“Kane and Lynch-2” нэг сая хувь борлогджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

“Kane and Lynch-2” нэг сая хувь борлогджээ

Тоглоомын хорхойтон хүүхэд залуусын сайн мэдэх “Eidos interactive”, “IO Interactive” нарын “Kane and Lynch” хэмээх action төрлийн тоглоом байдаг билээ. 2008 оны долдугаар сараас эхлэн зах зээлд борлуулагдаж эхэлсэн тус тоглоом нь Xbox 360, PS3, PC дээр төдийгүй гар утсаар хүртэл тоглох боломжтойгоор бүтээгдсэн байдаг.

Тоглоомын зохиол нь нилээд өвөрмөц, адал явдлаар дүүрэн цэвэр action тоглоом. “Kane and Lynch”-ийг нэг тоглосон хүн эргэлт буцалтгүйгээр амтанд нь ордог ч гэдэг.

Борлуулалт сайтай гайхалтай тоглоом байсан учир бүтээлчид нь хоёрдугаар анги болох Kane & Lynch 2: Dog Days-ыг Xbox 360, PC, Playstation 3 дээр тоглож болохоор үйлдвэрлээд өнгөрсөн наймдугаар сарын 17-нд АНУ, Канадад, 19-нөөс Австралид, 20-нд Европод худалдаанд гаргасан юм.

Харин худалдаанд гарсан эхний долоо хоногтоо шилдэг борлуулалттай тоглоомоор шалгарсан бөгөөд энэ сарын байдлаар нийтдээ нэг сая хувь борлогдоод байгаа аж.

2009 оноос эхлэн энэхүү хоёрдугаар анги нь хийгдэж байгаа талаар гайгүй сайн рекламдсан учир тоглоомчдын дунд ихээхэн хүлээлт үүсгээд байсан юм.  59.99 долларын үнэтэй тус тоглоомын талаар бас нэгэн мэдээг дуулгая. Сайн тоглоом кино болж хувирдагын жишээ энэ тоглоомыг ч тойрч өнгөрсөнгүй.

Найруулагч  Simon Crane-ийн найруулснаар Холливуудын супер од, action киноны мастер Брюс Уиллис болон Жэмми Фокс нар гол дүрд нь тоглож “Kane and Lynch” хэмээх киног бүтээж эхэлжээ. Зураг авалтандаа аль хэдийнэ ороод байгаа ба 2011 онд АНУ-д сүр дуулиантайгаар нээлтээ хийх аж.

Lionsgate продакшн тус кинон дээр ажиллаж байгаа ба хөлсний цэрэг Каne-ийн дүрд Брюс Уиллис, сэтгэцийн өвчтэй Lynch-ийн дүрд Жэмми Фокс тус тус тоглох гэнэ.
 

 Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж