Удахгүй автомашинаараа нисдэг болно

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Удахгүй автомашинаараа нисдэг болно

Автомашин эзэмшигч хүн бүр гудамжны эцэс төгсгөлгүй түгжрээн дээгүүр нисээд гарахыг мөрөөддөг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл энэ мөрөөдөл удалгүй биелэх болжээ. Гэхдээ энэ нь таны бэл бэнчингээс хамаарах нь  мэдээж. Зөгнөлт зохиолчдын урьдчилан бичиж байснаас ч эрт хотын гудамжаар нисдэг автомашинууд  холхих бололтой. Кино ч бодит амьдралыг гүйцэхээ больжээ. Багагүй шуугиан тарьсан “Ирээдүй рүү буцсан нь” цуврал киног санаж байна уу. Тэнд зөвхөн 2015 онд л автомашинууд газраас хөндийрч байгаа нь гардаг. Гэтэл өнөөдөр эрдэмтэд ирэх онд “төмөр хөлөг”-үүдийг агаарт хөөргөхөө амлаж байна. Бүр олноор нь үйлдвэрлэж эхлэх гэнэ.

Харин одоогоор хамгийн анхны, цорын ганц нисдэг автомашин  өөрийн эзэмшигчдээ очсон байна. Тэрхүү азтай эзэмшигч нь америк хүн хэмээн “Innovanews” сэтгүүл мэдээлжээ. Уран зөгнөгчдийн энэхүү мөрөөдөл “Transition” гэсэн нэртэй бөгөөд Америкийн “Terrafugia” компанид бүтээсэн аж. Энэхүү загвар нь хоёр хүний суудалтай, газар болон агаараар чөлөөтэй зорчих боломжтой. Үйлдвэрлэгчдийн хамгийн их бахархаж байгаа зүйл нь энэхүү гайхамшигтай машин маш хурдан хугацаанд  хувирч чаддаг. Өөрөөр хэлбэл, далавчаа хурааж, дэлгэхдээ ердөө л 30 секунд зарцуулна. Ингэхдээ жолооч зөвхөн ганц товч дарахад л хангалттай аж.

Эхэн үедээ чухам дээрх асуудал л машиныг үйлдвэрлэлд шилжүүлэхэд саад болж байжээ. Дэлгэсэн далавчтай “төмөр хүлэг”-ээ гараашдаа оруулах тийм ч хялбар биш гэдэг нь хэнд  ч ойлгомжтой. Азаар зохион бүтээгчид энэ асуудлыг амжилттай шийдвэрлэж чадсан учир 2011 оноос олноор нь үйлдвэрлэх боломжтой болжээ. Анхны нисдэг-автомашины гадаад байдал спорт машин болон нисэх онгоцны хэв загварын аль алиныг агуулсан. Засмал зам дээрээс шууд нисэх бөгөөд жирийн бензинээр ажилладаг. Жирийн автомашинтай адил аль ч шатахуун түгээх станц дээр очоод түлшээ авах боломжтой гэнэ. Агаарт дээд тал нь цагт 190 км хүртэл хурдалж, буулгүйгээр 640 км замыг туулах чадвартай. Газардсаны дараа далавч нь хумигдан энгийн автомашин болж хувирна.

Одоогоор нисдэг автомашины үнэ ойролцоогоор 200 мянган ам.доллар. Компани жилд дунджаар 200 ширхэгийг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Тэгэхээр ойрын хугацаанд тийм ч олон хүн агаараар нисэхгүй бололтой. Дашрамд сануулахад, энэ оны нэгдүгээр сард “AirMule” нэртэй нисдэг машины туршилт явагдсан. Гэхдээ жолоочгүйгээр. Энэхүү машиныг Израйлийн “Urban Aeronautics” компани бүтээжээ.

Үүнээс өмнө 2006 онд Их Британийн Фарнборо хотод  болсон олон улсын нисэхийн шоун дээр мөн л Израйльд үйлдвэрлэсэн “X-Hawk” нисдэг автомашиныг үзүүлсэн. Тэр үед “X-Hawk” үзэгчдийн дээгүүр нисч жинхэнэ шоконд оруулсан гэдэг. Сүүлийн үеийн мэдээллээр “X-Hawk” 3.5 км-ийн өндөрт, цагт 250 км  хүртэл хурдалж, ойролцоогоор 1300 кг ачаа тээвэрлэх чадвартай болсон аж. Нисдэг “төмөр хүлэг”-үүдийн гэр бүлд “Panda” нэртэй бас нэг “дүү” байгаа. Тэр хэдийгээр жижигхэн ч 2008 оны гуравдугаар сараас хойш нисч байна. Цагт 180 км хүртэл хурдалж, 3700 метрийн өндөрт хөөрөх чадвартай.

С.БАЯР  “Нийгмийн толь”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж