Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсныг мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсныг мэдэгдэв

Оюутолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлж буйг мэдэгдлээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар дээрх асуудлыг авч хэлэлцээд ийм шийдвэр гаргасан  байна.

Монгол Улсын Засгийн газар нь, Айвенхоу майнз монголиа инк компанитай Оюутолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулж, гарын үсэг зурсан юм. Үүнээс хойшхи зургаан сарын хугацаанд арван зүйлийг хийхээр хоёр тал харилцан тохиролцсон байсан бөгөөд тэрхүү хэрэгжүүлсэн ажлын үр дүнг Засгийн газрын хуралдаанд өнөөдөр танилцуулж, онц үнэлгээ авсан аж. Тухайлбал, Оюутолгойн ордыг ашиглах төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр удаа дараа авч хэлэлцэн, эцэст нь хүлээж авсан.

Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүнг талууд хоёр талаас нягтлан шалгаж, харилцан тохиролцоонд хүрсэн. Төслийн нийт хөрөнгө оруулалт 2009 оны эцсийн байдлаар 1,588,5 тэрбум төгрөг, үүнээс хасагдаж тооцох дүн буюу Оюутолгой төсөлд хамааралгүй зардал, Оюутолгой төслийн хайгуулын зардлыг 508.7 тэрбум төгрөгөөр тооцон хорогдуулж, хувь нийлүүлэгчдийн одоогийн ээлийн дүнг 1079.7 тэрбум төгрөгөөр тогтоосон.

Рио Тинто групп болон Айвенхоу майнз лимитед компанийн хооронд байгуулсан хувьцаа борлуулах гэрээний дагуу Рио Тинто группийн Айвенхоу майнз лимитед эзэмшлийн хувь нэмэгдэн 22,4 хувьд хүрэв. Цаашлаад ирэх 18 сарын хугацаанд энэхүү хувь хэмжээ 46,6 хувьд хүрэх боломжтой хэмээн үзжээ.

Энэ мэт арван зүйл бүхий нөхцөл хангагдсан хэмээн үзсэн байна. Харин саяхан УИХ-ын нэр бүхий гишүүдийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь хууль зөрчсөн үйлдэл болж байгааг эргэж харахыг хүссэн шаардах бичгийн тухайд Сангийн сайд хариулахдаа “Албан бичиг ч юм уу, шаардах бичиг ч юм уу бичгийг нэр бүхий гишүүд УИХ-ын даргад өгснөөс Засгийн газарт өгөөгүй. Тэгээд ч тэр бичигт заасан асуудлууд нь хууль зөрчсөн зүйл байхгүй” гэлээ.

Мөн Усны хэрэг эрхлэх газраас Оюутолгойн ордыг ашиглаж эхлэхэд таван жилийн дараа усны хомсдолд орж, үйлдвэрлэл явуулахад хүндрэлтэй болно”  гэсэн сануулга өгсөн. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ гэсэн асуултад  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх”Эхний долоон жилд усанд санаа зовох зүйлгүй” гэсэн хариулт өглөө.

Г.Дарь 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж