Амжилтаараа ялгар: Соичиро Хонда

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Амжилтаараа ялгар: Соичиро Хонда

“Олон хүмүүс амжилтын тухай мөрөөддөг. Харин би, алдаж, алдаагаа засч, өөрийгөө шүүмжилсний эцэст л амжилт ирдэг гэдэгт итгэдэг. Амжилт гэдэг бол зөвхөн нэг хувь нь таны хөдөлмөр, харин үлдсэн 99 хувь нь ялагдал байдаг юм”.
Соичиро Хонда хүүхэд байхдаа том болоод машинтай болохыг мөрөөддөг байж. Харин хожим нь тэрбээр авто машин, мотоциклийн үйлдвэрлэлд эргэлт гаргасан дэлхийн нөлөө бүхий бизнесмен болно гэж зүүдэлсэн ч үгүй. Хонда бизнес болон олон улсын худалдааны талаар ямар ч мэдлэггүй. зөвхөн наймдугаар ангийн боловсролтой, техникийн талаар ямар ч ойлголтгүй байсан хэдий ч маш том амжилтад хүрч чадсан юм. Хэцүү асуудлыг шийдэхдээ тэрбээр амар хялбар арга замыг хайж олох дуртай байв. Энэ чанар нь ч түүнийг дэлхийн агуу шинэчлэгчдийн эгнээнд оруулсан гэдэг. 1980-аад оны эхэн үе гэхэд Хонда нь Японы гурван том машин үйлдвэрлэгчдийн нэг байсан бол 1980-иад оны сүүлч үе гэхэд дэлхийн гурван тэргүүлэгч машин үйлдвэрлэгчийн нэг болж чадсан юм. Соичиро Хонда 1906 онд Хамаматчу мужийн маш ядуу гэр бүлд төрсөн. Түүний эцэг эх үгээгүй ядуу байсан бөгөөд таван хүүхэд нь багадаа өлсгөлөнгөөр нас барсан гэнэ. Соичиро Хондад харин хүн болох аз таарчээ. Тэрбээр сурах дургүй байсан бөгөөд юм бүхнийг өөрөө туршиж үзэх дуртай байсан гэдэг. Тэрбээр багадаа анх машин харснаа хэзээ ч мартдаггүй. Хожим нь тэрбээр намтартаа “Анх машин хараад би илбэдүүлсэн мэт хойноос нь гүйж билээ. Би маш их сандарч догдолсон байсан. Жоохон байсан ч чухам тэр үед л хэзээ нэгэн цагт би өөрөө машиныг хийх болно гэж бодсон байх” гэж бичжээ. Хонда 1922 онд дунд сургуулиа төгсөөд ажил олж хийхээр Токиог зорьжээ. Тэнд тэрбээр авто засварын газарт дагалдангаар ажиллах болов. Ийнхүү зургаан жил суралцсаны эцэст хураасан бүх мөнгөөрөө өөрийн төрөлх хотдоо засварын газар нээлээ. Түүний байгуулсан засварын газар нь удалгүй өргөжин тэлсээр 1940-өөд он гэхэд ид цэцэглэж томоохон хэмжээний үйлдвэр болсон байлаа. Харин дэлхийн хоёрдугаар дайны үеэр америкийн бөмбөгдөлтөнд япон улс тэр дундаа Хондагийн байгуулсан үйлдвэр өртөж сүйрсэн юм.1946 онд Хонда нэгэн шинэ нээлт хийсэн юм. Машиндаа хийх шатахуун байхгүй байсан тул тэрбээр америк цэргүүдийн орхисон хөдөлгүүрээс нэгийг нь авч унадаг дугуйндаа бэхэлжээ. Энэ хөдөлгүүрээ тэрбээр керосинээр дүүргэсэн юм. Ер нь Соичиро Хонда энэ маягийн энгийн хэрнээ тансаг шийдвэр гаргадаг өвөрмөц сэтгэлгээтэй хүн. Дараагаар нь тэрбээр найз нөхдийнхөө хүсэлтээр дугуйнд нь хөдөлгүүр тавьж өгөв. Сүүлдээ хүмүүс захиалга их өгөх болсон тул гүйлгээ ухаантай Хонда ийм бизнес маш амжилттай байж болох юм гэж шийдэж 1948 онд “Хонда мотор” компаниа байгуулж хөдөлгүүртэй дугуй хийх болов.Хонда мофидийг анх бүтээн худалдаанд гаргасан бөгөөд уг бүтээл нь тухайн цаг нийгэмдээ тохирсон маш бага керосин хэрэглэдэг хол замд найдвартай гэх мэтчилэн олон давуу талтай байсан юм. Ингээд 1950-иад оны эхээр компани нь асар өндөр өрсөлдөөнтэй мотоциклийн зах зээлд нэвтэрлээ. Үүнээс улбаалаад түүний бизнес дахин сэргэж улмаар дахин өөр шинэ хөнгөн мотоциклүүдийг зохион бүтээснээр японы төдийгүй дэлхийн мотоциклийн ертөнцөд цоо шинэ эхлэлийг нээсэн юм. Дараачийн таван жилийн дотор тэрбээр 250 өрсөлдөгч компаниа амжилттай дампууруулжээ. Түүний анхны мотоцикль “Dream” нь Соичиро Хондагийн багын мөрөөдлийн биелэл болсон юм. Дараагаар нь 1955 онд “Super club” загвараа гаргаж хоёр жилийн дараа Америкийн зах зээлд энэ мотоциклио нийлүүлэх болов. Тэрбээр таван сая ам. доллар зарцуулан “Шилдэг хүмүүс Хонда унадаг” гэсэн сурталчилгааг цацаж эхлэв. Ингээд 1963 он гэхэд “Хонда” мотоцикль “Харли Дэвидсоныг” ардаа орхиж бизнес давхаргын хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болсон байв. Харин Соичиро Хонда мотоциклийн салбараасаа гурван тэрбум ам.долларын орлого олж байлаа. Түүний өвөрмөц дизайн, маркетингийн шийдэл нь мотоциклийг зөвхөн “хар савхин хувцастай хүмүүсийн” унаа биш харин “дундаж орлоготой хүмүүсийн хэрэглээ” болгож өгсөн юм. Мотоциклийн үйлдвэрт байр сууриа бат олсон Хонда машины зах зээлийг эзлэхээр шийдэж уралдааны машин дээр анхаарлаа хандуулав. Анхны уралдааны машинаа тэрбээр 1962 онд танилцууллаа. Японы Олон улсын худалдаа, үйлдвэрлэлийн яам, Японд дахиад нэг машин үйлдвэрлэгч компани хэрэггүй гэж хэлж байсан ч Хонда үүнийг үл тоомсорлов. Асар хатуу өрсөлдөөнтэй машины зах зээлд Хонда хөл дээрээ бат зогсож чадсан төдийгүй замдаа тааралдсан ч хэнбугайг ч устгаж чадсан. Нэгэн удаа тэрбээр Европын нэгэн компанийн төлөөлөгчтэй гэрээ хийж байжээ. Хэтэрхий их сакэгээр дайлуулсан зочин нь согтож 00-д хиймэл шүдээ унагачихаж. Гэтэл Соичиро Хонда огтхон ч эргэлзэлгүйгээр 00-руу гараа хийн шүдийг авч угаалгын өрөөнд ороод хэдэн хоромын дараа инээд алдан, нөгөө хиймэл шүдийг амандаа хийсэн гарч ирж гэнэ. Энэ алхам гадаадын төлөөлөгчийг дор нь илбэдэж, бүтэх эсэх нь эргэлзээтэй байсан хэлэлцээнд тэр дор нь гарын үсэг зурсан гэдэг.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж