Тэргүүлэгч өөрчлөгдсөн тойрог-15

Хуучирсан мэдээ: 2010.11.29-нд нийтлэгдсэн

Тэргүүлэгч өөрчлөгдсөн тойрог-15

Английн Премьер лигийн ээлжит тойргийн тоглолтууд амралтын өдрүүдээр амжилттай явагдаж өнгөрлөө. Энэ тойрог гоолын хуртай болж, 10 тоглолтод нийт 41 гоол орсон байна. Арван тавдугаар тойргийн эхний тоглолтыг “Арсенал”, “Астон Вилла” багууд хийсэн бөгөөд Вилла Парк цэнгэлдэхэд зургаан гоол оржээ. “Их буучид”-аас дөрвөн өөр тоглогч гоолдсон бол “Вилла”-гийн шинэ залуу тоглогч Киаран Кларк дубль хийсэн байна. Энэ нь түүний мэргэжлийн төвшин дэх анхны гоол болсон аж.

Рийбок цэнгэлдэхдээ хожигдох дургүй Овэн Койлоор удирдуулсан “Болтон”-гийн учраа нь зочлон тоглолтдоо сайн байгаа лигийн шинэ цэргүүд болох “Блэкпуль” байсан. “Улбар шарууд” эхэлж хоёр гоол хийн талбайн эздийг хүнд байдалд оруулсан ч Кэвин Дэвисээр ахлуулсан талбайн эзэд нөхөж, хоёр гоол оруулснаар тэнцээ авч чадсан байна.

Харин “Эвэртон” талбайдаа “Уэст Бромвич Албион”-ыг баралгүй дөрөв нэгдүүлсэн бол “Фулхэм – Бирмингэм”, “Стөүк – Манчэстэр Сити”-гийн тулаанууд эвийн гэрээгээр өндөрлөжээ. Лигийн сүүл мушгигч “Уэст Хэм” “Уиган Атлетик”-ийг 3:1-ээр хожсон ч сүүлийн байранд бичигдсэн хэвээр байна. “Вулверхэмптон” “Сандэрланд”-ыг хожсон ч “Уэст Хэм”-ийн адил сүүл мушгиж явна.

“Манчестер Юнайтед” “Мөрөөдлийн театр”-таа “Блэкбурн”-ыг хүлээн авч, тоглон мөрөөдлийн мэт тоглолтыг үзүүлжээ. Тэр дундаа Болгар довтлогч Димитар Бербатов таван гоол оруулж, баг нь Аллердайсын залуусыг 7:1 харьцаатай бут ниргэсэн байна. Английн хөлбөмбөгийн лиг 1992 онд нэрээ өөрчлөн, өнөөгийн өнгө аясаа олсон. Премьер лигийн түүхэнд түүнээс өмнө Энди Коул, Алан Ширер, Жермэйн Дефо нар л нэг тоглолтонд таван гоол оруулж байжээ. Ингэснээр тэрбээр 11 гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг итгэл төгс тэргүүлж эхэллээ. Мөн баг нь Премьер лигийг тэргүүлж эхэлжээ.

Энэ тойргийн гал манарсан тоглолтууд ням гаригт болсон бөгөөд “Ньюкастл” аваргуудыг талбайдаа хүлээн аван тоглосон. Сэйнт Жэймс Парктаа Английн ирээдүй гэгдээд байгаа Энди Карролл гоол хийсэн бол “Цэнхрүүд”-ийн тэнцээг Саломон Калу авчирсан байна. Калугийн ачаар 11 жилийн багийн түүхэндээ анх удаагаа гурвав дараалан хожигдох аюулаас мултарсан аж.

Английн шилдэг дөрөв, цаашлаад аварга болох зорилготой тоглож байгаа “Тоттенхэм” өөрийн талбайдаа ахлагчгүй “Ливерпуль”-ийг хүлээн авч тоглосон. Вайт Харт Лэйнийн эздийн гол найруулагч нь болоод байгаа Рафайл ван дэр Ваарт 11 дэх минутанд шагайндаа гэмтэл авч, талбайг орхисон бөгөөд түүний оронд талбайд гарсан Дефо торгуулийн цохилтоо алдан хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалсан. “Ливерпуль”-ийн хамгаалагч Мартин Шкртэл хоёр гоол хийсэн ч нэг нь өөрийнх нь хаалганд орсон байна. Тоглолтын хувь заяаг Аарон Леннон 90 дэх минутанд шийдэж, өөрийн тоглолтын хэв маягийг бүрэн харуулан багтаа хожил авчирсан байна. Ингэснээр тэд тавдугаар байраа хадгалж үлджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж