тэдний найран дээр л зохих
хундаганы үг байсан. Ард түмэн засаг, төрийн төлөө “ура” хадуулдаг үзэл
суртлын сэтгэлгээнээсээ чөлөөлөгдөөд удаж байгаа. Улс орныг удирдаж,
бодлогыг нь тодорхойлж яваа улс төрийн том хүчний үзэл баримтлалыг
илэрхийлэгчээс ард түмэн арай л бодитой, сэтгэлтэй үг хүлээж байсан
байх. Эсвэл юу ч хүлээгээгүй байх. Өнөөдөр зүгээр л нэг хувьсгалчийн
амнаас гарах сэтгэл хөдөлгөсөн үгээр ард түмэн хоол хийхгүй. Ард түмэн
романтик байхаа больсон. Харин үүний дэргэд АН-ын ерөнхий нарийн бичгийн
дарга Д.Эрдэнэбатын ҮЗХ-ны хурал дээр тавьсан илтгэл дэх “Чинээлэг
иргэнээ өлгийдөн авах нэгэн үеийнхэн болцгооё” гэдэг үг даруухан хэрнээ
бодлого тээсэн үг байсан. Бас “Монгол хүн-2020” гэдэг хөтөлбөрийн үзэл
баримтлал, үндсэн чиглэл гэх бодлогын баримт бичгийг энэ ҮЗХ-ны хурлаар
баталсан санагдана. Энэ нь иргэн бүрт эдийн засгийн эрх чөлөө олгох,
ажлын байр бий болгох, ахиу цалин хөлс хүртээх тухай байсан. Хэрэв
үүнийгээ АН үндэсний хэмжээний хөтөлбөр болгон УИХ-аар батлуулж чадвал
энэ нь жинхэнэ үгүйлэгдэж байгаа бодлого нь болж мэднэ. Хэдийгээр энэ
сэдэв шинэ биш ч эдийн засгийн их өсөлтийн гарман дээр ирсэн энэ үед
ухаалаг байж чадвал биелэх магадлалтай. Нийгмийн ард¬чи묬лын тухай биш
хүний тухай ярьсан, элдэв драм багатай болсон АН-ын хурал харин ч олон
хүнд таалагдсан байж магадгүй. Ер нь улс төрийн намуудын хурал гэхээр л
гал дөл манарсан тэмцэл болдог, тэр нь хүмүүсийн цөсийг хөөргөдөг байх
албагүй шүү дээ.

З.БОРГИЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж