Аргентин ОХУ-тай шишийн хэлэлцээр хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Аргентин ОХУ-тай шишийн хэлэлцээр хийлээ

Аргентины Засгийн газар ОХУ-тай асар их хэмжээний шиш худалдаалах хэлэлцээр хийж байгаа гэж тус улсын шиш үйлдвэрлэгч, экспортлогчдыг төлөөлдөг нийгэмлэгийн тэргүүн Мартин Фрагуйо хэлсэн байна.

“Энэ онд Аргентин улс ОХУ-тай олон чухал бизнесийн хэлэлцээр хийх төлөвтэй байна. Бидний бодож буйгаар 800 мянган тонн шиш худалдаалах байх. Энэ бол асар их хэмжээ” гэж тэрбээр хэлжээ.

ОХУ-ын хувьд шишийг их хэмжээгээр худалдан авч, ган гачигт нэрвэгдсэн мал амьтдаа хооллох шаардлагатай байгаа аж. Сүүлийн хоёр ч ургац хураалт муу гарч, улаан буудайн нөөц шавхагдаж байгаа билээ. Энэ зуны тариаланд сүүлийн 130 жилийн турш харагдаагүй халуунаас болж ган гачиг үүссэн юм. Үүнээс болж тус улсын зүгээс үр тарианы экспортыг зогсоох шийдвэр гаргаж, дэлхийн зах зээл дээрх газар тариалангийн бүтээгдэхүүний үнэ хөөрөхөд нөлөөлсөн билээ.

Хэдийгээр ОХУ Аргентинаас төдийлөн ийм төрлийн бүтээгдэхүүн худалдан аваад байдаггүй тул энэ хэлэлцээр цаашид дахин хийгдэхгүй гэх хүн цөөнгүй байгаа ч ноён Фрагуйо үүнийг шинэ зах зээлд нэвтрэх үүдийг нээсэн явдал болсон гэж хэлж байна.

Өнгөрсөн онд 22,7 сая тонн шиш хурааж авсан Аргентин улс 2010-2011 оны ургац 10-15 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа гэж хэлж байгаа юм. Нэг акр газраас ойролцоогоор 8000 гаруй килограм үр тариа хураасан аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж