Карачи хотод онгоц унах үеэр 12 хүн үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Карачи хотод онгоц унах үеэр 12 хүн үрэгдэв

Карачи хотод ачааны Ил-76 онгоц унах үеэр амиа алдагсдын тоо хамгийн сүүлийн мэдээгээр 12 хүн болсон байна. Нисэхийн албаны төлөөлөгчийн мэдээг үндэслэн энэ тухай Пакистаны The Nation сонин мэдээлсэн байв. Онгоцны багийн найман гишүүнээс гадна онгоц унасан баригдаж байсан барилга дээр ажиллаж байсан дөрвөн ажилчин амиа алдсан байна.

Ил-76 онгоцны хэсгүүд тэр хавьд баригдаж байсан хэд хэдэн барилгыг гэмтээжээ. Нисгэгч  шинээр хүн орсон байрнуудаас онгоцыг холдуулахаар оролдсон бололтой гэж орон нутгийн эрх баригчид ярьж байна.

Сүйрсэн Ил-76 онгоц нь  Гүржийн Sun Way нисэх компанийнх бөгөөд түүний ерөнхий захирал Жемал Тамазашвили хоёр долоо хоногийн өмнө онгоц төлөвлөгөөт үзлэгт хамрагдсан ба “дээд зэргийн сайн үзүүлэлтэй” байсан гэжээ. Онгоцны хөдөлгүүрт шувуу мөргөн орсноос уг сүйрэл гарсан байж магадгүй гэж тэр хэлэв.

Sun Way компани ачаа тээврийн ажиллагааг энэ жилээс явуулж байгаа ба Ил-76 маркийн хоёр онгоцтой байжээ. Тэдний нэг нь 26 жил, нөгөө нь 31 жил ашиглагдаж байгаа гэнэ.

Ил-76 онгоц ням гаригийн шөнө Карачийн нисэх буудлаас хөөрөөд хэдхэн минутын дараа унажээ. Түүнд Арабын нэгдсэн эмиратаас Суданд хүргэх хүмүүнлэгийн ачааг ачсан байжээ. Багийн бүрэлдэхүүнд долоон украин, нэг орос хүн байсан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж