Элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Элчин сайдыг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Грегори Гоулдхоукийг өнөөдөр хүлээн авч уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

      Монгол, Канад хоёр орон хэдийгээр хоёр өөр тивд оршдог ч гэлээ байгаль, цаг уурын адил төстэй нөхцөлтэй, түүнийгээ дагаад хүн ардын зан харьцааны хувьд ч нийтлэг талтайг УИХ-ын дарга уулзалтын үеэр онцлоод хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам эрчимтэй хөгжиж, цаашид өргөн хүрээнд үр ашигтай хамтран ажиллах сайхан төлөв харагдаж буйг дурьдав. Канад нь хөрөнгө оруулалтын хувьд манай улсын сайн түнш бөгөөд хөрөнгө оруулалтын 97 хувь нь уул уурхайн салбарт чиглэж байгааг УИХ-ын дарга дурьдаад цаашдаа манай орны дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах, хөдөө аж ахуйн салбарын уламжлалт харилцааг улам өргөжүүүлэх талаар анхаарахыг Элчин сайдаас хүсэв. Түүнчлэн байгалийн эрс тэс нөхцөлтэй манай орны хувьд орон сууц, үйлдвэрлэлийн барилга байгууламж барихад Канадын барилгын технологийг нэвтрүүлэх талаар хамтран ажиллах боломжтойг хэллээ.

      Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг тэрбээр онцлоод Канадын Сенатын танхимын спикер Ноэл А.Кинселла, Нийтийн танхимын спикер Питер Милликен нарыг Монгол Улсад айлчлахыг урьсан урилга хэвээр гэдгийг нотлов.  

      Элчин сайд Грегори Гоулдхоук хууль тогтоох нөр их ажлынхаа зав зайгаар цаг зав гарган хүлээн авч уулзсанд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Канадын парламентын хоёр танхимын тэргүүн нараас ирүүлсэн талархлын захидлыг гардуулж өгөв.

     Канад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш  37 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд энэ оны есдүгээр сарын сүүлчээр Канад улсад анх удаагаа албан ёсны айлчлал хийсэн нь амжилттай болсонд сэтгэл өндөр буйгаа Элчин сайд тэмдэглээд хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа дайчилж ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж