Хакурозан: Амагийн шинэ нэрэнд сайн дасахгүй л байгаа

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Хакурозан: Амагийн шинэ нэрэнд сайн дасахгүй л байгаа

Оросын сумоч ах дүү Рохо, Хакурозан нарыг өнгөрсөн онд мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутган, сумогийн холбооноос хөөж, нутаг буцаасан билээ. Өнөөдрийг хүртэл мариухан хэрэглээгүй хэмээн мэдүүлж, сумогийн холбооны зарим албан тушаалтнуудыг шүүхэд өгөөд буй Хакурозан саяхан интернетэд /japan-sumo.ru сайтад/ дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна.

-Та шүүхээр заргалдаад Японы мэргэжлийн сумо бөхийн ертөнцөд эргэж очино гэдэгтээ хэр итгэлтэй байгаа вэ?

-Хийгээгүй хэргээ цагаатгахын төлөө бид тэмцэнэ гэж бодож байгаа. Анх сумо бөхөөр хичээллэхээр Японд очихдоо би 19 настай байсан. Тэнд миний залуу нас өнгөрсөн. Тийм болохоор сумогүйгээр амьдралаа төсөөлөх нь надад бэрх санагддаг. Намайг муу барилдлаа гэх юм уу, сумогийн холбоонд хэрэггүй хүн гэж хэлсэн бол гомдолтой ч гэсэн би ойлгох байсан. Харамсалтай нь, биднийг барьцаалж, хийгээгүй хэргээр түрүү барьж буруутгасанд харамсдаг. Миний гэр бүл гэж бодож явсан хүмүүс надаас урвасанд маш их эмзэглэдэг.

-Марихуан хэрэглэсэн эсэхийг чинь яаж тогтоосон юм бэ?

-Бидэнд ийм урхи бэлтгэж байгааг мэдсэн бол болгоомжтой хандах байсан. Шинжилгээ авах өрөөнд ёкозуна, озэки, сэкиваки, комүсүби гээд цолтой бөхчүүд орсны дараа залуу бөхчүүдийг оруулсан. Гэхдээ тэр шинжилгээнд ёкозуна, озэки цолтой бөхчүүд огт хамрагдаагүйг би мэдэж байгаа. Тэд өрөөнд орж, гарын үсэг зурчихаад л гарч ирсэн. Ингээд миний ээлж болж, шинжилгээ авах өрөөнд ороход надад шилэн сав өгсөн. Уг нь бол тэр олон савнаас хүн өөрөө аль хүссэнээ сонгох ёстой байдаг. Энэ тухай өмнө нь бөхчүүдэд хэлж байсан. Би үзэг авч, шилэн дээр нэрээ бичих гэхэд миний нэрийг аль хэдийнэ биччихсэн байсан. Рохогоос энэ талаар асуухад яг надаас шинжилгээ авсантай адил үйл явц болсон байсан. Намайг шинжилгээ өгч байхад хажуугийн өрөөнд Вакакирин байсан. Би түүнд, тэр надад шинжилгээнийхээ дээжийг харуулсан. Шилэн саванд байсан шингэний өнгө Вакакирины шинжилгээнд өгсөн шингэнээс арай тод байсан. Минийх гэсэн үг шүү дээ. Гэтэл яг энэ үеэр ояката Томозуна “Кокугикан” ордонд сэтгүүлчдийг аль хэдийнэ дуудчихсан байсан юм. Тэд Рохо бид хоёрыг марихуан хэрэглэсэн гэж сэтгүүлчдэд зарласан мөртлөө ояката Хидэноямад үүрэг өгч, биднийг тусгай өрөөнд цоожилчихсон. Ояката Томодзуна, Хидэнояма, Исэноуми нар биднийг Америкт байхдаа татсан гэж сэтгүүлчдэд хэлээрэй гэж тулгасан. Мэдээж бид нар хэрэглээгүй болохоор бүхнийг үгүйсгэсэн. Мариухан гэж ямар зүйл байдгийг ч мэдэхгүй гэж мэдүүлсэн. Харамсалтай нь, долоо хоногийн дараа тэд төлөвлөсөн ёсоор биднийг Америкт үзүүлэх тоглолтоор очих үедээ хар тамхи хэрэглэсэн болгож, нийтэд мэдээлсэн. Анх шинжилгээ авсан өдөр Вакакириныг хэдхэн минутын дараа аваад явсан бол Рохо бид хоёрыг цагдаагийнханд хүлээлгэж өгсөн. Цагдаа нар биднээс хэд хэдэн удаа шинжилгээ авахад юу ч илрээгүй шүү дээ. Ер нь бол Ваканохог баригдсаны дараа бидний өрөө тасалгаанд байнга нэгжлэг хийдэг болсон. Миний дуу хураагуурт цагдаа нарын яриа бичигдсэн байгаа. Тэд нар “Энэ сумогийн холбоо чинь юу болоод байна. Рохо, Хакурозан нарыг мансууруулах бодис хэрэглэсэн гэх ямар ч нотлох баримт алга. Ингэж дуулиан гаргах нь хэнд хэрэгтэй юм бол” гэж ярьж байсан. “Томозуна дэвжээг дэмжих нийгэмлэг”-ийн гишүүн гэж нөхөр надтай маш бүдүүлэг харьцаж байсан.
-Сэргээшийн шинжилгээ авч байхад ояката Китаноуми хаана байсан бэ?
-Тэр “Кокугикан” ордонд ирж заавар өгчихөөд явсан. Миний бодлоор бол Ваканохог хэрэгт холбогдсоны дараа цагдаагийн лабораторид биднээс шинжилгээ авах болно гэдгийг энэ аргыг сэдсэн хүмүүс мэдэж байсан. Бид ч мэдэж байсан. Маргааш нь шинжилгээ өгөх гэж байгаа хүн урд өдөр нь мариухан татаад явж байх уу. Эрүүл ухаанаар бодоход тэгэхгүй биз дээ.

-Та нарыг чухам хэн хорлохыг хүссэн юм бэ. Тодруулбал, Хакурозан, Рохо хоёрыг сумогоос явуулах нь хэний сонирхол байсан гэж та боддог вэ?

-Гол бай нь бид хоёр биш байсан. Миний багш, ояката Китаноумиг хорлох гэж энэ бүхнийг сэдсэн. Түүний дайснуудын гарт Ваканохо гэж нэг хөзөр нээгдсэн. Тэр хөзрийг ашиглаж, намайг болон Китануоми багшийг хорлосон. Муухай санаа өвөртөлсөн тэр хүмүүс бол ояката Томозуна, Исэноуми, Хидэнояма болон Токиогийн "Кэйо" их сургуулийн спортын эмнэлгийн төвийн профессор Сёхэй Ониши нар юм. Бид Токиогийн тойргийн шүүхэд тэдний эсрэг давж заалдах өргөдлөө хоёр дахь удаагаа өгөөд байгаа. Миний ойлгосноор бол тэд багшийг маань Сумо бөхийн холбооны ерөнхийлөгчийн суудлаас авч хаяж, өөрсдөө мөнгөний урсгалд нь хяналт тавих гэсэн хэрэг. Сумогийн холбоо гэдэг чинь маш баян газар шүү дээ. Китаноуми багшийн дэвжээ одоо Хакухогийн харьяалагддаг “Миягино” дэвжээтэй нийлэх талаар тухайн үед яригдаж байсан. Үүнд ояката Томозуна ихэд дургүйцдэг байсан.

-Багш нар чинь одоо холбоотой байгаа юу. Сэтгэл санаагаар дэмждэг үү?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ тэд нар холбооны эсрэг явж чадахгүй ээ. Ояката Китаноуми “Захирлуудын зөвлөл”-д үлдсэн ч түүнд эрх мэдэл бага байгаа шүү дээ. Ояката Китаноуми, Отакэ нар чадлаараа л бидний төлөө зүтгэсэн. Шинжилгээний дараа бид бүхнийг хэлсэн. Ойлгож байгаа. Китануоми багш өөрийнх нь өмнөөс намайг хэлмэгдсэнийг мэдээд дэвжээндээ хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзаад, өвдөг сөхрөн, уучлал гуйж байсан.

-Бусад багш нарын зүгээс одоо ямар хандлагатай байдаг вэ?

-Ояката Таканохана, Исузу, Сикорояма гээд багш нар сэтгэл санаагаар дэмждэг. Гэхдээ одоо удирдлага, эрх мэдэл өөр хүмүүсийн гарт байна. Сумо бөхийн холбооны ерөнхийлөгч, ояката Мусашигава бол түр зуурын хүн шүү дээ. Түүнд бид юм санадаггүй. Тэр удахгүй тэтгэвэртээ гарах болж байгаа байх. Исэноуми, Хидэнояма нар ч бас одоо 65 нас хүрч байна. Харин ояката Томозуна хуйвалдаанаа үргэлжлүүлэх байх.

-Сумогийн ертөнцөд мөр зэрэгцэн явж байсан найз нөхдийнхөө дэмжлэгийг авч байна уу?

-Мэдээж. Ялангуяа ёкозуна Хакухо надад их сайн ханддаг. Агуу бөх шүү дээ, би түүнийг маш их хүндэлдэг. Биднийг холбооноос хөөсний дараа Хакухо “Дараагийн удаа хэнийг хөөх гэж байна” гэсэн асуултыг Сумогийн холбоонд зоригтойгоор тавьж байсан. Бараг бүх бөхчүүд тэгэхэд шинжилгээний дүнг эсэргүүцэж гарын үсгээ зурсан. Харин холбооны шинэ удирдлага тэр бичгийг нь ураад хаячихсан. Тэр гарын үсэгтэй цаасны хуулбар нь харин байгаа л даа. Хакухо эхнэрийнхээ хамт манай эмэгтэй дүү, Рохо бид гурвыг гольф тоглохдоо урьж байсныг би мартдаггүй юм. Одоо хүртэл холбоотой байгаа. Амагийн хүсэлтээр /Шинэ нэрэнд нь нэг л сайн дасч өгөхгүй байгаа юм/ би “Ну Погоди”, “Бригада” киноны бүх бичлэгийг өгч явуулсан чинь маш их баярласан. Саяхан утсаар ярьсан. Ер нь тэгээд манай дэвжээний бөхчүүд хүнс, бэлэг сэлт явуулдаг даа.

-Японы мэргэжлийн сумо бөхийн холбоо та хоёрт 100 мянган ам.доллар нөхвөр болгож өгье гэсэн байсан. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Бид нар мөнгөний төлөө тэмцээгүй. Нэр төрөө сэргээх нь л миний зорилго. Сумогоос зодог тайлсныхаа дараа Москвад сумогийн сургууль байгуулж, шилдгүүдийг нь Япон руу явуулна гэдэг ч юм уу бид хоёр олон сайхан мөрөөдөлтэй байсан. Бид сайн барилдахыг хүсдэг, ард түмэнд сайхан барилаан үзүүлэхийг хичээдэг байсан. Одоо харин алдаа гаргаагүй гэдэг нэр төр маань л хэрэгтэй.

Ш.Самбуу, Б.Бадмаа /2009.1.22/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж