WikiLeaks: Медведев бол Бэтмэний туслах Робин

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

WikiLeaks: Медведев бол Бэтмэний туслах Робин

Ням гаригт "WikiLeaks" вэб сайтаас АНУ-ын төрийн гол байгууллагуудын нууц материалуудыг АНУ-ын "New York Times" болон Европын хэвлэл мэдээллийн дөрвөн  байгууллагад илгээсэн билээ. Эдгээрийн дунд ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев бол Ерөнхий сайд Владимир Путины туслах, нэг ёсондоо Бэтмэний туслах Робин гэж АНУ-ын нэгэн албан тушаалтан хэлж байсан мэдээлэл байжээ. Түүнчлэн Германы канцлер Ангела Меркелийг “эрсдлээс эмээгч, хааяа л бүтээлч байдаг нэгэн” гэж нэгэн дипломатч хэлж байсан байна. Мөн Ливийн тэргийн Муаммар Гаддафиг өөрийн сувилагч Украин бүсгүйтэй янаг амрагийн холбоотой байсан гэх мэт мэдээлэл ч байгаа аж.

Кибер халдлагад өртөж, маш олон нууц материал олон нийтэд цацагдаад байгаа нь Обамагийн засаглалд муугаар нөлөөлөх нь тодорхой болж байна. Цагаан ордны зүгээс энэ баримтуудыг задалсан нь АНУ-ын гадаад бодлого, сонирхолд хүчтэй нөлөөлж, дарангуй нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн амь насанд ч халтай байх талтай хэмээн хэлж байгаа юм. Мэдээлэл алдагсан гэдгийг өмнө нь мэдсэн АНУ-ын Засгийн газрын зүгээс ОХУ, Европын орнууд болон Ойрхи Дорнодын улсуудын тэргүүдтэй холбогдож, хохирлын хэмжээг бууруулах арга хэмжээ авсан юм.

“New York Times”-ын мэдээлснээр алдагдсан материалууд дунд:

–    Иран улс Европ хүрэх чадвартай, алсын тусгалт пуужин Хойд Солонгосоос худалдан авсан, АНУ-ын зүгээс Иран улс энэ пуужингуудаа ашиглаж, илүү алсын тусгалтай болгож өөрчлөх гэж байгаа гэж бодож байгаа,

–    2002 онд АНУ-ын зүгээс Далай ламтай уулзалт хийснээс хойш БНХАУ-ын мэргэжилтнүүд АНУ-ын Засгийн газар болон барууны орнуудын компьютерт нэвтэрсэн гэх,

–    Хойд Солонгос өөрийн эдийн засаг, улс төрийн байдлаас болж дотроосоо нуран унавал хоёр Солонгосыг нэгтгэх талаар АНУ болон Өмнөд Солонгосын албан тушаалтнуудын хооронд хийсэн яриа,

–    2007 оноос хойш АНУ-ын зүгээс Пакистаны уран баяжуулах хөтөлбөрийг зогсоохоор хичээж байгаа,

–    Йемений Ерөнхийлөгч Али Абдулла Салехтай Аль Каидагийн эсрэг цэргийн арга хэмжээ авах талаарх ярилцлага. Салех “Бид энэ тэсрэх бөмбөгийг танайх биш, манайх гэж хэлсээр байх болно” гэж хэлж байсан, үүний хариуд АНУ-ын элчин сайд Йемений зэвсэгт бүлэглэлүүд энэ халдлагыг хийсэн гэж парламентад худал хэлсэн гэдгээ тоглоом болгож хэлсэн,

–    АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон НҮБ-ынхныг тагнаж байхыг АНУ-ын албан тушаалтнуудад даалгасан,

–    Афганистаны Засгийн газар дахь авилгын асуудал, тус улсын албан тушаалтан гадаадад аялахдаа 50 сая ам.долларыг бэлнээр авч явж байсан,

–    ОХУ-ын Засгийн газар зохион байгуулалттай гэмт хэрэгт холбоотой байсан

–    Хятадын Засгийн газар дэлхийн компьютерүүд рүү хийж буй хакерын халдлагуудтай холбоотой байж болзошгүй гэх мэт мэдээлэл байгаа аж
Түүнчлэн авилга, хээл хахуулийн хэргийг нуун дарагдуулсан гэх мэдээлэл байгаа юм байна.

“WikiLeaks”-ээс гаргасан нууц материалын тоо нийт 251,288 ширхэг байгаа аж. Үүний 15,600 гаруйг нь маш нууц хэмээх тодотголтой юм. Ойрын хэдэн сарын турш энэ материалуудыг хэсэг хэсгээр нь дэлгэсээр байх болно гэж “WikiLeaks” хэлсэн байна. Хэрэглэгчид энэ материалуудыг үзэх боломжгүй болгохын тулд вэб сайт руу DDOS халдлага хийж байгаа юм байна.

“WikiLeaks” энэ жил мөн АНУ-ын Афганистанд хийж буй цэргийн талаар 70 мянга гаруй мэдээлэл, Иракт хийж буй ажиллагааны талаар аравдугаар сард 400 мянган орчим мэдээлэл цацсан билээ. Одоо үүнээс хоёр дахин илүү материал дэлгэхээр бэлдэж байгаа тухай ч хэрэглэгчдэд зарласан байна.
“WikiLeaks”-ын ерөнхий эрхлэгч Жулиан Ассангег нууц материалыг дэлгэх нь хууль бус зүйл хэмээн сануулаад байгаа юм.

Материалыг дэлгэх нь маш аюултай гэж АНУ-ын эрх баригчид мэдэгдэж байгаа аж.

Зурагт “WikiLeaks”-ын ерөнхий эрхлэгч Жулиан Ассангe

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж