Хуучирсан мэдээ: 2010.11.30-нд нийтлэгдсэн

Хараал идсэн төсөв

2000 жилийн өмнө л эртний Грекчүүд “одоо¬ны хүүхдүүдийн хүмүүжилгүй болсныг ээ” хэ¬мээн бичиж байсан юм гэнэ лээ. Түүн шиг манай улстөрчдийн төлөв байдал жилээс жилд, их хурлаас их хуралд улам бүр дордож байна. Үнэнийг хэлэхэд саяхныг болтол сайтууд дээр үлдээсэн “зочны” сэтгэгдэл, улстөрчид рүү дайсан хараалын үгсийг хараад “Арай ч дээ, муу ч сайн ч Монголын ард түмний шилэгдсэн хөвгүүд шүү дээ” гэсэн харамсал төрж, “Улс орноо өөд татахсан гэх ухаан бодол эрхбиш ходоодных нь мухарт байдаг л байлгүй” хэмээн өмөөрөх сэтгэл төрдөг л байлаа. Харамсалтай нь энэ найдвар, горь талаар болов. Үүний хамгийн тод томруун жишээ нь өнгөрсөн долоо хоногт баталсан улсын нэгдсэн төсөв байлаа.

Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн нийт орлого 3 их наяд 304.6 тэрбум төгрөг, төсвийн нийт зарлага 4 их наяд 84.1 тэрбум төгрөг болж, төсвийн алдагдал 779.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьд хүрэв. Монгол Улс түүхэндээ байгаагүй их алдагдалтай төсвийг баталлаа. Улстөрчдийн тойргоо худалдаж авахын тулд төсвөөс хулгайлж ирсэн мөнгө энэ жил 700 тэрбумаар өсөв /УИХ-ын гишүүд өнгөрсөн жил 76 тэрбумыг тойрогтоо батлуулж байлаа/. Үүнийг тойрогт хуваавал гишүүн тус бүрд 10 тэрбум төгрөг ноогдож байгаа юм. Ийнхүү 2000 оны сонгуулийн дараа тухайн үед эрх барьж асан МАХН-аас гаргаж ирсэн “тойргийн мөнгө” 10 саяас эхэлж, өнөөдөр 10 тэрбумд хүрээд байгаа нь энэ. Аравхан жилийн дотор 1000 дахин өссөн байна.

Ингэж хэлэхээр нөгөөдүүл “Юун гуя” гэдэг шиг “Юун тойргийн 10 тэрбум, тийм мөнгө байхгүй” гэж ирээд хэрэлдэх биз. Гэвч энэ бол тэдний ингэж мэтгэсэн мэтгээгүй ирэх 2012 оны сонгуулиар сонгогчдын саналын худалдаж авах гэсэн хамгийн адгийн жишиг. Улсын төсвийг алдагдалд оруулж байгаа энэ 779 тэрбум төгрөгийг гишүүд сонгуулийнхаа амлалтыг биелүүлэхийн тулд иргэдэд сар бүр 21 мянгаар өгөх юм гэнэ. Жилийн 252 мянган төгрөг. Хоёр жилд 504 мянган төгрөг. Өөрөөр хэлбэл ирэх 2012 оны төсөв ч бас энэ маягаар явах юм байна. Энэ бол МАХН-ын “стандарт бус” даргын сонгуулиас гуравхан хоногийн өмнө хийсэн “стандарт бус” амлалтаас болж улсын төсөвт учирч буй бодит хохирол. Мөн энэ намаас сонгогдож УИХ-д суусан 44 хүнийг ирэх сонгуульд нэр бүтэн оруулах гэсэн өрөвдөлтэй оролдлого. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй байх аа. Тэгэхээр энэ бас Ардчилсан намаас сонгогдож, 10 зөв бодлого дэвшүүлж байсан либерал, консерватив үзэл баримтлал бүхий 28 улстөрчид ч бас хамааралтай болох нь.

Төсөвт хохирол учирлаа гэхээр зарим нь “төрийн төлөө оготно боож үхнэ гэж чи юу вэ” гэж магадгүй л дээ. Гэвч улсын нийт төсвийнхөө 30 гаруй хувийг халамжийн бодлогоор хавтгайруулан тараадаг манайх шиг улс орон дэлхийд байхгүй. Үүнийг өнгөрсөн аравдугаар сард Монголд ирж ажилласан Дэлхийн банкны зөвлөхүүд хүртэл хэлээд явсан. Ийм хэмжээний бэлэн мөнгө тарааж байсан улс орон дэлхийн түүхэнд өөр байгаагүй учраас инфляциас яаж хамгаалах, эрсдлийг хэрхэн давах вэ гэдэг дээр танайд зөвлөж чадахгүй нь ээ гэж. Эцсийн эцэст үүний хор хөнөөл нь шийдвэр гаргагч 76 дээр биш, жирийн ард иргэдийн нуруун дээр л буух болно. Кг махны үнэ 10000 хол давж, хил гурилаа 2000 төгрөгөөр аваад, ёстой нөгөө “гэдэс нь өлсөөд, мөр нь улайгаад” ирэхийн цагт “төрийн төлөө оготно боож үхэх” гэдгийг үзэх байлгүй. Учир нь манайх шиг жижиг зах зээлтэй, үндэсний үйлдвэрлэл гэж юм байхгүй, бүх хэрэгцээгээ импортоор хангадаг оронд энэ их бэлэн мөнгийг шингээх газар байхгүй, нэгж барааныхаа үнэд шингээд л дуусах болно. Засгийн газраас ам метрийнх нь үнийг 650 мянгаар бодон зээл олгож эхэлсний дараа нөгөө дампуурал зарлаад байсан барилгын компаниуд үнээ суга өсгөж, орон сууцны үнэ ам метр нь 1,3 саяас буухаа больсон шиг л.

Хамгийн харамсалтай нь энэ мөнгийг тараах эх үүсвэр нь Оюутолгой төслөөс орж ирэх урьдчилгаа татвар /250 сая орчим ам.доллар/, “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалд шинээр тавьж байгаа нөөц ашигласны төлбөр буюу өсөн нэмэгдэх рояльти. Таван хувиас эхэлсэн энэ татварын хэмжээг 18 хувьд хүргэж байж төсвийнхөө алдагдлыг нөхөхөөр болов. Улстөрчид маань ингэж уул уурхайгаас орж ирэх өчүүхэн орлогоор гараа угааж байх хооронд Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Үндсэн чиглэлд туссан олон ажлууд санхүүжилтгүй зогсч байна. Аж үйлдвэрийн парк байгуулах, Сайншандын хүнд үйлдвэрийн цогцолбор, орон сууцны хөтөлбөр, “Утаагүй Улаанбаатар” гээд л. Ирэх жилийн төсөвт уртаашаа 500 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын зардалд тусгасан нь ихэвчлэн хөдөө орон нутгийн зам тавих, эрчим хүч, дэд бүтцийг бий болгоход зарцуулагдах аж. Цөөн тооны сургууль, эмнэлгийн өргөтгөл мөн орж байгаа сурагтай. Гэвч 20 мянган хүүхэд хичээлийн байраар гачигдаж, ангидаа 50-60-уулаа шахцалдан 3 ээлжээр хичээллэж байхад ердөө 2500 хүүхдийн сургуулийг шинээр барихаар төсөвт тусгасан байх жишээтэй. Эрүүл мэндийн салбар, эмнэлгийн үйлчилгээний хувьд ч мөн ялгаагүй.

Иймэрхүү харалган төсөв баталчихсан эрхэм гишүүд маань юу ч болоогүй юм шиг, бурууг нөгөө л “улстөрчдийн амлалт”, “мажоритари тогтолцооны гажиг” гэсэн эзэн биегүй зүйл рүү чихчихээд худлаа цэцэрхээд суух нь харин ч зэвүүн байна. Мэдэж л байгаа юм бол яагаад түүнийгээ засдаггүй юм бэ.

Төсвийн нэгдүгээр хэлэлцүүлэг эхэлсний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг иргэдэд бэлнээр тараах 21.00 мянган төгрөгийг эсэргүүцэн завсарлага авсан. Гэвч өнгөрсөн долоо хоногийн эхээр “Хоёр намын бүлэг саналаа нэгтгэлээ. Иргэд өөрсдөө хүсвэл 21 мянгыг бэлнээр авалгүй гэр бүл, хамаатан ах дүүс, нутаг усаараа нийлээд жижиг дунд үйлдвэр байгуулах, өрхийн үйлдвэрлэл явуулахад ашиглаж болно” гэж зарлаад төсвийнхөө хоёр дахь хэлэлцүүлэгт орсон. Нэг гэрийн таван хүн нийлээд 105 мянган төгрөгөөр жижиг дунд үйлдвэрлэл явуулах юм гэнэ. Хот орчноо тохижуулах, худаг ус гаргах, малын үүлдэр угсааг сайжруулахад ч тэр мөнгөнөөс зарцуулах боломжийг УИХ-ын тогтоолоор олгосон шүү гэж хүртэл даажигнав. Ингээд л “харганын ноосоор эсгий хийгээд”, улс үндэстнээрээ дэлхийн шившиг болоод суух уу.

Тэртэй тэргүй Хүний хөгжлийн сангийн тухай хуульд иргэдийн 21 мянгыг сар бүр бэлнээр олгоно гээд заачихсан байгаа. Хуулиас дээгүүр тогтоол гэж байдаггүй. Үнэхээр л тэгж үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр бий болгоход зарцуулья гэж байгаа бол иргэн бүрийнхээ нэр дээр данс нээгээд тэр мөнгөөр нь ганц үйлдвэр байгуулчих. Эсвэл аймаг болгонд хэрэгцээтэй байгаа мах боловсруулах үйлдвэрт нь хөрөнгө оруулаад хувьцааг нь тараачих. Бүр зүгээр л “Улаанбаатарыг утаанаас нь салгая” гэж хэлээд атомын ганц цахилгаан станц барихад хөрөнгө оруул л даа. Утаандаа хахац цацаад уушигнаасаа салахад хүрсэн нийслэлчүүд үүний чинь төлөө ээмэг бөгжөө ч тайлаад өгөхөд бэлэн байна.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж