Асашёорюү: Олон сар барилдаагүй болохоор тийм ч амар байгаагүй

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Асашёорюү: Олон сар барилдаагүй болохоор тийм ч амар байгаагүй

Их аварга Асашёорү Д.Дагвадорж өнөөдөр эх орондоо ирлээ. Түүнийг ээж, ах, дүү нар нь болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй хүмүүс “Чингис хаан” нисэх онгоцны буудалд тосч авлаа. Тэрбээр онгоцноос буусан даруйдаа сэтгүүлчидтай уулзаж, сонирхсон асуултад нь хариулт өгсөн юм.

-Юуны өмнө ард түмнээ баярлуулсан танд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Та баярласан сэтгэлээ сумогийн дэвжээн дээрээс Монгол хэлээр илэрхийлж байсан?

-Тийм ээ, миний ард түмэн намайг үзэж байгаа учир би эх хэлээрээ ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлье гэж бодсон юм.

-Та гурван башё өнжсөний дараа барилдлаа. Башёгийн өмнө Японы хэвлэлээр Асашёорюүгийн бэлтгэл сул байна гэж мэдээлж байсан. Бодит байдал дээр ямар байсан бэ?

-Олон сар барилдаагүй болохоор тийм ч амар байгаагүй. Гэхдээ л би боломжийнхоо хэрээр бэлтгэл хийж байсан. Барилдахгүй болохоор бусад бөхчүүдээ ямар байгаа, өөрөө яаж барилдахаа тооцоолох боломжгүй болдог юм байна. Барилдаад ирэхээр аяндаа барилдаан орж эхэлсэн. Энэ удаа амжилттай барилдаж, 23 дахь удаагаа аваргын цом авсандаа маш их баяртай байна даа.

-Одоо таны зүүн гарын бэртэл гайгүй юу?

-Эдгэх боломж бага л байх юм. Барилдах бүрт байнга хөндөгддөг. Эмчилгээ хийлгэж байгаа.

-Энэ башё сэтгэл зүйн хувьд их хүнд байсан байх. Таныг интернетээр заналхийлсэн явдал ямар нэгэн байдлаар барилдаанд нөлөөлсөн үү?

-Нөлөөлөөгүй.

-Сүүлийн өдөр унахдаа та юу бодож байсан бэ. Хакухотой барилдахдаа сандарч байсан уу?

-Бага зэрэг сандарсан. Унаад дахин барилдаан хийх гэж байхад аяндаа бие тавираад сайхан болсон. Тэгээд  л давсан.

-Зарим нэг олон улсын агентлагаар таныг 2012 онд улстөрд хүч үзнэ хэмээн үсчиндээ ярьсан тухай бичсэн байна?

-/инээв/ Тийм зүйл огт байхгүй. Шуугиан тарьж л байхгүй юу даа.

-Таныг сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ дэвжээн дээр гараа өргөсөнд Сумогийн холбоо буруутгасан гэсэн үү?

-Тийм зүйл болоогүй. Зарим нэг хэвлэлээр олны анхаарлыг татах гэж их оролдох юм.

-Та эх орондоо хэд хонох вэ?

-Хоёр хоноод буцна аа.

Х.Оюунсүрэн /2009.01.28/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж